Х.Клинтон, Д.Трамп нарыг дэмжигчдийн тоо бараг тэнцлээ

СОНГОЛТ

АНУ-д ирэх 11 дүгээр сарын 8-нд болох гэж байгаа Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөх магадлалтай сонгогчдын дунд түүврээр явуулсан судалгаагаар Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон, Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп нарын саналын зөрүү улам бүр багасаж байна.

Хоёр намын нэр дэвшигчдийн мэтгэлцээний өмнө сүүлийн санал асуулгын дүнгээр Хиллари Клинтон, Дональд Трамп нарт өгсөн санал бараг тэнцсэн байна. Есдүгээр сарын 22-25-нд явуулсан "Qunnipiac"-ийн санал асуулгаар Ардчилсан намаас АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Хиллари Клинтон сонгогчдын түүвэр бүлгийн 44 хувийн дэмжлэгийг авсан бол Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп 43 хувийн санал авчээ.

Залуучуудын дэмжлэгийг ихээр авч байгаа Либертар намаас нэр дэвшигч Гэри Жонсон найм, Ногоон намаас нэр дэвшигч Жилл Стайн хоёр хувийн санал авсан байна. Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч өнгөрсөн хугацаанд Айова мужийг Ардчилсан намаас өөртөө авч чадсан бол Колорадо мужид зөрүүгээ багасгаж чадсан байна.


Зургийн эх сурвалж: Г.Ану via Quinnipiac University

Харин CNN/ORC-ийн судалгааг харвал “swing state” буюу аль ч тал руу хэлбийх боломжтой мужуудын нэг болох Колорадод Дональд Трамп сонгогчдын 42 хувийг, Хиллари Клинтон 41 хувийг, Гэри Жонсон 13, Жилл Стайн гурван хувийн санал авчээ. Мөн “swing state”-үүдийн нэг Пенньсилванид Хиллари Клинтон 44 хувь, Дональд Трамп 43 хувь, Гэри Жонсон зургаа, харин Жилл Стайн гурван хувийн дэмжлэг аваад байна. "Bloomberg"-ийн судалгаагаар хоёр талын нэр дэвшигчдийн дэмжигчдийн тоо анх удаа тэнцсэн байна.


Зургийн эх сурвалж: Г.Ану via Real Clear Politics

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялагч нийт 538 саналаас хамгийн багадаа 270 саналыг авах ёстой. 2008 онд Ерөнхийлөгч Барак Обама нийт саналаас 358 санал авч байжээ. Харин 2012 онд тэрбээр 332 санал авч, тэргүүлэл нь буурч байсан юм. Энэ удаагийн сонгууль Ардчилсан нам болон Бүгд Найрамдах намын авах саналын тооны зөрүү сүүлийн 100 гаруй жилд байгаагүй бага байх болно гэж “American University” их сургуулийн профессор онцолж байлаа.

11 дүгээр сарын 8-ны өдөр болох сонгуулийн өдөр хүртэл Хиллари Клинтон, Дональд Трамп нар дахин хоёр удаа, дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигч Тим Кэйн (Ардчилсан нам), Майк Пенс (Бүгд Найрамдах нам) нэг удаа мэтгэлцэнэ:

  • 9/26 Ерөнхийлөгчид нэр дэвшигч нарын анхны мэтгэлцээн
  • 10/4 Дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн мэтгэлцээн
  • 10/9 Ерөнхийлөгчид нэр дэвшигч нарын хоёр дахь мэтгэлцээн
  • 10/19 Ерөнхийлөгчид нэр дэвшигч нарын гурав дахь мэтгэлцээн
  • 11/8 АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль
САНАЛ БОЛГОХ