Монгол найман байр ухрав

Мөнгө ба бизнес

“Бизнес эрхлэхүй” индексээр Монгол Улс 190 орноос 64-т бичигдлээ

Дэлхийн банкны “Бизнес эрхлэхүй” индексээр Монгол Улс найман байр ухарлаа. Ингэснээр 190 орноос 64-т бичигдэж, Грек, Косто Рика, Бахрейн зэрэг улсын араас эрэмбэлэгдэв. Энэ индексийг бизнесийн орчны “барометр” гэж хөрөнгө оруулагчид үздэг. Учир нь бизнес эхлүүлэх, хөрөнгө бүртгүүлэх, барилгын зөвшөөрөл, зээл авах зэрэг 10 үзүүлэлтийг үндэслэн, тооцдог байна.

Үзүүлэлт тус бүрээр нь авч үзвэл, Монгол Улс зөвхөн нэг төрөлд ахисан. Бусдад нь эрэмбээ хадгалж, бас ухарчээ. Тодруулбал, “татвар төлөх” төрөлд өмнөх онд 91 дүгээрт бичигдэж байсан Монгол Улс энэ онд зиндаа ахиж, 35-д жагсав. Харин “бизнес эхлүүлэх” болон “хөрөнгө бүртгүүлэх” ангилалд эрэмбээ хадгалж, 36, 44-т бичигдсэн. Бусад төрөлд ухарчээ. Тухайлбал, хил дамнасан худалдаа эрхлэх үзүүлэлтээр өмнөх оноос 29 байраар хойшиллоо.

Манай улс “Бизнес эрхлэхүй” индексээр тасралтгүй байр ахиж байсан. 2015 онд гэхэд гурван байраар урагшилж байв. Гэтэл одоо энэ өсөлтөө алдаж эхэлсэн нь энэ.


Улсын хэмжээнд оны эхний есөн сарын байдлаар нийт аж ахуйн нэгж байгууллагын тал хувь нь үйл ажиллагаа эрхлээгүй болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. Нийт 69.2 мянган аж ахуйн нэгж үүдээ барьсан байна. Үүний тал хувь нь үйл ажиллагаагаа түр зогсоосон. Харин 42.9 хувь нь үйл ажиллагаагаа эхлээгүй, 2.2 хувь нь бүрэн зогсоосныг ҮСХ-ны Бизнес регистрийн санд тэмдэглэжээ.

Ийнхүү дотоодын болон олон улсын байгууллагын дүнг нэгтгээд үзвэл манай бизнес орчин сайнгүй, бизнес эрхлэлт хумигдаж байгааг харж болохоор байна. Гэхдээ Дэлхийн банкнаас татварын системд шинэчлэл эхлүүлснийг онцолсон. Тодруулбал, татварын тайланг цаасаар бус цахимаар авч эхэлснийг сайшаажээ. Гэхдээ энэ онд бизнес эрхлэлтийг дэмжсэн дорвитой шинэчлэл хийгээгүй гэж үзсэн.

“Бизнес эрхлэхүй” индексийг Шинэ Зеланд тэргүүлж, Сингапур, Дани улс удаалсан байна. Мөн Хонконг, БНСУ эхний тавд багтжээ. Харин Сомали, Ливи улс сүүл мушгисан байна. Тэрчлэн Зүүн Европын Балканы хойгт орших Македон улс анх удаа эхний аравт багтсан. Тус улс одоогоос 10 орчим жилийн өмнө 92-т бичигдэж байжээ. Бизнесийн орчны шинэчлэлийг тууштай хийсний дүнд аравдугаар байрт бичигдээд буй нь энэ. Македоны эрх баригчид зээл авах, хөрөнгийн бүртгэлийн системийг хөнгөвчлөхөд анхаарч ажилласан аж. Бизнесийн орчны шинэчлэлийг эрх зүйн хүрээнд далайцтай хийж чадсан болохыг Дэлхийн банкнаас үнэлжээ.

Харин дэлхийн долоо дахь том эдийн засаг Энэтхэг улс энэ индекст 130 дугаарт бичигдсэн нь шинжээчдийн анхаарлыг татаад байна. Дэлхийн банкнаас тус улсыг бизнесийн орчны экосистемийг бүрэн бүрдүүлж чадаагүй гэж дүгнэжээ. “Doing business” буюу “Бизнес эрхлэхүй 14” тайланд бүгдэд хүртээмжтэй боломжийг бий болгох нь чухал байгааг Дэлхийн банк дурдсан байна.


САНАЛ БОЛГОХ