Эрдэнийн гурван сахиус

Өв соёл

Шүтээн зурагт муу муухай шингээхээс сэргийлж эрдэнийн зүйлсээр дүүргэдэг

Бурхны шашны “Арван хангал”-ын хилэнт дүртэй бурхад болох Жамсран, Намсрай болон эдийн тэнгэр Гонгор бурхны шүтээн зургууд, шавар цутгуур, модон, гуулин болон хув сийлбэр, баримлуудыг Занабазарын дүрслэх урлагийн музейн Барлах урлагийн танхимд дэлгэжээ. Эдгээр сахиус нь сүр хүчинд хувирч, хүний нүдэнд үл үзэгдэх хийгээд үзэгдэх хортон бүгдийг айлган сүрдүүлж, устган тонилгох тангарагтай байдаг. Иймд шүтээн зурагт хүнд, хурц өнгөөр дүрсэлдэг байна.

XVIII-XIX зуунд хамаарах үзмэрүүдэд Гонгор бурхныг дөрвөн янзаар дүрсэлсэн бол Намсрай бурхны төрхөөс гадна зүрхэн тарни, мандлыг хэд хэдэн янзаар урласан байна. Мандал гэдэг нь нөхөр сэлт, дагуул, уналага гээд тухайн бурхны хэрэгтэй бүхий л зүйлсийг багтаасан, дөрвөлжин буюу сүм хийд хэлбэртэй зургуудыг хэлдэг байна. Өөрөөр хэлбэл, бурхны орон гэр аж. Мандлыг шүтээн зураг, сийлбэр, зээгт наамал, өнгө өнгийн элсээр гээд хэд хэдэн янзаар хийдэг.

Шүтээн зургийн нэг онцлог нь сахиусын багш, лам нарыг дээд хэсэгт нь залдаг бол зарлиг биелүүлэгчдийг доор нь дүрсэлдэг байна. Мөн зургийн сул орон зайд муу муухай зүйл шингэж орохоос сэргийлж, эрдэнэ дүүргэж зохиомжилдог аж.


Догшин Жамсран

Жамсран бурхан нь улаан сахиус юм. Тиймээс ч саар бүхнийг ялж, сайн эрдэм чадал бүхнийг эрхшээсэн номыг тэтгэгч чойжин бөгөөд ертөнцийн муу муухай элдэв хорлол, дайсан, өвчин зовлон, гай барцад, албин чөтгөрөөс аливаа амьтан бүгдийг авран хамгаалах тангарагтай. Автай сайн хааны баруун өргөөнөө Жамсран бурхныг залж, Түвдээс тодорсон богдууд тэрхүү өргөөнд тангараг өргөдөг түүхтэй байсныг музейн бүртгэл мэдээллийн санч Т.Энхжаргал сонирхуулав. Монголд жамсран бурхныг цэргийн үйл хэрэг, дайн тулаанд тахиж, тахилын үйлийг хийдэг байжээ.

Музейн сан хөмрөгт 1968- 1935 онд амьдарч байсан Д.Гэндэндарамын хосгүй үнэт бүтээл бий. Уг бүтээлд Жамсран сахиусын тэргүүнд Нисванисын таван хорыг дарахын бэлгэдэл болгож гавлын ясан титэм дүрсэлжээ. Жамсран бурханы баруун гарт мунхаг харанхуйг ялан дийлэх зэс илд атгуулж, дайсныг дарах ухаан нь хурц байхыг илэрхийлж нум сум үүрүүлсэн байна.

Түүнчлэн догшин сахиус матар толгойт улаан гутлаар хортон дайснаа дарж авдаг бол энгэртээ барьсан толинд гурван орон, гурван мянган сав шимийг хардаг ажээ. Мөн аливаа саад барцдыг арилгахаар тавин хүний нойтон толгойт эрх эргүүлдэг гэнэ.


Гонгор сахиус

Эдийн тэнгэр Гонгор бурхныг урлагт ихэвчлэн цагаан дүртэй, зургаан гартайгаар дүрсэлдэг. Үзмэрүүдийн дотор нэр нь үл мэдэгдэх нэгэн бүтээгчийн алтан хүрээтэй шүтээн зураг бий. Үүнийг музейн урын сан дахь Гонгор сахиусын эртний уран зурагт тооцдог аж. Уг бүтээлд Гонгор сахиусын дээр Манзушир бурхан, тойроод Рэнцэнханд, Доржханд зэрэг таван дагинаар нь хүрээлүүлжээ.

Харин доороо заан толгойтой, хүн биетэй ганеш буюу чуулганы эзнийг дүрсэлсэн байна. Ганеш бол сахиусын зарлиг биелүүлэгч бөгөөд мөн л эрдэнийн бурхан юм. Гонгорын зургаан мутарт гурван хорыг дарах сэрээ, муу зүйлээс хамгаалагч гох, эрдэнийг бэлгэдсэн гавал аяга буюу бумба, гурван орныг эрхэндээ хураах дамар, муу бодлуудыг тасдан хаях махих хутга, зэндмэнэ эрдэнэ бариулсан байна.

САНАЛ БОЛГОХ