Алеппо хотод болсон агаарын дайралтын улмаас 85 хүн амиа алдлаа

Мэдээ

Сирийн Алеппо хотод нөхцөл байдал хурцдаж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өнгөрсөн ням гарагт яаралтай хуралдлаа. Тодруулбал Сирийн Засгийн газар энэ сарын 25-нд Алеппо хотыг босогчдоос чөлөөлөхөөр агаараас дайралт хийсний улмаас 85 хүн амиа алдаж, 300 гаруй хүн шархадсан байна. Харин энэхүү дайралтад ОХУ оролцож, нийт 150 удаа агаараас цохилт өгсөн гэж АНУ мэдэгдээд байгаа юм. Сирийн мөргөлдөөн ийнхүү хурцадсан тул Их Британи, АНУ, Францын талаас НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг яаралтай хуралдуулахыг хүсчээ. Хурлаас ямар нэгэн шийдэл гараагүй бөгөөд талууд зөвхөн өөрсдийн байр сууриа илэрхийлж, мэдэгдэл хийсэн байна. Энэ үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн “Алеппо хотын нөхцөл байдал улам хурцдаж, Сирийн зөрчил эхэлснээс хойш хамгийн хүнд байдалтай боллоо. Гүний тэслэх бөмбөг ашиглаж эхэлсэн нь байдлыг улам дордуулж байна. Мөргөлдөөний улмаас эмнэлэг, сургуулиуд хонгилд ажиллаж байгаа. Тэслэх бөмбөгөнд аюулгүйн бүс рүү дүрвэх гэсэн олон мянган иргэд үрэгдэж байна.

Хүн амын нягтаршил ихтэй бүсэд зэр, зэвсэг ашиглах нь гэмт хэрэг. Энэ талаар Аюулгүйн зөвлөл яг одоо хуралдаж байна. Эмх замбараагүй байдлыг хэрхэн зогсоох вэ. Харгислалыг үргэлжлүүлсээр байгаа хүмүүсийн шийдвэрт яаж нөлөөлөх вэ. Энэ хар дарсан зүүдийг яаралтай дуусгахыг талуудаас хүсэж байна” гэжээ. Үүнээс гадна ОХУ болон АНУ есдүгээр сарын 12-нд байгуулсан “Гал зогсоох хэлэлцээр”-ээ сэргээх боломж бага ч гэсэн байгааг НҮБ-ын Сирийн асуудал хариуцсан онцгой төлөөлөгч Стаффан Де Мистура онцоллоо. Хэрэв хоёр улс зөвшилцөлд хүрч чадахгүй бол Турк, Иран, Саудын Араб зэрэг бүс нутгийн бусад улстай яриа хэлэлцээ хийж, зөрчлийг намжаах хэрэгтэй гэж тэрбээр мэдэгджээ. Харин ОХУ-ын тал “Гал зогсоох хэлэлцээрийг дахин сэргээхэд хоёр талын оролцоо, чин хүсэл чухал. Нэг тал нь гал зогсоохыг хүсээд шийдвэрт хүрэхгүй" гэж мэдэгдсэн юм.



САНАЛ БОЛГОХ