“Зайдасны найр”

Кино

Хүүхэдтэй хамт үзэх аргагүй хүүхэлдэйн кино нэгээр нэмэгдлээ

Хүүхдийн “алаг эрээн боодол”- той ч насанд хүрэгчдэд зориулсан “Sausage Party” буюу “Зайдасны найр” киноны үйл явдал ер бусын. Гол баатрууд нь хүмүүс бус зайдас, зөөлөн талх, гамбир зэрэг хүнс. Дэлгүүр, мухлагийн лангуунаа өөрийг нь худалдан авах эзнээ хүлээх төрөл бүрийн зайдас, хиам болгон өөрийн гэсэн өвөрмөц амьдралтай. Худалдан авагчийн нүдэнд өртөхийн төлөө яахаас ч үл буцах зайдаснууд хэнийг нь түрүүлж худалдан авахыг шалгаруулах тэмцээн зохион байгуулж, зар сурталчилгаа хүртэл хийнэ. Энэ бүхний шалтгаан нь дэлгүүрийн уйтгарт лангуун дээрээс зарагдсан зайдсыг гэрэлт сайхан ирээдүй хүлээж байдаг тухай домог.

Хэрэг дээрээ дэлгүүрийн хаалганаас цаадах ертөнц юу л бол гэсэн бодолтой нэгэн байсан ч гич мэтийн үгэнд итгэх хэн л гараа аж. Гэвч зөөлөн талх Брэндатай хамт жаргалант амьдралаа зохиох гэж байсан австри зайдас Фрэнк аймшигт үнэнийг олж мэдсэн цагаас хойш баатрууд хэрчүүлж үхээгүй дээрээ дэлгүүрээс зугтах минь гэсэн бодолтой болцгооно. Ийнхүү зайлшгүй дайрах хувь тавилангаа сөрөх зайдаснууд түмэн бэрхийг туулцгаана.

Уг кино нь "Pixar"-ын хүүхэлдэйн киноны элэглэл
Киноны үйл явдал товчхондоо энэ. Pixar Animation-ы өхөөрдөм баатруудыг насанд хүрэгчдийн бүсэлхийнээс доошх эрээгүй яриатай хутгаж орхивол чухамхүү “Зайдасны найр” болно. Англи хэлний бүх хараалыг “Новш” гэсэн ганц үгээр орлуулдаг монгол орчуулгатай үзвэл баатруудын бүдүүлэг марзагнал ойлгогдохгүй өнгөрөхөөр. Стивен Хокингийг зажилчихсан бохиор дүрсэлсэн энэхүү кинонд жудагтай хүний нүүр улайм эвгүй хэсэг цөөнгүй. Найруулагч Грег Тирнан, Конрад Вернон нарын бүтээл уг киноны баатруудын яриа нь шашин шүтлэг, үндэс угсаа зэрэг нийгмийн асуудлыг дайрч давшилсан шинжтэй. Зайдас-Фрэнк дэлгүүрийн гадна болж буй аймшигт үнэнийг бусдадаа ойлгуулмагц нийтийн итгэл үнэмшил хормын дотор сүйрнэ. Итгэж найдах зүйлгүй бол амьдрах утгагүй учраас бодит гарцаагүй үнэнтэй нүүр тулгараад байхдаа ч баатрууд сохор итгэл үнэмшилдээ хөтлөгдсөөр. Цаашдын өрнөлийг уншигч эрхэмд үлдээе.

АНУ-д гуравдугаар сард, бусад улсад наймдугаар сараас дэлгэцнээ гарч ирсэн энэхүү инээдмийн хүүхэлдэйн кино өрнөдийн кино ертөнцөд өндөр үнэлгээтэй ч ёс суртахууны нарийн дэг жаяг сахидаг Ази зэрэг бүс нутгийн үзэгчдийн ширүүн шүүмжлэлтэй тулгараад байгаа юм. Юутай ч хүүхэдтэй хамт үзэх аргагүй чухамхүү насанд хүрэгчдэд зориулсан хүүхэлдэйн кино нэгээр нэмэгдлээ.


САНАЛ БОЛГОХ