Хэрэглэгчийн тооцоо үйлдвэрлэгчийнхээс зөрдөгийн учир
Авто зах зээл
Үйлдвэрлэгчид өөрийн үзэмжид тохируулан тест явуулах боломж удахгүй хүнд болно
Техникийн баримт бичгээрээ бол унаж байгаа авто машин маань 100 километрт дундажаар 7.8 литр шатахуун зарцуулдаг. Гэтэл амьдрал дээр үүнээс бараг хоёр дахин их “идэх”- ийн учир юу вэ гэсэн асуулт автомашин хэрэглэгчдийн дунд элбэг. Европын холбооны төрийн бус Transport and Environment байгууллагаас 2015 онд явуулсан судалгаагаар автомашины техникийн баримт бичигт заалттай зарим ЗГМ: Инфо график Хэрэглэгчийн тооцоо үйлдвэрлэгчийнхээс зөрдөгийн учир үзүүлэлт бодит нөхцөлд туршсан үзүүлэлтээс дундажаар 40 хувиар зөрж байгааг тогтоосон. Уг үзүүлэлтэд шатахуун зарцуулалт, утааны ялгарлын хэмжээ багтсан юм. Судалгааг дэлхийн голлох авто үйлдвэрлэгчдийн 600 мянган автомашинд хийсэн тестийн дүнд тулгуурлан гаргажээ.
Шатахуун зарцуулалт, утааны ялгарал яагаад ийм их зөрөөтэй байна вэ? Дэлхийд автомашины шатахуун зарцуулалт, утааны ялгарлыг тодорхойлоход ашигладаг Европын NEDC, АНУ-ын FTP-75, Японы JC08 гэсэн ялгаатай гурван өөр аргачлал хэрэглэдэг.
Европ арга – NEDC
Тест ойролцоогоор 20 минут үргэлжилнэ. Нийт хугацааны дөрөвний гуравт нь автомашиныг янз бүр давтамжтай хурд авахуулж, тоормозлож туршина. Мөн тогтмол хурдтай хэсэг яваад хөдөлгүүр унтраалттай түр зогсооно. “Хотын” горимд дөрөв орчим километр, шулуун замаар долоо орчим километр давхина. Дээд хурд – 120 км/ цаг, дундаж хурд 33.6 км/цаг. Туршилтын ихэнх хэсэг мотор бүрэн халж амжаагүй үед болдог.
Тестийн гол сул тал нь хурд авалт бодит нөхцөлд үл нийцэх удаан. Ердөө 50 км/цагийн хурд авахад 26 секунд зарцуулна. Туршилтын үеэр кондиоценер салгаастай.
Америк арга – FTP-75
Турших хугацаа урт бөгөөд 30 минут үргэлжилнэ. Нийт 18 километр орчим замд европ тестээс илүү шахуу давтамжтайгаар хурдлуулж, тоормозлон, зогсоож туршина. Тогтмол хурдаар шалгадаггүй. Дундаж хурд 34.1 км/цаг, үнэмлэхүй хурд 91.3 км/цаг. Туршилтын үеэр кондиционер асаалттай байх ёстой. Мотор бүрэн халсан үед хэмжилт хийдэг тул шатахуун зарцуулалт, утаа ялгарлын үзүүлэлт европынхтой харьцуулахад илүү үнэмшилтэй.
Япон арга – JC08
АНУ-д хэрэглэдэг тесттэй бараг ижил боловч давтамж нь илүү. Үнэмлэхүй хурд хамгийн бага буюу 81.6 км/ цаг. Туршилтын ихэнх хэсгийг 24 км/цаг хурдтай давхиулж өнгөрөөнө. Туршилтын ихэнх хэсэг хөдөлгүүр халсан нөхцөлд болж өнгөрнө.
Гэвч туршилтын машинд ашигласан дугуй, тест явуулсан орчин, хурдны горим солих арга зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан үйлдвэрлэгчид тестийн дүнг хүссэнээрээ гаргах боломж бүрддэг. Тестийг үндсэндээ задгай зам дээр бус, хаалттай битүү орчинд эргэдэг дамран дээр давхиулах замаар явуулдаг. Хачирхалтай нь, шатахуун зарцуулалтын үзүүлэлтийг хэмждэггүй. Автомашинаас ялгарч буй нүүрсхүчлийн хийн давхар ислийн хэмжээнд тулгуурлан шатахуун зарцуулалтыг тооцох арга хэрэглэдэг. Үүнд бензин хөдөлгүүрт машинаас ялгарч буй 2322 грамм, дизель хөдөлгүүрт загвараас ялгарч буй 2664 грамм нүүрсхүчлийн хий тутамд нэг литр шатахуун оногдохоор тооцдог ажээ.
Зарим үйлдвэрлэгч энэ оноос шинэ аргачлал нэвтрүүлэхээр амлав
Дээрх хүчин зүйлээс шалтгаалан автомашины үйлдвэрлэгчээс заасан үзүүлэлт хожим бодит нөхцөлд хийсэн туршилтаас зөрөөтэй болж хувирдаг байна. Арилжааны бус, бие даасан International Council on Clean Transportation байгууллагаас энэ онд гаргасан суда лгаагаар Европын холбоонд хамгийн гүйлгээтэй автомашинуудын хорт утааны ялгарал үйлдвэрлэгчээс заасан үзүүлэлтээсээ 10-50 хувиар их байгааг тогтоосон. Уг судалгаанд хамгийн тааруу үзүүлэлттэй загвараар Mercedes- ийн A, C, E классын загварууд оржээ. Эдгээр загварын хорт утааны ялгаралт техникийн паспортод бичээстэй үзүүлэлтээс 50 хувиар зөрж байна. Францын Renault Twingo загварын ялгарал үнэнд хамгийн ойр үзүүлэлтэй ч үйлдвэрлэгчийнхээ заасан үзүүлэлтээс 10 хувиар их гарчээ.
Гэвч автомашин үйлдвэрлэгчид өөрийн үзэмжид тохируулан тест явуулах боломж удахгүй хүнд болж хувирна. Шинэ WLTC (Worldwide Harmonized Light Vehicles Test Cycle) аргачлалыг ирэх оноос дэлхийн бүх авто үйлдвэрлэгч мөрдөх ёстой. Уг аргачлал нь Европын NEDC, АНУ-ын FTP-75, Японы JC08-аас хэд хэдэн давуу талтай. Туршилтын үнэмлэхүй хурдыг хуучнаас ихэсгэн 131.1 км/ цаг хүргэж, нийт хугацаанд оногдох зогсолтын тоог 13.4 хувь болгон цөөлсөн. Дундаж хурд 53.8 км/цаг болж, хурд авах, сааруулах давтамжийг илүү шахуу болгожээ. Автомат хурдны хайрцагны горимыг “эко” буюу хэмнэлттэй горимд шилжүүлэхийг заагдсан тодорхой нөхцөлд зөвшөөрнө. Туршилтын машинд барьцалдах эсэргүүцэл хамгийн өндөртэй дугуй ашиглах ёстой.
Шинэ аргачлал дутагдалтай хэвээр. Жишээ нь, 50 км/цаг хурд авах хугацаа бүтэн 15 секунд буюу бас л өндөр. Гэхдээ хуучин аргачлалтай харьцуулахад WLTC тестийн дүн бодит нөхцөлд хавьгүй дөхүү байгаа юм. Европ тивд автомашин хэрэглэгчдийн төрийн бус хамгийн том байгууллага болох ХБНГУ-ын ADAC клуб шинэ аргачлал ашиглан туршихад Япон, Европын холбоо, АНУ- ын үйлдвэрлэгчдийн дизель хөдөлгүүрт машинуудын утаан дахь хорт бодисын ялгарал паспортын үзүүлэлтээсээ 10-11 дахин их байгаа нь тодорхой болжээ.
Зарим үйлдвэрлэгч бүр энэ оноос шинэ аргачлалыг нэвтрүүлж, бензин зарцуулалт, хорт утааны ялгарлын дүнг олон нийтэд танилцуулахаар амлаад байна. Европын холбоонд зарагдах автомашины хувьд уг аргачлал ирэх оноос зайлшгүй мөрдөх ёстой стандарт болно.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй