Сонгуулийн тойргийн гадна үлдэгсэд

СОНГОЛТ

Ардчилсан нам, Ардын намынхан 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших эрхмүүдээ албан ёсоор тодрууллаа. Товчхондоо, Монголын улс төрийн голлон тоглогчид тоглоомын дүрмээ баталж, тойргоо тодорхойлов. Эрх баригч, сөрөг хүчний орон зайг эзэгнэгчид улс төрийн “покер”-ийн ширээн дээр хөзрөө дэлгэсэн нь энэ.

Гэхдээ энэ удаагийн сонгуулиас өнжиж, тойргийн гадна үлдэж буй гол хоёр хүчний лидерүүд цөөнгүй байна. Тухайлбал, эрх баригч Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Ц.Баярсайхан, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболд болон Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нар энэ удаад өнжлөө. Тодорхой хэлбэл, дээрх эрхмүүд 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшээгүй юм.

Р.Амаржаргал гишүүний хувьд 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд Сүхбаатар, Налайх дүүрэгт өрсөлдөхөөр болж, намын хорооноос нэр дэвших “виз”-ээ аваад байсан. Гэвч нэр дэвшигчдийг тодруулах ҮЗХ-ны хурлын өмнө эмэгтэй нэр дэвшигч буюу УИХ-ын гишүүн М.Батчимэгт боломж олгохын тулд нэрээ татах хүсэлтийг намын даргадаа хүргүүлсэн.

Р.Амаржаргал гишүүнийг ийм шийдвэр гаргасанд хэн ч гайхсангүй. Учир нь тэрбээр 2013 онд УИХ-ын гишүүнээс татгалзах өргөдлөө өгч, парламентад багагүй доргилт, үзэл бодлын зөрүүг ил болгосон удаа бий. Тухайн үед Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Р.Амаржаргал гишүүн бол хувь хүн биш. Ардчилсан намын үнэ цэнэтэй капитал. Түүнийг ийм шийдвэр гаргасанд миний хувьд харамсалтай байна. Бүх зүйлийг олон талаас нь бодох ёстой. Өмнө нь Ардчилсан намын лидерүүдээс ийм шийдвэр гарч байгаагүй” гэсэн байр суурийг илэрхийлж байсан санагдана. Товчхондоо, Р.Амаржаргал бол яах аргагүй энэ намын лидерүүдийн нэг. Монголын төрд ихийг хийж бүтээж, Ардчилсан намын нэр төрийг аварч, хямрал нүүрлээд байсан үед Ерөнхий сайдаар ажиллаж гавьяа байгуулсан нэгэн.

Харин УИХ-ын гишүүн Ц.Баярсайханы гаргасан шийдвэр тийм ч шинэлэг бус. Өмнөговь аймгаас гурвантаа сонгогдож байсан тэрбээр 2012 онд намын жагсаалтад бичигдэж, парламентын босго давсан. Угтаа бол Ардчилсан намын нэрийг парламентад гурван ч удаа өндөрт өргөж явсан гавьяаг нь намынхан нь жагсаалтын “найм”-ын тоогоор үнэлсэн юм. Ингэснээр Монголын төрийг 16 жил түшилцсэн тэрбээр энэ удаагийн сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ албан бусаар илэрхийлж байв.

Үүнээс гадна Ардчилсан намын “гал тогоо”-г хариуцсан Л.Эрхэмбаяр болон Хууль зүйн сайд Д.Дорлигжав нар энэ удаад өнжиж байгаа нь тохироо хийсэнтэй холбоотой хэмээн тайлбарлаж байна. Л.Эрхэмбаярын хувьд 2012 оны УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшсэн ч өвдөг шороодсон. Харин Хууль зүйн сайд Д.Дорлигжавын хувьд төрсөн нутагтаа хоёр удаа дэвшээд ялалт байгуулж чадаагүй. Тиймдээ ч 2012 оны УИХ-ын сонгуульд өнжсөн гэдэг.

Эрх баригч намаас тойргийн гадна үлдэж байгаа эрхмүүдийн тухайд ийм байна. Харин өнгөрсөн парламентад сөрөг хүчний үүрэг гүйцэтгэсэн МАН-ын хэд хэдэн лидер өнжиж буй. Тодруулбал, Ерөнхий сайд асан С.Баяр, УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүх, Т.Бадамжунай нар. Мөн Д.Дэмбэрэл, Су.Батболд, Ж.Батсуурь, Ц.Дашдорж, Ё.Отгонбаяр нарын таван хууль тогтоогч энэ удаад нэр дэвшихгүй.

  • » Улс төрийн голлон тоглогчид тоглоомын дүрмээ баталж, тойргоо тодорхойлов. УИХ-ын гишүүн Ц.Баярсайханы гаргасан шийдвэр тийм ч шинэлэг бус.
  • » Ардчилсан намын “гал тогоо”-г хариуцсан Л.Эрхэмбаяр болон Хууль зүйн сайд Д.Дорлигжав нар энэ удаагийн сонгуульд өнжиж байгаа нь тохироо хийсэнтэй холбоотой хэмээн тайлбарлаж байна.
  • » С.Баяр өнгөрсөн 2012 оны сонгуулийг алсаас ажиглаж суусан. Харин энэ удаад намынхаа төв штабыг “удирдана”.

Сонгуулийн гадна үлдсэн дараагийн сонирхолтой хүн бол С.Баяр. Монголын төрд, тэр тусмаа МАН-ынхны хувьд заавал ашиглах ёстой улс төрийн томоохон бодлоготон Ерөнхий сайд асан С.Баяр өнгөрсөн 2012 оны сонгуулийг алсаас ажиглаж суусан. Харин энэ удаад намынхаа төв штабыг “удирдана”. Гүйцэтгэх засаглалын тэргүүнээр ажиллах нэг жил гаруйн хугацаанд улс төр, эдийн засгийн томоохон бөгөөд зоригтой шийдлүүдийг гаргаж ажилласан С.Баяр эрүүл мэндийн шалтгаанаар 2009 оны арваннэгдүгээр сард Ерөнхий сайдын суудлаа өөрийн хүсэлтээр залгамжлагчдаа шилжүүлсэн. Монголын улс төрийн түүхэнд энэ үйл явдал анхны тохиолдол байв. Улс төрийн соёлын жишгийг үзүүлсэн гэж магтагддаг түүнийг “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэж байна” хэмээн таамагласан ч нэр дэвшээгүй. Фронтын тэргүүн шугамнаас улс төрийн амьдралд оролцож байсан тэрбээр тэр цагаас л хөндийрсөн гэхэд хилсдэхгүй.

МАН-аас нэр дэвшилгүй үлдсэн хоёр дахь содон хүн бол Т.Бадамжунай. Тэрбээр 2012 оны УИХ-ын ээлжит сонгуульд өөрийн төрөлх нутаг Архангай аймагт нэр дэвшихээр бэлтгэл ажлаа хангаад байсан ч эцсийн мөчид нэрээ татав. Энэ удаагийн сонгуульд ч бас оролцохгүй бөгөөд намынхаа төв штабын орон нутгийг хариуцан ажиллаж байгаа.

У.Хүрэлсүхийн хувьд анх удаагаа өнжиж байна. 2012 оны УИХ-ын сонгуульд намынхаа “гал тогоо”-г хариуцсан тэрбээр жагсаалтын хоёрдугаарт эрэмбэлэгдэж, гишүүн болсон. Гэвч тавхан сарын дараа гишүүний бүрэн эрхээсээ татгалзсан юм. Удаах хүн нь 26 жил парламентын гишүүнээр ажилласан Д.Дэмбэрэл. Түүний татгалзсан шалтгаан тун энгийн. Тэрбээр “Манай намын боловсон хүчин их, нэр дэвших боломж бололцоотой, бэлтгэгдсэн, миний халааг авах залуу үе олон бий. Парламентад тасралтгүй зургаан удаа сонгогдсон миний хувьд дараагийн залуу боловсон хүчнүүдээ хүндэтгэж байна” хэмээв. Товчхондоо, МАН-ын лидерүүд залуучууддаа боломж олгож, фронтын тэргүүн шугамнаас татгалзсан нь энэ.




САНАЛ БОЛГОХ