Шинэ зах зээлийн түншлэл

ХАМТЫН АЖИЛЛАГАА

Бразилчууд ноос, ноолуур, аялал жуулчлалын салбарт хамтарч ажиллах хүсэлтэй байна

Дэлхийн аж үйлдвэр, худалдаа, эдийн засгийн нөлөө бүхий орны нэг нь Бразил. Дэлхийн найм дахь том эдийн засагтай тус улс Латин Америкийн нийт аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 60 гаруй хувийг дангаараа үйлдвэрлэдэг. 2050 он гэхэд дэлхийн тав дахь том эдийн засаг болохоор бразилчууд зорьж байгаа. Тус улсын Бразил-Монголын худалдааны танхимын үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Асеф Сайд даваа гарагт болсон Монгол, Бразилын бизнесийн анхдугаар танилцах уулзалтад оролцлоо.

Тэрбээр Парана мужийн Технологи, байгаль орчны хүрээлэнгийн захирлаар ажилладаг бөгөөд мужийнхаа Худалдааны танхимын дэргэд Бразил, Монголын худалдааны танхимыг албан ёсоор энэ оны зургадугаар сард байгуулахад голлох үүрэг гүйцэтгэсэн аж. Асеф Сайд “Хоёр орны хооронд худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор энэ удаагийн уулзалтад ирсэн. Мах, махан бүтээгдэхүүн боловсруулах, хог хаягдлаас био түлш гаргаж авах зэрэг технологийг Монголд нэвтрүүлэх, хоёр орны худалдаа эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтэй байна” гэв.

Энэхүү арга хэмжээнд Бразилын талаас дэлхийд тэргүүлэгч мах, махан бүтээгдэхүүн боловсруулах болон худалдаа, эрчим хүч, хөрөнгө оруулалтын компани оролцож байгааг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга М.Оюунчимэг тодотгов.

» Хоёр орны хооронд худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх анхны уулзалт боллоо.
» Латин Америкийн нийт аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 60 гаруй хувийг дангаараа Бразил улс үйлдвэрлэдэг.
» Бразилчуудын ноос, ноолуур, аялал жуулчлалын салбарт хамтарч ажиллах хүсэлтэй байна.
» ”Амирастар” компани Бразил хотод суурин төлөөлөгчтэй болжээ.
» Бразил, Монголын худалдааны танхимыг энэ оны зургадугаар сард байгуулжээ.

Дэлхийд тэргүүлэгч мах боловсруулах Sadia болон BRF компанийн борлуулалтын дарга Уго Фредерико Гауэр “Мах, махан бүтээгдэхүүн боловсруулах технологи нэвтрүүлэх, махны экспортын шинэ шугам нээх, улмаар Монголд шинэ түнштэй болохоор анхаарч байгаа” хэмээн өгүүлсэн юм.

Бразилын Парана мужийн худалдааны танхим нь 27 мянга гаруй аж ахуйн нэгжийг эгнээндээ нэгтгэсэн аж. Тус муж нь дэвшилтэт техник, технологийг хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарт амжилттай нэвтрүүлжээ. Ингэснээр эдийн засгийн хөгжлөөр улсдаа дөрөвдүгээрт жагсаж байна. Бразилын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тэр дундаа кофе, эрдэнэшиш, буурцаг, тахиа болон гахайн мах, хүнсний төрөл бүрийн бэлэн бүтээгдэхүүнийг Монгол руу шууд нийлүүлэх эрмэлзэлтэй байгаагаа “Toda Comex Express” компанийн гүйцэтгэх захирал Элми тэмдэглэв. Тэрбээр худалдааны салбарт 15 жилийн туршлагатай аж.

Элми “Монголоос ноолууран бүтээгдэхүүн импортлох, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах нь манай бизнес эрхлэгчдийн сонирхлыг татах болсон. Энэ чиглэлд хамтын ажиллагаа эхлүүлнэ” гэв. Бразилд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн өнгөрсөн оны байдлаар 15 мянган ам.долларт хүрсэн бөгөөд тус улсын эдийн засаг тогтмол хурдацтай өсчээ.

200 гаруй сая хүн амтай Бразил улс нийт 300 сая хүн амыг тэжээх хэмжээний хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж. Экспортын бүтээгдэхүүний 40 хувийг эзэлдэг хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь Бразилын тогтвортой хөгжлийг хангах чухал салбарын нэг гэж тооцогдож байна. Нисэх онгоцны үйлдвэрлэлээр дэлхийд гуравдугаарт ордог Бразил улс этанол, био түлшний үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг.

Монгол-Бразилын анхдугаар танилцах бизнес уулзалтад оролцсон “Амирастар” компанийн захирал Д.Уранчимэг “Манай компани 2009 оноос нийтийн хоол, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Бидний хувьд мах, махан бүтээгдэхүүний шинэ технологи судлах, туршлага солилцохоор уг арга хэмжээнд оролцож байна. Бразилын зах зээл, хэрэглэгчдийн онцлог, хандлагын талаар судалж эхэлсэн. Манай компанийн суурин төлөөлөгч Бразил хотод суудаг” гэв. Амазоны ширэнгэн ой, хөлбөмбөг, самба бүжгийн хэмнэлээр төсөөлөгддөг өргөн уудам нутагтай Бразил, Монголын бараа бүтээгдэхүүний шинэ зах зээл гэдгийг энэ удаагийн уулзалт илтгэлээ


САНАЛ БОЛГОХ