295 мандатын төлөө 676 нэр дэвшигч өрсөлдөнө

ЗГМ: Тодруулга

Баянгол дүүрэгт зөвхөн МАН, АН- ын нэр дэвшигчид өрсөлдөхөөр бүртгүүлжээ

Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах хуваарийн дагуу аймаг, дүүргийн сонгуулийн хороод нэр дэвшигчдээ бүртгэж дуусаад байна. Улсын хэмжээнд сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд 7006 мандатын төлөө 15209 нэр дэвшигч өрсөлдөхөөр болсон. Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 330 гаруй сум нийт 1792 тойрогт хуваагдсан байна. Энэ талаар нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболдтой ярилцлаа.

-Сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах хуваарийн дагуу аймаг, дүүргийн сонгуулийн хороод нэр дэвшигчдээ бүртгэж дуусаад байна. Нийслэлийн есөн дүүрэгт хэчнээн нэр дэвшигчийг бүртгэсэн бэ?

-Сум, дүүргийн ИТХ-ын сонгууль ирэх аравдугаар сарын 19-нд болно. Өнөөдрийн байдлаар дүүргүүд санал өгөх хэсгийн болон мандатын тоог батлаад байна. Нийслэлийн есөн дүүрэгт 295 мандат бий. Тухайлбал, Баянгол, Баянзүрх болон Сонгинохайрхан дүүрэг 41 мандаттай бол Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул 35 мандаттай байхаар баталсан. Мөн Багануур, Налайх дүүрэг 25 мандаттай. Харин Багахангай дүүрэг хамгийн цөөн буюу 17 байгаа. 295 мандатын төлөө 676 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлээд байна. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэр дэвшигчдийн нэрийг есдүгээр сарын 13- нд буюу өнгөрсөн мягмар гарагт багтаан олон нийтэд зарласан. Онцолж хэлэхэд, Баянгол дүүрэгт зөвхөн МАН болон Ардчилсан намын нэр дэвшигчид өрсөлдөхөөр бүртгүүлээд байна. Бусад улс төрийн хүчин болон бие даагчид тус дүүрэгт нэр дэвшихгүй гэсэн үг.

-Сонгуулийн санал авах хэчнээн хэсгийн хороо байгуулсан бэ?

-Нийслэлийн хэмжээнд 398 санал авах хэсгийн хороо байгуулсан. Үүнээс хамгийн их буюу Сонгинохайрхан дүүрэгт 90 хэсгийн хороо байгуулаад буй. Харин хамгийн цөөн буюу Багахангай дүүрэгт хоёр хэсгийн хороог байгуулсан.

-Нийслэлийн хэмжээнд хэчнээн бие даагч нэр дэвшихээр бүртгүүлсэн бэ? -Нийслэлийн есөн дүүрэгт 38 бие даагч бүртгүүлээд байна.

» Улсын хэмжээнд сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд 7006 мандатын төлөө 15209 нэр дэвшигч өрсөлдөхөөр болсон.

» Нийслэлийн есөн дүүрэгт 38 бие даагч нэр дэвшихээр бүртгүүлээд байна.

» Нэр дэвшигчдийг эргүүлэн татсан, нэрийн жагсаалтаас хассан мэдээллийг дүүргийн сонгуулийн хэсгийн хороод манайд мэдээллэх шаардлага байхгүй.

-Нэр дэвшигчдийг бүртгэх явцад зарим улс төрийн хүчний нэр дэвшигчийг бүртгэхгүй байна гэх гомдол гарсан. Нийслэлийн хэмжээнд хэчнээн гомдол ирсэн бэ?

-Сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчдийг бүртгэх асуудлыг сум, дүүргийн сонгуулийн хэсгийн хороо бүрэн хариуцаж байгаа. Хэрэв нэр дэвшигчдийг бүртгэхтэй холбоотой маргаан үүсвэл шүүхийн байгууллага шийднэ. Өөрөөр хэлбэл, нийслэлийн Сонгуулийн хороо тэрхүү маргааныг татаж, шийдвэрлэх эрх байхгүй. Тиймээс нэр дэвшигчдийг бүртгэхтэй холбоотой маргааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл алга байна. Гэхдээ дүүргийн сонгуулийн хэсгийн хороод дээр иймэрхүү маргаан гардаг нь үнэн.

-Өнөөдрийн байдлаар нэр дэвшигчдийг эргүүлэн татсан тохиолдол байгаа юу?

-Байхгүй. Гэхдээ нэр дэвшигчдийг эргүүлэн татсан, нэрийн жагсаалтаас хассан мэдээллийг дүүргийн сонгуулийн хэсгийн хороод манайд мэдээлэх шаардлагагүй. Дүүргийн сонгуулийн хэсгийн хороод бүрэн эрхийнхээ хүрээнд шийдээд явах боломжтой. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу бид хүмүүсийн сонгогдох эрхийг хүндэтгэх ёстой. Өнгөрсөн зургадугаар сард болсон УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийн явцаас харахад орон нутагт нэр дэвшигчдийг бүртгэхгүй байх, нэрийн жагсаалтаас хасах тохиолдол олон байсан. Энэ тохиолдолд шүүхийн байгууллагад гомдол гаргаж, тэдний талд шийдвэрлэсэн. Үүнээс улбаалан зарим аймагт дахин сонгууль явагдаж байна. Харин нийслэлийн хувьд харьцангуй гайгүй.

-Нийслэлийн сонгуулийн хэсгийн хороодод төрийн хэдэн албан хаагч ажиллах вэ?

-Сонгуулийн тухай хуульд бүх шатны сонгуульд ажиллах хүчийг төрийн захиргаа болон үйлчилгээний албан хаагч байна хэмээн заасан. Эдгээр албан хаагч сургалтад хамрагдаад, гэрчилгээ авсан байх ёстой. Энэхүү сургалтыг Сонгуулийн ерөнхий хорооноос нэгдсэн байдлаар зохион байгуулахаар хуульчилсан. Өнгөрсөн зургадугаар сард болсон УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ- ын сонгуулиар төрийн албан хаагчдыг нэгдсэн сургалтад хамруулж, гэрчилгээ олгосон. Гэхдээ сургалтад хамрагдсан төрийн албан хаагчдаас ирэх сард болох сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд ажиллах боломжгүй хүн цөөнгүй бий. Иймд санал авах байранд ажиллах зохион байгуулагчдын сургалтыг зохион байгуулаад дууслаа. Үүнээс гадна хуульд заасны дагуу санал авах байрны ахлах зохион байгуулагч нарыг өчигдөр томилсон.

-Нэр дэвшигчдийн үнэмлэхийг хэзээ олгох вэ?

-Сонгуулийн хороод нэр дэвшигчдийн үнэмлэхийг санал хураалт явуулах өдрөөс 22 хоногийн өмнө буюу энэ сарын 27-ноос өмнө олгоно. Харин нэр дэвшигчид сурталчилгаагаа аравдугаар сарын 1-нээс эхлүүлнэ.

-Саналын хуудсыг хэзээ хэвлүүлэх вэ?

-Удахгүй нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтыг тулгаад саналын хуудсыг хэвлүүлэх ажлыг эхлүүлнэ. Гэхдээ саналын хуудсыг хэвлүүлэх ажлыг Сонгуулийн ерөнхий хороо хариуцаж байгаа.


САНАЛ БОЛГОХ