Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулагчдын хандлага эерэг байна

Ярилцлага

Нарны эрчим хүчний төслүүдийн нийт хүчин чадал 170 мегаватт

Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Д.Чимэддоржтой ярилцав. Тэрбээр эрчим хүчний салбарт хөрөнгө оруулахад хамгийн тохиромжтой үе нь одоо болохыг онцоллоо.

-Эрчим хүчинд хөрөнгө оруулах хамгийн тохиромжтой үе нь яг одоо болохыг шинжээчид хэлэх юм. Та үүнтэй санал нийлэх үү?

-Санал нийлнэ. Алс, ирээдүйгээ бодвол хамгийн тохиромжтой үе нь одоо. Учир нь эрчим хүчний эрэлт харьцангуй сул байна. Энэ үед төслийн судалгаагаа хийж, Засгийн газар, хөрөнгө оруулагчидтай тохиролцон, ажлаа эхлүүлж чадвал эдийн засаг сэргэж, эрчим хүчний эрэлт тэлэх үед түгээхэд бэлэн болно. Яагаад гэвэл энэ чиглэлийн төслүүдийн бэлтгэл, бүтээн байгуулалт урт хугацаа шаарддаг. Багаар бодоход 5-10 жилийн хичээл, зүтгэл хэрэгтэй.

-Манай сэргээгдэх эрчим хүчний салбарт одоогоор хэдэн төсөл хэрэгжиж байна вэ?

-Хэдийнэ урагшилсан нарны эрчим хүчний хоёр ч төсөл бий. “Everyday Farm” болон “Solar Power” компани хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, “Solar Power” компани Дарханы ойролцоох нарны цахилгаан станцын төслөө эхлүүлсэн. Барилгын ажил нь үргэлжилж байна. Үүнээс гадна хэлэлцээний шатандаа яваа нарны 10, салхины эрчим хүчний 8-9 төсөл бий. Нарны эрчим хүчний төслүүдийн нийт хүчин чадал 170 мегаватт. Салхиных 500 орчим мегаваттад хүрээд байгаа. Ингэснээр сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн хүчин чадлын нийлбэр нь бараг 700 орчим мегаваттад дөхөх төлөвтэй. Гэхдээ эдгээр төсөл маргааш эсвэл богино хугацаанд хэрэгжээд, үр өгөөжөө өгөхгүй. Төсөл санаачилж, зөвшөөрөл авах нь нэг хэрэг.

Харин эдийн засгийн тооцоо, судалгаагаа нарийн хийх, гэрээний нөхцөл шаардлагыг биелүүлэх, санхүүжилт татах, барьж, ашиглалтад оруулах нь үүнээс өөр. Тиймээс зах зээлийн нөхцөл байдлаа сайтар судлах учиртай. Одоогоор бүрэн хэмжээний судалгаа хийсэн төсөл цөөн байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагч, банк санхүүгийн байгууллагын шаардлага хангасан төсөл тун ховор. Иймд зах зээлийн орчноо сайтар судалж, арилжааны шинжтэй төсөл техник эдийн засгийн үндэслэл боловсруулах хэрэгтэй байна.

Хэлэлцээрийн шатандаа яваа нарны 10, салхины эрчим хүчний 8-9 төсөл бий

-Уул уурхай, үйлдвэрлэл саарснаар манай эрчим хүчний эрэлт удааширч байна. Энэ нь сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Сэргээгдэх эрчим хүчний эрх зүйн орчин бүрдсэн. Энэ төрлийн эрчим хүчинд зориулсан тусгай хуультай болсон. Мөн дэмжих тарифыг ч мөрдөж эхлээд байна. Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл сэргэх эрх зүйн орчин бүрэн бүрдсэн. Гэхдээ үйлдвэрлэсэн эрчим хүчийг нь худалдан авах хэрэглээ хязгаарлагдмал хэвээр байна. Эдийн засгийн өсөлт саарч, эрчим хүчний хэрэглээ удааширсан. ДНБ-ий өсөлт өндөр байсан 2011, 2012 онд манай улсын цахилгааны хэрэглээ жилд багадаа тав, дунджаар ес, арван хувиар өсдөг байлаа. Өөрөөр хэлбэл, 80-100 мегаваттаар гэсэн үг. Гэтэл одоо саарсан. Сүүлийн жилүүдэд нэг, хоёр хувиар тэлж байна. Иймд бид дахин хэрэглээний төлөв, прогноз гаргах нь чухал байна. Манай улсын эрчим хүчний хэрэглээг өмнө нь тооцож байсан. Гэхдээ одоогийн хэрэглээ нь тэр прогнозын хамгийн доод түвшнээс ч доогуур байгаа. Иймд хэрэглээний төлөвөө дахин тооцохоор Азийн хөгжлийн банктай хамтран ажиллахаар хэлэлцэж байна. Энэ нь эрчим хүчний төсөл хэрэгжүүлэгч, хөрөнгө оруулагчдад ч нэн шаардлагатай.

-Дотоодын эрчим хүчний хэрэглээ сул байгаа нөхцөлд хилийн чанадад экспортлох боломж бий. Үүний тулд өндөр хүчин чадлын цахилгаан станц барих шаардлагатай. Энэ чиглэлд ямар ажил хийж байна вэ?

-Том чадлын станц, шугам сүлжээ барихын тулд Монгол, БНХАУ харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Эрчим хүч экспортлохын тулд өндөр хүчин чадалтай эрчим хүчний шугам байгуулахаар хэлэлцэж байгаа. Манай тал “Азийн супер сүлжээ”-г санал болгож байгаа. Хятадын тал ч дэлхийг хамарсан эрчим хүчний сүлжээ байгуулах санаачилга гаргасан. Экспортын чиг баримжаатай, том чадлын цахилгаан станцын таван төсөл яригдаж байгаа. Шивээ-Овоогийн нүүрсний уурхайд түшиглэн барих цахилгаан станц нь үүний нэг. Мөн экспортлохын тулд шугам сүлжээ байгуулах хэрэгтэй. Түгээх шугамгүй бол энэ чиглэлийн ажил үр дүнгүй.

Сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн нийт хүчин чадал 700 орчим мегаватт

-Олон улсын банк, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчид сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах сонирхолтой болж байна. Энэ эерэг хандлагыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Хөрөнгө оруулагчид шаардлагаа өөрчилж байна. Тэд ашиг, өгөөжөөс гадна байгальд ээлтэй төслүүдэд хөрөнгө оруулах сонирхолтой болж. Энэ мэдээж, эерэг зүйл. Нөгөө талаас, манай хэрэглээ аажим боловч тасралтгүй өсөж байгаа. Одоогоор Дорнод аймгийн дулааны цахилгаан станцыг өргөтгөх ажил ид яригдаж байна. Учир нь тус аймгийн цахилгаан станцын хүчин чадал 36 мегаватт. Гэтэл хүлээгдэж буй хэрэглээ нь 90 мегаватт. Газрын тосны төсөл, хөтөлбөрүүдээс үүдэн тус аймгийн хэрэглээ тэлнэ. Иймд өргөтгөх ажлыг яаралтай эхлүүлэх шаардлагатай. Мөн Улаанбаатар хотын эрчим хүчий хэрэглээ ойрын хугацаанд 250-300 мегаваттаар тэлэх төлөвтэй. Иймд энэ хэрэгцээг хангахын тулд ДЦС V-ыг шинээр байгуулахаар төлөвлөж байгаа. Мөн үүнтэй зэрэгцэн ДЦС III-ыг 250 мегаваттаар өргөтгөх шийдвэрт хүрээд байна. Учир нь ДЦС III- ын эрчим хүч түгээх дэд бүтэц бэлэн байгаа. Шинээр станц барьж, түүнийхээ дэд бүтцийг давхар шийдэхээс гадна одоо ажиллаж буй станцаа өргөтгөн, бэлэн дэд бүтцийг нь ашиглан, эрчим хүчээ шуурхай түгээх бодлогыг давхар баримталж байна.

-Манай улсын эрчим хүчний хэрэглээ саарсан. Дэлхийн эдийн засгийн өсөлт сайнгүй байна. Энэ нь сэргээгдэх эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтад нөлөөлсөн үү?

-Эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгаа ч манай улсын сэргээгдэх эрчим хүчний салбарын эрх зүйн орчин сайжирсан. Хөрөнгө оруулагчдад таатай болсон. Тиймээс хөрөнгө оруулагчдын хандлага эерэг байна. Дээр өгүүлсэн цөөнгүй төсөл үүний баталгаа болов уу.

САНАЛ БОЛГОХ