Дэлхийн банкнаас хөгжлийн зээл авах хүсэлт тавив

Засгийн газар

Монгол Улсын эдийн засагт тулгараад буй хүндрэлийг даван туулах, төлбөрийн тэнцэл, төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор Дэлхийн банкнаас Хөгжлийн бодлогын зээл авах хүсэлтэй байгаагаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тус банкны Гүйцэтгэх захирал Хэнам Чойтой уулзах үеэрээ хэлжээ.

Тэрбээр “Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байна. Төсвийн алдагдлыг бууруулахын тулд зардлыг танаж, тэвчиж болох зардлыг багасгаж төсвийн орлогыг нэмэгдүүлэх бодлого болон бусад арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Өнөөгийн тулгарч байгаа эдийн засгийн хүндрэлт байдлыг богино хугацаанд даван туулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газар олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна.

Үүний дотор Дэлхийн банк дорвитой хувь нэмэр оруулж, бодлогын зөвлөгөө өгч дэмжиж ажиллана гэдэгт найдаж байна” гэсэн юм. Монгол Улсад хэрэгжүүлэх боломж, ирээдүйтэй олон төсөл байгаа боловч хөрөнгө оруулагчид банк, санхүүгийн байгууллагын шаардлагад нийцсэн ТЭЗҮ бүхий төсөл цөөн байгаа аж. Тиймээс томоохон төслийн ТЭЗҮ-г олон улсын шаардлага хангасан, өндөр түвшинд боловсруулах үйл ажиллагаанд дэмжлэг хүссэн юм.

Харин Хэнам Чой хөгжлийн зээл авах Ерөнхий сайдын хүсэлтийг Дэлхийн банкны захирлуудын зөвлөлд танилцуулж, тусламж дэмжлэг үзүүлж ажиллана гэдгээ хэлсэн байна.

САНАЛ БОЛГОХ