Бөгтгөрхөн бөхөн

Экологи

Бөхөн бөгтийн 90 км/цаг хурдалдаг, хөнгөн хөлтэй амьтан

Говийн экосистемд чухал үүрэг гүйцэтгэдэг зэрлэг амьтад болох хавтгай, мазаалай, тахь, хулан, хар сүүлт, монгол бөхөнг Дэлхийн байгаль сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар болон холбогдох байгууллагууд “Говийн гайхамшигт 6” хэмээн нэрийдэж, хамгаалах цогц арга хэмжээ авахаар “Тахийн талын тунхаглал”-ыг баталсан билээ. Манай сонин “Говийн гайхамшигт 6”-г цувралаар тус бүрт нь танилцуулахаар бэлтгэлээ. Энэ удаагийн “Амьд ертөнц” буландаа Монгол бөхөнг онцолж байна.

Буган биетэй, тэмээн толгойтой, том хамартай бөгтгөрхөн бөхөн бол Монгол нутгийн уугуул амьтны нэг. Дэлхий дээр бөхөнгийн төрлийн таван дэд зүйл байдгаас өнөөдөр ердөө хоёр үлдсэний нэг нь монгол, нөгөө нь соргог бөхөн юм. Тиймээс бөхөнг дэлхийд ховордсон 100 амьтны нэг, олон улсын хэмжээнд устаж байгаа амьтнаар нэрлэжээ.

Арслан заан, аварга буга, үсэрхэг хирс, богино эвэрт бизон үхэр гээд эрт галавын гол төлөөлөгчидтэй зэрэгцэн амьдарч байсан бөхөнг мөстлөгийн үеийн үлдвэр амьтан хэмээн үздэг байна. Казахстанаас олдсон бөхөнгийн хамгийн эртний үлдэгдлээс уг амьтан Евразийн өргөн уудам нутагт нэг зуун мянган жилийн турш оршиж ирснийг судлаачид тогтоожээ. Бөхөн одоогоор Монгол, Казахстан, Тажинкстан, ОХУ зэрэг таван улсын нутагт л тархан амьдарч байна. Харин Монгол орны соргог бөхөн Монгол Алтайн нуруунаас урагш Зүүн гарын говийн хэсэгт байснаа ховордсоор 1950-иад оноос үзэгдэхээ больж, манай орны устаж үгүй болсон амьтдын нэг болсон.

Бөхөнгийн хамрын бүтэц их өвөрмөц. Бөхөн бөгтийн 90 км/цаг хурдалдаг, хөнгөн хөлтэй амьтан. Харин хамар нь 40 градусын хүйтэнд хурдлахад хүйтэн агаарыг бүлээцүүлэх, говийн халшрам гороон шуурганаас хамгаалах шүүлтүүрийн үүрэг гүйцэтгэдэг хэмээн судлаачид үздэг. Хамрын хоёр нүх нь нийлэх шахам ойрхон оршдог бөгөөд хөгшин бөхөнгүүдийн хамар доод эрүүнээсээ ердөө л хэдхэн см-ийн зайд унжиж тогтдог байна.

Бөхөн өвөрмөц хамрынхаа тусламжтай үнэрлэх мэдрэмжээ үр төлөө таних, хоол хүнсээ олох, цаашлаад аюул заналаас сэргийлэх зорилгоор гайхалтай чадварлаг ашигладаг. Мөн өргөн голыг ч ажралгүй сэлээд гатлачихдаг. Хагас км гаруй зайд сэлэх чадвартай байдгийг нь говийн болон ус ховор нутгийнхан гайхдаг аж.

»1984, 2002 оны зуднаар монгол бөхөнгийн тоо толгойн 70-80 хувь нь өлдөж, осгосон гэсэн тооцоо бий.
» Нэг бөхөнгийн эвэр 4600 ам.доллар давсан тохиодол БНХАУ-д гарчээ.
» Бүргэд бөхөнг шууд барьж иддэг тул хамгийн аюултай дайсан нь болдог.
150 гаруй төрлийн ургамлаар хооллодог монгол бөхөн соргог бөхөнгөөс биеийн хэмжээгээр арай бага. Биеийн урт 110-116 см, жин нь 26-40 кг. Гэхдээ нас бие гүйцсэн эр бөхөн буюу хэржингийн жин 60 кг давах ч тохиолдол бий. Хэржин хос эвэртэй бөгөөд хоёр жилийн турш ургаж, уртаараа 22 см хүрдэг. Харин эмийг хэрэгчин гэх ба мухар толгойтой. Төлийг нь янзага гэнэ. Бөхөнгийн сүргийг ихэнхдээ туршлагатай хөгшин хэрэгчин толгойлдог аж. Ороо арванхоёрдугаар сард ордог. Энэ үеэр хэржингүүдийн нүдний доогуур урт хууз сахал ургаж, хүзүү хэсэг нь харлаж, нэг ёсондоо үржлийн “гоёл”-оо өмсдөг аж.

Ороо хөөцөлдөөний үедээ мөргөлдөн тулалдаж буй хэржингүүдийг хэрэгчингүүд нь харан зогсдог. Хамгийн хүчтэй, туршлагатай хэржин сүргийн эзэн болдог. Нэг сүрэг нь дотроо 10-30 хэрэгчин, нэг хэржинтэй олон арван үржлийн сүргүүдэд хуваагддаг байна.

Хэрэгчин янзгаа 140-145 хоног тээх бөгөөд тавдугаар сард төллөдөг. Төллөх дөхсөн хэрэгчин хамгийн тайван, зэлүүд, өвс багатай нутгийг сонгодог. Учир нь ийм газрууд нарны элчинд бүлээсэхдээ хурдан байдаг аж. Хэрэгчин нас явах тусам ихэрлэх нь нэмэгддэг. Нэг сүргийн 20 хувь нь ихэр төл гаргадаг байна. Янзага ойролцоогоор 3.5-4.5 кг жинтэй төрж, сарын дараа 12 кг жинтэй болтлоо хурдан торнидог. Дөнгөж төрсөн янзага аюул ойртох үед нүдээ аниад атирах, эсвэл хүзүүгээ урагш сунган бүлээн газартай наалдаж, “нуугдан” хэвтэнэ. Ингэж хэвтсэн янзгыг 2-3 алхмын зайд ч ялгаж харахад бэрх аж.

Бөхөнгийн амьдрал аюул заналаар дүүрэн. Ган, зуд хавсарсан байгалийн хүнд нөхцөл нь тоо толгойн хорогдолд голлох нөлөө үзүүлдэг байна. Монгол бөхөнгийн тархац нутагт сүүлийн 35 жилд 1977, 1984, 1996, 2002 онд хамгийн хүйтэн өвөл тохиожээ. Эдгээр жил, ялангуяа 1984, 2002 оны зуднаар монгол бөхөнгийн тоо толгойн 70-80 хувь нь өлдөж, осгосон гэсэн тооцоо байдаг аж.

Түүнээс гадна чоно, үнэг, ирвэс, бүргэд гээд зэрлэг амьтад бөхөнгийн дайснууд. Үүнээс бүргэд монгол бөхөнг шууд барьж иддэгээрээ хамгийн аюултайд тооцогддог. Идүүлсэн бөхөнгийн сэг үлдэцээр шар үнэг ба хярс, хүрэн үен, элээ, хэрээ, шаазгай, махчин шавж идээшилдэг тул бөхөн говийн амьтдын идэш тэжээлийн гинжин хэлхээний гол зангилаа болдог юм. Түүнчлэн тархац нутгийн хэмжээ нь багасаж, амьтад олноороо бөөгнөрсөн газар өвчний улмаас тоо толгой нь үлэмж хорогддог.

Бүс нутгийн хэмжээнд устаж болзошгүй бөхөн гөрөөсийн заналт дайсны нэг нь хулгайн ан. Бөхөнгийн эврийг Хятадын уламжлалт эмчилгээнд өргөн хэрэглэдэг нь хулгайгаар хил давуулах гол шалтгаан болдог. Нэг бөхөнгийн эвэр 150 ам.доллар хүрдэг гэсэн мэдээ бий. Гэхдээ заримдаа үүнээс ч илүү үнэд хүрдэг. 2014 онд Казахстаны хил дээрх Хятадын гаалиас 11 сая ам.доллартай дүйцэхүйц 2351 эвэр хураан авсан байна. Үүнийг нэгжээр нь бодвол бараг 4600 гаруй ам.доллар болж буй юм. Тиймээс байгалиа хамгаалагчид бөхөнгийн эврийг 2003 онд худалдахыг хориглосон хирсний эвэрнээс ялгаагүй үнэ цэнэтэй гэж үздэг байна.

Дээрх бүх шалтгааны улмаас монгол бөхөнгийн тоо толгой 1980-2000 онд нэг саяас 90 мянга болтлоо цөөрч, газар нутгийн тархалт нь 80 хувь хумигджээ. 2000-аад оны дунд үед тоо толгой нь бараг 3000 гаруй болтлоо хорогдсон байна. Гэхдээ бөхөн хамгаалах сүлжээ багийн тусламжтай тоо нь 43, тархац нутаг нь 13 хувиар тэлээд байгаа аж.

Бөхөн бол говийн экосистемд маш их ач холбогдолтой амьтан. Бөөнөөрөө сүрэглэн явдаг тул бэлчээрийн ургамлыг эргэлтэд оруулан, хөрсийг сийрэгжүүлж, хорголоороо говь цөлийн хөрсийг борддог ач тустай. Тиймээс Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар болон холбогдох байгууллагууд хамтран бөхөнг говийн экосистемийн тэнцвэрийг хадгалагч гайхамшигт зургаан амьтны нэгээр нэрлээд байна.
САНАЛ БОЛГОХ