Шимгүй хөрсний хүлээлт

Экологи

Биологийн нөхөн сэргээлт хийхэд шимт хөрс үргэлж дутдаг

Уулаараа бороо зүсэрч, тал дээгүүр хааяа нэг зөөлөн салхи сэвэлзэн, үүлэн чөлөөний завсраар мэлтийсэн нарны туяанд намрын шаргал өнгө тодрох тийм нэг гэгэлзсэн өдөр Улаанбаатараас гарч баруун зүгийг чиглэн давхив.

Алтны нинжа нарын өлгий нутаг гээд нэрлэчихэд буруудахааргүй Заамар суманд орших “Монполимет” компанийн нөхөн сэргээлтийн талбайг манай сурвалжлах баг зорилоо. Тэнд ХААИС-ийн эрдэмтэн, докторууд ХБНГУ-ын Засгийн газрын Олон улсын шилжих хөдөлгөөний төвийн санхүүжилтээр уул уурхайн нөхөн сэргээлтийн мэргэжилтэн бэлтгэх сургалтын хүрээнд шимгүй хөрсөнд биологийн нөхөн сэргээлт хийхээр туршиж үзсэн байна. Заамар сумаас цааш Халзан бумбатын даваа өнгөрөөд төд удалгүй техникжсэн нинжа нарын “реалити шоу” биднийг угтлаа. Усан буугаар алт угааж буй тэд бол орон нутгаас нөхөн сэргээх нэрээр зөвшөөрөл авч, томоохон олборлогчдын үлдэгдэл дээр “найрлагсад” юм.

Хоёр чингэлэг авчирч, төдий тооны гэр барьсан тэд нэг усан буу зоож, газар тэгшлэгч байрлуулжээ. Тэд тоног төхөөрөмжөө 100 сая төгрөгөөр авлаа гэхэд түүнийгээ найм дахин нугалсан ашгийг алт угааж олдог талаар “Тосон”-гийнхон ярив. Бүр өөрсдийн хил хязгаарыг тогтоох зорилгоор зам хааж, энд тэндгүй шороо асгажээ. Тэр бүрийг тойрч, гол замдаа орохоор эргэж буцах нь тээртэй, түвэгтэй. Нэгэн цагт өвс нь өвдөг давж, мал амьтан бэлчиж байсан энэ газарт өдгөө тоолж баршгүй шороон овоо боссон байхыг харах нь таатай зүйл биш. Гэдсээ хүүлүүлсэн мал аятай ийм газар даваанаас цааш 10 гаруй км үргэлжилнэ. Ийнхүү бид тэр хавьд бараг хоёр цаг илүүтэй саатан байж, товлосон хугацаанаас нэлээд хожуу зорьсон газартаа хүрэв.

Хар галуу ганганалдсан хиймэл нуурын баруун захаар явж буй бидний нөгөө талд байх залуу улиасны цэцэрлэг харагдана. Энэ нь биологийн нөхөн сэргээлтийн бүс эхэлж буйн дохио. Энэ нутаг ер нь улиас, хайлаасаар элбэг аж. Сумын төвөөс ирэх замд гуу жалгаар ургасан улиаснууд удахгүй хагдарч унах шаргал навчсаа гялтгануулах нь алтны судал аятай тансаг харагдсаныг эргэн санав.

ШИНЭ ОРОЛДЛОГО
Эндхийн хөрс сэвсгэр бөгөөд цайвар. “Товчоор бол хөрс муутай гэж дүгнэж болно” хэмээн Орон нутгийн тогтвортой хөгжлийн төлөө холбооны зохицуулагч Б.Эрдэнэболор хүүрнэв. “Тосон” уурхайн кэмпийн баруун хойно хашаалсан нэг га талбайн хөрсийг өнгөрсөн хавар хөрс судлаач доктор, профессор Б.Одгэрэл судалж, хүчил, шүлт болон шимт бодис, шингээх багтаамжийг нь тогтоожээ. Ингэхэд шүлтлэг орчинтой, шингээх багтаамж, эрдэс бодисын хувьд хангалтгүй гарсан байна. Энэ нь ч аргагүй. Уул уурхайн нөхөн сэргээлт хийхийн тулд техникийн нөхөн сэргээлт хийнэ. Дараа нь биологийн нөхөн сэргээлтийг эхлүүлэхийн тулд шимт хөрсийг 15-20 см зузаанаар хучиж өгөх ёстой юм байна. Харин тус төслийнхөн сонгож авсан талбайдаа хөрсний шимт давхаргыг нь хучихгүйгээр биологийн нөхөн сэргээлт хийхээр оролдож буй нь энэ.

Үндэс нь доошоо 10 см урт болсон тул ирэх хавар дахиад гарах найдвар бий
Энэ гэхдээ тогтсон жишгийг эвдэхийг санаархсан, эс бөгөөс зардал хэмнэх гэсэн арга биш. Салхи, бороо, үер гэх мэт олон шалтгаанаар тухайн олборлолт явуулсан газрыг хамгийн сүүлд хучих ёстой шимт хөрс дутагддаг байна. Мөн газрын гадаргуугийн талбай ихэсдэг тул шимт хөрсний эрэлт зайлшгүй үүсдэг. Дутсан талбайгаа нөхөхийн тулд өөр нэг газрын шимт хөрсийг хуулах тохиодол ч бий. “Монполимет групп”-ийн залуу мэргэжилтэн н.Октябрь “Олборлолт явуулсан талбайг нөхөн сэргээхэд шимт хөрс нь эргээд 100 хувь хүрэлцэнэ гэж байдаггүй. Мэргэжилтнүүд тооцож үзээд хэр зэрэг зузаан тавихыг нь хэлж өгдөг. Хамгийн сайндаа л 90 гаруй хувьтай хучдаг даа” хэмээв. Гэхдээ 90 гаруй хувь нь 60, 70 болж буурах үе ч бий аж. Тиймээс шимт хөрс нь хүрэлцээгүй хэсэгт биологийн нөхөн сэргээлт хэрхэн хийх вэ гэдэг нь газар ашиглалтын мэргэжилтнүүдийн хувьд тулгамдсан асуудал юм. Үүнийг шийдэхийн тулд л өнгөрсөн хавраас ХААИС-ийн эрдэмтэд Германы Засгийн газрын санхүүжилт, Штутгарт хотын Монгол академичдын холбооны дэмжлэгтэйгээр ажиллаад, эхний үр дүнгээ үзэж буй аж.

Шимт хөрсөөр хучсан ба хучаагүй талбайд эндхийн бэлчээрийн гол ургамал болох дагуур өлөнгө, царгас, хялгана зэрэг олон наст ургамлыг тариалжээ. Хашааны гадна, дотор тал өдөр, шөнө шиг өөр харагдана. Гадна талд шимт хөрсөнд сар гаруйхны өмнө суулгасан олон наст ургамал халиурч байгаа нь холоос ч тодорно. Гэтэл шимт хөрсөөр хучаагүй нөгөө хэсгийнх нь олон настуудыг хараад ирэх хавар гарч чадах, эсэхэд нь эргэлзсэнээ нуух юун. Зургадугаар сарын сүүлчээр буюу бороо угтуулан тарьсан олон настууд шимт хөрсөөр хучаагүй талбайд тариалсан гэхэд сөөм хэртэй ургажээ. Үндэснээсээ шим тэжээл гэхээр зүйл олж аваагүй, зөвхөн байгалийн хураар өдий зэрэгт хүрчээ. Хүнээр бол идэр насандаа яваа гэдгийг ХААИС-ийн доктор, профессор Д.Түмэнжаргал тайлбарлав. Профессор Б.Одгэрэлийн хэлснээр царгас илүүтэй тарьсан нь хөрсний азотыг нэмэгдүүлэх гэсэн оролдлого юм байна. Мөн хөрсний чийгийг хадгалж, ургамалд бордооны үүрэг гүйцэтгэх бионүүрсийг нэг хэсэгт нь цацжээ. “Бороо хур багатай үед ч хөрсний чийгийг хадгалж, ургамал ургахад бионүүрс их тусалдаг. Яагаад гэвэл сүвэрхэг бүтэцтэй” хэмээн тус сургуулийн Инноваци, бизнес хөгжлийн төвийн мэргэжилтэн Э.Бат-Эрдэнэ гартаа барьсан эрхий хуруун чинээ хэмжээтэй, хөвсгөр эдээ харуулав.

Шимт давхаргаар хучаагүй хөрсөнд биологийн нөхөн сэргээлт хийхэд хэр зэрэг амжилттай болохыг нь хэлэхэд арай эрт байгаа аж. Түүнчлэн хөрс өөрөө өөрийгөө төлжүүлэхэд наанадаж таван жилийн дараагаар тодорхой хэмжээний өөрчлөлтүүд гарч эхлэх учиртай гэнэ. Гэхдээ энд тариалсан олон настууд 4-5 навчтай болоод, үндэс нь доошоо 10 см урт болсон тул ирэх хавар дахиад гарах найдвар бий аж. Хамгийн гол нь ямар ургамлыг ямар үрээр, хэдийд, хэрхэн суулгах вэ гэдгийг технологийн дагуу ажилласан бол нөхөн сэргээлт цаашид өөрөө өөрийгөө аваад явчихдаг. Харин буруу горимоор эхэлбэл амжилт олохгүй гэдгийг мэргэжилтнүүд хэллээ.

БОРТОГОН БОРДОО
Оройг нь тайрсан конус шиг, дундаа сүвтэй шавар эдийг мод ургуулахад түгээмэл хэрэглэдэг байна. Япон технологиор бий болсон энэхүү хөрсөн блокны төхөөрөмжийн тусламжтай мод 98-100 хувь найдвартай ургадаг. Үүний нууц нь модны үндсийг голлуулж, улмаар блок нь өөрөө хөрсөн дотроо бордоо болж задардаг аж. Нөгөөтэйгүүр бортогон бордоог манай эрдэмтэд өөрсдийн гаргаж авсан бионүүрстэй хольж өгснөөр модны ургах хугацаанд шаардлагатай шим тэжээл, чийгийг хөрсөнд нь барьж өгдөг байна.

Япон технологиор бий болсон энэхүү хөрсөн блокны төхөөрөмжийн тусламжтай мод 98-100 хувь найдвартай ургадаг.
Уурхайнхан биологийн нөхөн сэргээлтдээ энэ жил уг технологиор хэд хэдэн улиас суулгасан байна. 2005 оноос эхэлсэн биологийн нөхөн сэргээлтэд нийт 12 төрлийн 70 гаруй мянган мод тариад буй аж. Талбайгаар нь авч үзвэл нийт 500 га-д биологийн нөхөн сэргээлт хийсэн байна. Харин нэг га талбайд зарцуулах нөхөн сэргээлтийн зардал 16 сая орчим төгрөг байдаг бөгөөд нийт зардлын 70-аад хувийг техникийн нөхөн сэргээлт эзэлдэг байна. Гэхдээ ашиглаж буй технологи, хэрэглэж буй техникээсээ шалтгаалаад нөхөн сэргээлтийн зардал харилцан адилгүй. Нэг га-д ногдох зардал нь 16 сая төгрөгөөс бага уурхайнууд байдаг. Харин улсын дунджаар аваад үзвэл 22-25 сая төгрөг байдгийг мэргэжилтнүүд хэлсэн юм. Нар шингэхтэй уралдан бид “Тосон”-гийн уурхайн зүүн талаар гарч, буцах замдаа орлоо. Хоёр жилийн өмнө нөхөн сэргээлт хийх нэрийдлээр үлдэгдэл дээр “найрлагсдад” ховх соруулсан хэсэг газар үдшийн бүрийд бүдгэрэн хоцров.
САНАЛ БОЛГОХ