"iPhone"-той өрсөлдөхүйц "Google"-ийн "Pixel"

Технологийн цаг

“Google” компани гар утасны салбарт баримталдаг бодлогоо үндсээр нь өөрчилж, “Pixel” болон “Pixel XL” нэртэй ухаалаг гар утсаа шинээр танилцууллаа. Эдгээр төхөөрөмж нь “Apple”-ийн “iPhone” гар утаснуудтай эн зэрэгцэн өрсөлдөхүйц тус компанийн анхны гар утас болж байгаа аж. “Pixel” болон “Pixel XL” нь “Google” бие даан эхнээс нь санааг нь гаргаж, загварыг нь бүтээж, инженерчлэлийг нь зохион, туршилтыг нь хийсэн анхны гар утас болж байгаагаараа онцлог юм. Өмнө нь “Google” компани “Nexus” гар утаснуудыг 90 хувь бэлэн болсны дараа л програм хангамж талаас нь оролцдог байжээ. Харин одоо ийнхүү эхнээс нь гар бие оролцож байгаа учраас “Nexus” нэрийг орхиж, “Pixel” нэрийг авч байгаа аж. Энэ нь “Google” компани 400 тэрбум ам.доллар эргэлддэг ухаалаг гар утасны зах зээлд зөвхөн програм хангамж биш, техник хангамжаар ч гэсэн өрсөлдөхөөр зэхэж байгаагийн илрэл болж байна.

“Google”-ийн “Android” үйлдлийн системийг ашигладаг “Samsung”, “LG” зэрэг томоохон брэндүүд үүнд таатай хандахгүй байгаа аж. Хэдий тийм боловч “Google” энэхүү эрсдэлийг үүрэхэд бэлэн байгаа бөгөөд одооноос бие даан гар утасны нөөцөө бүрдүүлж, үүрэн холбооны операторуудтай харилцаа холбоо тогтоон, нийлүүлэлтийн сүлжээгээ бүрдүүлж байгаа юм байна. Эдгээр гар утаснууддаа зориулан гэр болон кабель зэрэг нэмэлт хэрэгслүүдийг ч хийж эхэлжээ.

“Google” компани сүүлийн зургаан жилийн турш “LG” болон “HTC” зэрэг компаниудтай хамтран "Android үйлдлийн системийн цэвэр хувилбар" бүхий “Nexus” гар утаснуудыг харьцангуй цөөн тоогоор худалдаанд гаргадаг байсан юм. “Apple” компани ухаалаг гар утаснуудаа Тайванийн “Hon Hai”-аар угсруулдаг шиг “Google” өөрийн шинээр гаргах гар утаснуудаа мөн л Тайванийн “HTC”-ээр угсруулсан байна. “Google” гар утаснуудынхаа ард талд "Made by Google" буюу "Google бүтээв" гэж бичсэн нь нэг талаасаа “iPhone”-уудын ард байдаг "Designed by Apple in California" буюу "Калифорни мужид “Apple” загварыг нь гаргав" гэж бичсэнтэй адил байгаа ажээ. “Pixel” гар утаснуудын загвар дизайн ч гэсэн “iPhone”-тай төстэй гэж хэлж болохоор байгаа юм.

“Pixel” болон “Pixel XL”-ийн урьдчилсан захиалга аравдугаар сарын тавны өдрөөс эхэлж байгаа бөгөөд аравдугаар сарын 20-ноос хэрэглэгчдэд хүрэх юм байна. 32 гигабайтын санах ойтой “Pixel” гар утас 649 ам.долларын үнэтэй байх бол 128 гигабайтын санах ойтой “Pixel XL” 869 ам.доллараар худалдаанд гарна.



САНАЛ БОЛГОХ