Япон улс Курилийн арлуудад хамтарсан захиргаатай болох асуудал дэвшүүлнэ

Экологи

Япон улс ОХУ-тай газар нутгийн маргаантай байдаг Курилийн бүлэг арлуудад хамтарсан захиргаатай болох асуудлыг дэвшүүлнэ гэж албаны эх сурвалж мэдээлжээ. Энэхүү асуудлыг Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ тавдугаар сард ОХУ-д айлчлах үедээ анх дэвшүүлсэн байна. Хэдий тийм боловч тухайн үед шийдэлд хүрээгүй учраас 12 дугаар сарын 15-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах үедээ дахин хөндөж, хэлцэлд хүрч чадна гэж үзэж байгаагаа Шинзо Абэ мэдэгджээ. Япон улс болон ОХУ Курилийн бүлэг арлуудад хамтын захиргаа байгуулснаар цаашид үүсэх маргаанаас сэргийлэх, Дэлхийн II дайнаас хойш орхигдоод байгаа энхийн хэлэлцээрээ батлах боломжтой болох юм. Тиймээс дээрх хоёр улс аль хэсгийн газар нутгийг удирдах, мөн хэдий хэмжээний хяналт тогтоох зэргийг нарийн хэлэлцэх шаардлагатай гэж албаныхан мэдээлсэн байна. Япон улсын зүгээс Хабомай болон Шикотан арлыг өөртөө нэгтгэж, харин Кунашири зэрэг арлуудад хамтын захиргаа тогтоох хүсэлтээ байгаагаа мэдэгдээд байгаа ажээ.

Курилийн арлууд нь ОХУ-ын Сахалин мужид багтдаг галт уулын бүтэцтэй, Японы Хоккайдо арлаас Камчаткын хойг хүртэл 1300 км сунан тогтсон цувраа арлууд юм. Агнуурын тэнгис болон Номхон далайг зааглах тус арлууд нь 56 арал, олон жижиг хадан цохионоос бүрдэнэ. Курилийн арлуудыг ОХУ бүхэлд нь хяналтдаа байлгадаг ч өмнөд үзүүрийн дөрвөн арал нь Японтой маргаантай байдаг.




САНАЛ БОЛГОХ