"Ипотекийн зээлийг зогсоох нь буруу"

Ярилцлага

УИХ-ын гишүүн, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга З.Нарантуяатай уулзан 2016 оны төсвийн тодотголын талаар зарим зүйлийг тодрууллаа.

-УИХ-ын чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэж эхэллээ. Засгийн газрын оруулж ирсэн төсөлд ямар дүгнэлт хийж байна вэ?

-Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгааг хаана, хаанаа мэдэж байгаа. Хамгийн гол нь ард түмний нуруун дээр ачаа нэмэхгүйгээр хүндрэлийг давах гарц олохын тулд эрх барьж байгаа олонх, сөрөг хүчин хамтарч ажиллах хэрэгтэй. Засгийн газраас оруулж ирсэн төсвийн тодотголыг харахад өмнө нь хэрэгжүүлж байсан, иргэдийн хүлээж байсан шийдвэрүүдийг өөрчлөхөөр харагдаж байна. Ингэж иргэд, аж ахуйн нэгжүүдийн одоо байгаа нөхцөлөөс нь илүү хүндрүүлэх арга замаар шийдэх шаардлага байна уу гэдэгт бид судалгаа хийнэ, байр сууриа илэрхийлнэ.

-Ипотекийн зээлийн хөтөлбөрийг зогсоож байж эдийн засгийн хүндрэлээс гарна гэж эдийн засагчид хэлэх боллоо. Олонхийн бүлгийн зарим гишүүн ч ийм санааг илэрхийлж эхэлсэн. Үүнд та ямар байр суурьтай байна?

-Хүмүүс өөр өөрийн байр суурийг л илэрхийлж байгаа байх. Миний бодлоор ипотекийн зээлийг зогсоох нь буруу. Яагаад гэвэл энэ хөтөлбөр зөвхөн банк, иргэн хоорондын орон сууцны зээл гэхээс илүү бодит сектор, тэр тусмаа барилгын салбараа дэмжсэн хэлбэр юм. Үүний хэмжээ их байна уу, үгүй юу гэдэг дараа нь ярих асуудал. Хамгийн гол нь ипотекийн зээл манай эдийн засагт дарамт болж байгаа зүйл биш. Харин ч эсрэгээрээ эдийн засгийнхаа уналтыг сааруулсан хөтөлбөр гэдэгт одоо ч итгэлтэй байна.

Иргэд , аж ахуйн нэгжийг одоо байгаа нөхцөлийг хүндрүүлж шийдэх нь буруу

-Та төсвийн хяналтын дэд хорооны дарга. Төсвийн тодотголыг харж байхад зарлага талдаа хамгийн түрүүнд аль хэсгийг нь хэмнэж болохоор байгаа вэ?

-Улс орны эдийн засагт төсвөө зөв зарцуулъя гэвэл олдог орлогоо нэмэгдүүлж, зардлаа хамгийн чухал, хэрэгцээтэй хэсэгт нь эрэмбэлж зарцуулдаг байх хэрэгтэй. Одоо бол тэвчиж болох зардал юу байна гэдгийг харах хэрэгтэй. Ерөнхийд нь харахад орлогоо нэмэгдүүлэх хамгийн хялбар арга болох аж ахуйн нэгж, иргэдийн татварыг, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхээс эрх баригчид ажлаа эхэлсэн байна. Гэтэл нөгөө талдаа дэд сайдын орон тоо, төрийн албаны давхардал хийдлийг арилгах зэрэг санал орж ирэв үү гэдгийг анхаарч харна. Энэ мэт суурь шалтгаанаа арилгахын оронд зүгээр л иргэд, аж ахуйн нэгжийн нуруун дээр илүү дарамт өгч байгаа нь буруу юм. Төсвийн шинэчлэл гэж үүнийг хэлэхгүй.

САНАЛ БОЛГОХ