“Facebook”-ийн үндсэн апп 166.1 сая удаа татагджээ

Мэдээ

Дэлхий даяар ухаалаг гар утас хэрэглэгчдийн хамгийн их татаж авсан таван апп-ийн дөрөв нь “Facebook”-ийн өмчийн аппликейшнүүд байжээ. Энэ оны II улирлын байдлаар “iOS” болон “Android” үйлдлийн системд зориулан хамгийн их татсан аппликейшнүүдийн жагсаалтыг "Sensor Tower" агентлаг тооцсон байна. Уг жагсаалтыг Марк Закербергийн эхлүүлсэн “Facebook” нийгмийн сүлжээний үндсэн апп 166.1 сая таталттайгаар тэргүүлжээ. Тус үйлчилгээний “Messenger” апп 145.2 сая таталттайгаар удаалсан бол “Facebook”-ийн 2014 онд худалдан авсан гар утасны мессенжерийн “WhatsApp” апп-ийг 141.5 сая төхөөрөмжид шинээр татан суулгажээ. Шилдэг тавд багтсан, “Facebook”-ийн биш апп байгаа нь 82 сая таталттай “Snapchat” апп байсан аж. “Facebook” “Snapchat”-ийг гурван тэрбум ам.доллараар худалдан авах санал тавьж байсан ч тус компани татгалзаж байсан юм.

Өнгөрсөн оны мөн үед ч “Facebook” компани аппликейшний зах зээлийг тэргүүлсэн хэвээр байжээ. Хамгийн олон таталттай таван апп-ийн эхний дөрөвт “Messenger”, “WhatsApp”, “Facebook”, “Instagram” бичигдэж байсан бол тавдугаарт түр санах ойг чөлөөлөх зэрэг зорилгоор ашигладаг “Clean Master” апп өмнөх апп-аасаа бараг 30 хувиар цөөн буюу 53 сая таталттайгаар жагсаж байжээ. Нийгмийн сүлжээний “Twitter” апп-ийг 2015 оны II улиралд 29.5 сая ширхэг төхөөрөмжид шинээр татан суулгаж байсан бол өнгөрсөн улиралд “Twitter” хамгийн олон таталттай 20 апп-ийн тоонд багтаж чадаагүй байна.



САНАЛ БОЛГОХ