Түймрийн улирал дуустал шалгалт үргэлжилнэ
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас энэ сарын 15-17-нд явуулсан хяналт шалгалтаар Нүхт болон Түрэгийн амнаас нийт 48 автомашин бүхий 300 орчим самарчдыг албадан буулгажээ. Түүнчлэн энэ сарын 10-даар Нүхтийн аманд самарчдын буруутай үйл ажиллагааны уршгаар гарсан түймэр 0.5 га газрыг хамарсан байна. Тиймээс Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа эрчимжүүлсэн хяналт шалгалтаа арваннэгдүгээр сарын 15-ныг хүртэл явуулахаар болжээ. Мөн дархан цаазат бүсэд нэвтрэх постыг цаашид байнга ажиллуулах юм байна. Энэ талаар тус байгууллагын мэргэжилтэн Д.Бандиас зарим зүйлийг тодрууллаа.
-Байнгын постуудыг хаана байрлуулж байгаа вэ?
-Богдхан уулын Төр хурах, Зайсан, Түргэн, Манзушир, Жаргалант зэрэг томоохон аманд хяналт шалгалтын байнгын постууд ажиллуулахаар болсон. Явган аялал хийж байгаа болон амрагчид нэвтрэхдээ 300 төгрөг төлөөд аяллаа үргэлжлүүлэх боломжтой.
-Богдхан уулаас самар түүж байгаа хүн олон байгаа талаар мэдээлэл цацагдсан. Танайх ямар зөрчил илрүүлсэн бэ?
-Богдхан уулыг бүхэлд нь хамарсан нийт 22 аманд 23 байгаль хамгаалагч ажиллаж байна. Үүнээс гадна байгаль орчны улсын хяналтын байцаагчид, цагдаагийн байгууллага, ОБЕГ-ын мэрãýжилтнүүдтэй хамтран эрчимжсэн шалгалт явуулж эхэлсэн. Самарчид ихэвчлэн шөнийн цагаар машинтайгаа ууланд гардаг тул оройноос эхлээд үүрийн 04.00 цаг хүртэл шалгалт хийж, албадан буулгасан. Заримд нь захиргааны арга хэмжээ авсан. Мөн портер машинд их хэмжээний самар ачиж яваад баригдсан хуулийн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.
-Хууль бусаар самар түүхэд ямар хариуцлага тооцдог вэ?
-Богдхан уулын хуш моднууд хамгаалалтын бүсдээ оршдог тул самар түүх зөвшөөрөл өгдөггүй. Самар түүж яваад баригдвал Ойн тухай хуулиар иргэнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10, аж ахуйн нэгжид 25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулдаг. Харин бага хэмжээгээр буюу нэг шуудай боргоцой түүсэн этгээдэд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасны дагуу торгуулийг арай бага тогтоодог.
-Самарчдын зүй бус үйлдлийн улмаас байгальд ямар хохирол учирч байна вэ?
-Самар түүхээр явж буй машинуудыг нэгжихэд дотроос нь шуудай, хөрөө, сүх, самар цайруулагч зэрэг багаж хэрэгслүүд гарч ирдэг. Гэхдээ сүүлийн үед туулах чадвар сайтай машинтай болсон тул заавал уулын амаар гэлтгүй хаагуур ч хамаагүй явдаг болжээ. Ингэснээр ууланд олон салаа зам гаргаж байна. Мөн болц нь гүйцээгүй байхад хуш модыг хүчтэй мунаар цохьдогоос гол иш нь гэмтэж, бөөрөндөө холтосгүй моднууд маш их болсон. Түүнчлэн бөөнөөрөө отоглон буудаллахдаа их хэмжээний хог хаяж, ургамал талхалж, орой үдэш согтууруулах ундаа хэрэглэн орилж хашгирснаас зэрлэг амьтад дайжихад хүрч байна. Сууж амрах боломжгүйгээр бие засаж байгаа нь байгаль орчны хувьд ихээхэн хохирол учруулж байна.
-Эрчимжүүлсэн шалгалтаа түймрийн улирал дуустал үргэлжлүүлнэ гэсэн үү?
-Тийм ээ. Хэдийгээр хур бороо орж байгаа ч ой мод хангалттай чийггүй, өвс ургамал нь өндөр ургасан тул иргэдийн санаатай болон санамсаргүй үйлдлийн улмаас ойн түймэр гарах эрсдэл өндөр байна. Бид сүүлд явуулсан хяналт шалгалтаар захиргааны арга хэмжээ аваад, хууль журмынх нь талаар мэдээлэл өгч, албадан буулгаад өнгөрсөн. Харин одоо хяналт шалгалтаа улам чангатгана. Тиймээс иргэд самар түүхээр бол хуулийн хугацаагаа баримтлахыг анхааруулмаар байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй