Хонжворт сугалааны бизнес дотоодод хэрхэн хөгжиж байна вэ

Мэдээ

Монгол Улсын хэмжээнд эд мөнгөний хонжворт сугалааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй найман аж ахуйн нэгж байгааг Сангийн яамнаас мэдээллээ. Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийг үндэслээд энэ төрлийн бизнес эрхлэх эрх зүйн орчин дотоодод бүрдсэнээс гадна бизнес хөгжих зах зээлийн бодит хэрэгцээ, шаардлага байгааг “Лоттери Де Ла Монголи” компанийн захирал Д.Мөнхцэцэг онцолсон юм. Өөрөөр хэлбэл хонжворт сугалааны төрлүүдийг Монголд хуулийн дагуу хөгжүүлэх боломжтой аж. Түүнчлэн энэ төрлийн бизнес эрхлэх гэж байгаа бол эхлэх хөрөнгө оруулалт нэлээд өндөр байх шаардлага тавигддаг байна. Дараа нь хөрөнгө оруулалтаа зах зээлд бүтээгдэхүүн-үйлчилгээ болгон нөхөж ашиг олоход наад зах нь хоёр жил шаарддаг ажээ. Дотоодын зах зээлд хонжворт сугалааны бизнесийг жинхэнэ утгаар нь хөгжүүлж явуулдаггүйгээс хууль зөрчих явдал гарч байгааг “Лоттери Де Ла Монголи” компанийн удирдлага онцлов.

Мөн энэ бизнес нь өөрийн гэсэн онцлог давуу талтай, бусад салбартай харьцуулахад томоохон үйлдвэрлэл гэж хэлж болохоор байна. Хонжворт сугалааны бизнес эрхэлдэг компаниуд дэлхийн 200 оронд улс бүрт нэг, харин том бүс нутагтай улсад хоёр байдаг. Улмаар тухайн улс орон, бүс нутгийн нийгмийн арга хэмжээ болон урлаг, соёлын төслийг тодорхой хэмжээгээр санхүүжүүлэх зорилготой байдаг аж. Улсын хэмжээнд эд мөнгөний хонжворт сугалааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй найман аж ахуйн нэгж байгаагаас Монголын Үндэсний лотерей нь 2011 оноос идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Тус лотерейн хувьд гурван төрлийн хонжворт сугалаа санал болгодог. Үүнд 50, 120 сая болон 500 төгрөг ба түүнээс дээш бооцоо тавьж бооцоогоо 500, 1000, 2000 дахин үржүүлж авах боломжтой. Өнгөрсөн хугацаанд Монголын Үндэсний лотерейгоос хамгийн дээд тал нь нэг сая 500 мянган төгрөгийн мөнгөн хонжворын эзэн тодорчээ.



САНАЛ БОЛГОХ