Хадгалалтын хугацааг уртасгах хуванцар савны материал гаргаж авна

ЗГМ: Тодруулга

Сүүлийн үед ухаалаг сав, баглаа, боодол гэсэн ойлголт бий болоод байна

БСШУСЯ-наас залуу судлаачдыг дэмжих зорилгоор 10 сая төгрөгийн тэтгэлэг олгодог билээ. Энэ жилийн судалгааны тэтгэлгийн эзэн болсон ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн багш Г.Солонгоос судалгааных нь талаар тодрууллаа. Тэрбээр бактерийн эсрэг үйлчлэлтэй хүнсний хуванцар сав, баглаа, боодлын материалыг судалж байгаа аж.

-Энэ чиглэлийн судалгаа Монголд хэр байдаг вэ?

-Өнөөдөр хүнсний хуванцар сав, баглаа, боодлын аюулгүй байдал олон нийтийн анхаарлын төвд ороод байна. Хүнс гэдэг бидний эрүүл мэндийн баталгаа. Тиймээс энэ чиглэлээр үндэсний хөтөлбөр боловсруулж байгаа. Мөн цөөнгүй судалгаа хийж байна. Гэхдээ дотор нь хийсэн хүнсний бүтээгдэхүүн талаас нь судлаж сав, баглаа, боодолд үнэлэлт өгдөг нь ажиглагдсан. Жишээлбэл, хөх саванд хадгалсан сүү, усанд ямар өөрчлөлт орж байгааг шинжилдэг. Түүнээс биш хөх савны хуванцар материалыг судалсан тохиолдол тун хомс. Миний хувьд 2008 оноос хойш хүнс болон эмийн хуванцар материалыг судалсан. Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацааг уртасгах боломжийг эрэлхийлж байна. Ингэснээр сав баглаа, боодлоос үүдэлтэй өвчнөөс сэргийлэх боломжтой.

-Энэ судалгааг үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой юу?

-Хуванцар материалын физик, химийн шинж чанарын судалгааны аргачлал, стандарт, Хадгалалтын хугацааг уртасгах хуванцар савны материал гаргаж авна баримт бичгүүдээс хамаарна. Мөн шинжилгээний лабораториуд, тэдгээрийн хүчин чадал, ажиллах хүч зэрэг асуудлаас шууд хамаарна. Энэ салбарын үйлдвэрлэгчид болон судлаачдын хамтын ажиллагаа илүү ойр байвал хэрэгжих боломж бий.

-Иргэдийн ундны усаа хийдэг хөх хуванцар сав эрүүл мэндэд хортой гэсэн дүгнэлт гараад байгаа. Энэ талаар юу хэлэх вэ?

-Иргэдэд хуванцар савны олон улсын ангиллын тэмдэглэгээ, зохистой хэрэглээ, эрүүл мэндийн нөлөөллийн талаарх мэдлэг хангалтгүй байна. Хөх сав гэх мэт зориулалтын бус хуванцар савыг аль болох хурдан хэрэглээнээс халах шаардлагатай. Зориулалтын бус гэдэгт 3, 6, 7 тэмдэглэгээ бүхий хуванцар сав ордог.

-Энэ чиглэлээр хийсэн өөр судалгаанууд бий юу?

-Өмнө нь дурдсан эмийн болон хүнсний сав баглаа, боодолд усанд уусдаг полимер материалыг ашиглах судалгаа хийж байсан. Тухайлбал, тосонд уусдаг амин дэм зэрэг биологийн идэвхт нэгдлийн капсулын талаар судалсан.

Усанд уусдаг гэдэг утгаараа байгальд ээлтэй

-Нууц биш бол шагналын 10 сая төгрөгөө юунд зарцуулах вэ?

-Үүнийг шагнал гэхээсээ илүү судалгаагаа цааш гүнзгийрүүлэн хийж, тодорхой үр дүнд хүрэх боломжийг олгосон тэтгэлэг, санхүүгийн дэмжлэг гэж ойлгож байгаа. Иймээс шаардлагатай түүхий эд, материал, багаж, хэрэгсэл авах гээд судалгаандаа зарцуулна.

-Ямар түүхий эд шаардлагатай байна вэ?

-Судалгааны үндсэн материал нь поливинилалкоголь (polyvinyl alcohol). Энэ нь усанд уусдаг хоргүй материал. Усанд уусдаг гэдэг утгаараа байгальд ээлтэй полимерийн тоонд ордог.

-Өндөр хөгжилтэй орнуудын сав, баглаа, боодлын чиг хандлага ямар байна вэ? -Хүнс болон эмийн сав баглаа, боодлыг тухайн бүтээгдэхүүнийг гадны нөлөөнөөс хамгаалах хамгаалалт гэж үздэг. Тиймээс бүтээгдэхүүнийг ийм, тийм саванд хийвэл сөрөг үр дагавартай гэх мэтийг судалдаг. Харин сүүлийн жилүүдэд тухайн баглаа, боодол нь агуулж буй бүтээгдэхүүн болон орчинтойгоо хэрхэн харилцан үйлчилж буйг судлах хандлагатай болсон. Бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, хадгалалтын хугацааг уртасгах зэрэг чадвартай идэвхтэй сав, баглаа, боодлын технологийг боловсруулахад анхаарч байна. Мөн ухаалаг сав, баглаа, боодол гэсэн ойлголт ч бий болсон. Хадгалах үед хүнсний бүтээгдэхүүнд урвал явагдаж, химийн нэгдлүүд үүсдэг. Иймээс нөөшлөгч, антиоксидант, антибактериал, амт оруулагч, өнгө оруулагч зэрэг нэгдлийг шилжүүлэх үйлчлэлтэй сав баглаа, боодлыг “ухаалаг” гэж нэрлэдэг.

САНАЛ БОЛГОХ