Ж.Ганбаатар: Нэг хүнийг дахин шийтгэж болохгүй гэсэн

ЗГМ: Тодруулга

Авлигын хэргээр ял эдэлсэн хүн төрийн өндөр алба хаших ёсгүй

Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг УИХ- аар баталлаа. Уг хөтөлбөрийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар авлигын хэргээр ял шийтгэл хүлээсэн хүмүүсийг төрийн албанд ажиллуулахгүй байх санал гаргасан ч, гишүүдийн дэмжлэг авч чадаагүй юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатараас дараах зүйлийг тодрууллаа.

-Хөтөлбөрийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр ямар санал дэвшүүлсэн бэ?

-Авлигын хэргээр ял шийтгүүлсэн хүмүүсийг төрийн өндөр албанд ажиллуулахгүй байх санал гаргасан юм. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч энэ асуудал тусгагдсан байгаа. Гэвч гишүүдийн дэмжлэг авч чадаагүй.

-УИХ-ын гишүүд дэмжихгүй байгаа шалтгаанаа хэрхэн тайлбарлаж байна?

-Хууль зүйн байнгын хорооны дарга болон зарим гишүүн нэг хүнийг дахин дахин шийтгэж болохгүй гэх үндэслэлээр дэмжих боломжгүй гэсэн. Өөрөөр хэлбэл, нэгэнт ял шийтгэлээ авчихсан байхад төрийн албанд ажиллах эрхийг нь хязгаарлаж болохгүй гэсэн тайлбар хэлсэн. Би энэ асуудлыг Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тунхагийн зарчмаар заавал оруулах ёстой гэж байна. Ер нь Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр гэдэг бол шударга ёсыг тогтоож байгаа явдал. Бид ийм хөтөлбөртэй, ийм зорилттой, үүнийгээ биелүүлнэ гэж байгаа юм. Хамгийн чухал нь авлигын хэргээр ял шийтгэл хүлээж байсан хүн төрийн өндөр албан тушаалд очиж ёсгүй. Энэ чинь ёс зүйн асуудал.

-Гадны улс орнуудад ямар жишиг байдаг юм бол судалж үзэв үү?

-Гадаадад ямар жишиг байдгийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ энэ бол ойлгомжтой асуудал. Өмнө нь ямар нэгэн байдлаар авлигын хэрэгт холбогдож, итгэл алдаж байсан бол өндөр дээр албанд битгий хэл төрийн албанд томилогдохгүй байх ёстой. Үүнийг л шударга зарчим гэж ойлгодог.

САНАЛ БОЛГОХ