Арилжааны банкууд нэгдэн "Актив удирдлагын компани" байгуулав

Мэдээ

Дотоодын арилжааны 10 банк нэгдэн "Актив удирдлагын компани" байгуулсан байна. "Актив удирдлагын компани" байгуулах асуудал харьцангуй шинэ ойлголт болж байгаа бөгөөд тус компани банкуудаас эргэн төлөх боломжгүй болсон муу зээлийг тодорхой хэмжээнд үнэ бууруулж худалдаж авах ажээ. Энэ тохиолдолд банк муу зээлийн нийт үнийн дүн болон худалдсан үнийн зөрүү болох бага хэмжээний алдагдлаа хүлээх бол актив удирдлагын компани муу зээлийг эргэн төлүүлэх бүх асуудлыг хариуцан ажиллах юм байна. Долдугаар сарын мэдээгээр банкны системд 11.8 их наяд төгрөгийн зээл байгаагаас 817 тэрбум нь чанаргүй зээл, 273 тэрбум орчим нь муу зээл ангилалд, 8127 зээлдэгчийн муу зээл байна. Энэ оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлд санхүүгийн салбарын активын удирдлагын бүтцийг төрөлжүүлж, зээлийг хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх ажлыг эхлүүлэхээр тусгасан юм. Хоёрдогч зах зээлд активыг үр ашигтай, мэргэжлийн түвшинд удирдах зохицуулалтыг бий болгосноор чанаргүй активаас үүсэх зардлыг оновчтой бууруулах, системийн шинжтэй эрсдэлээс сэргийлж чадна гэж үзэж байна. Одоогоор Азийн орнуудаас зөвхөн Монгол Улс активын удирдлагын чиглэлээр мэргэшсэн үйл ажиллагаа явуулахгүй байгааг Төв банк тайландаа онцолжээ.



САНАЛ БОЛГОХ