Айсуй олимпийн удирдлага

Спорт

Монголын спортын холбоодыг УИХ-тай адилтгаж болно. Дөрвөн жилийн мөчлөгөөр сонгогдож, ажлаа сайн хийсэн бол удирдлагууд нь албаа үргэлжлүүлээд явна. Тааруухан ажилласан бол их хурлаа хийгээд бүтэц зохион байгуулалт, удирдлагуудаа өөрчилдөг дүрэмтэй. 2016 он спорт холбоодын хувьд дүнгээ тавиулах жил. Олимпийн наадмын дараа жүдогийн холбоо их хурлаа хийж, одоогийн удирдлагаа Токиогийн олимп хүртэл улираан ажиллуулахаар шийдсэн. Жүдочдын амжилт сүүлийн жилүүдэд гэрлийн хурдаар өсч байгаа болохоор энэ шийдвэрт гайхах хүн гараагүй. Харин олимпоос медаль хүртэж байсан топ төрлийн бусад холбоодоор сураг ажиг юу байна вэ. Ирэх дөрвөн жилд ямар удирдлагатай урагшлах бол?

Монголын боксын холбооны тухайд энэ сарын 21-нд хурлаа хийх урьдчилсан товтой. Өдгөө холбоог удирдаж буй “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ ажлаа өгч магадгүй гэсэн яриа боксынхны дунд сонсогдоод эхэлжээ. Хэрэв Д.Бат- Эрдэнэ чөлөөлөгдвөл оронд нь “МАК”-ийн босс Х.Нямтайшир сонгогдож магадгүй гэсэн сураг ч байна. Гэхдээ энэ баттай бус мэдээлэл гэдгийг сануулъя.

Д.Бат-Эрдэнэ холбоог удирдах үедээ боксчдын төлөө чамгүй мөнгө зарцуулсан гэдэг. Гэвч тамирчдын амжилт жил ирэх тусам уруудсаар ирсэн нь түүний нэр хүндэд сөргөөр нөлөөлжээ.

Шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар хэн ажиллах нь мөн л бокс тойрсон сонирхолтой сэдвийн нэг. Одоо энэ албыг хашиж буй Д.Батсүрэн 2008 оны Бээжингийн олимпод Д.Банди багшийн туслахаар ажиллан алт, мөнгөн медальтай ирж байв. Улмаар 2014 онд тушаал дэвшин ахлах дасгалжуулагч болсон. Үнэндээ өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Д.Отгондалай л түүний нүүрийг тахалсаар ирсэн гэж болно. Тэрбээр 2014 онд Азийн наадамд түрүүлсэн анхны боксчин болж, дараа жил нь тивийн аваргаас алтан медаль хүртсэн. Улмаар энэ жил Риогийн олимпоос хүрэл медальтай ирсэн билээ. Харин нийт шигшээ багийн хувьд амжилт дандаа уруудсан. Тиймээс ахлах дасгалжуулагч солигдох байх гэсэн яриа газар аваад байна. Шигшээгийн тамирчдын дийлэнх нь түүнийг ажлаа өгөх ёстой гэсэн байр суурьтай гэдгийг холбоонд ойр нэгэн хүн хэлсэн юм. Тиймээс ойрын өдрүүдэд Монголын боксчид шинэ ерөнхийлөгч, шинэ ахлах дасгалжуулагчтай болох магадлал өндөр байна.

Спорт холбоодын хурал жижиг асуудал мэт боловч спортын хөгжилд их нөлөөтэй
Монголын чөлөөт бөхийн холбооны хурал мөн ойрын үед, тодруулбал арванэгдүгээр сарын 19-нд болох тов гарчээ. Холбооны дүрэмд зааснаар олимпийн наадам дууссанаас хойш гурван сарын дотор их хурлаа хуралдуулах ёстой юм байна. Гэтэл Лондоны олимпийн дараа тэд хурлаа хийгээгүй. Ерөнхийлөгч Л.Чинбат нь өөрийн албаа Асашёорюү Д.Дагвадоржид зүгээр л шилжүүлчихсэн. Тиймээс Дагвадоржийг эсэргүүцэгчид түүнийг их хурлаас сонгогдоогүй, хууль бус ерөнхийлөгч хэмээн үздэг. Харин өдгөө Дагваа ерөнхийлөгч албаа өгнө гэдгээ аль эрт мэдэгдсэн. Тиймээс их хурлаар шинэ ерөнхийлөгч сонгогдох нь тодорхой байна. Харин тэр хүн нь хэн байх вэ?

Хэд хэдэн хүний нэр яригдаад эхэлжээ. ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин, “Тайгам Алтай” компанийн захирал Н.Бүргэдаа гол нэр дэвшигчдийн нэг. Мөн “Хасу Мегаватт” компанийн захирал Ж.Түмэн-Аюуш тун хүчтэй өрсөлдөгч. Энэ спортод багагүй мөнгө зарцуулсан гэдгээр нь хүмүүс түүнд ам сайтай байдаг. Энэ хоёр эрхэм хоёр талаас гарч ирж, өөр хоорондоо үзэлцэж магадгүй. Үүнээс гадна өөр хэдэн хүний нэр яригдаж байгаа ч хүчтэй өрсөлдөгч байж чадахгүй болов уу.

Монголын чөлөөт бөхийн холбоо бол хамгийн их хэрүүлтэй, хамгийн том амбийцтай хүмүүсээр дүүрсэн байгууллага. 1970-аад оноос эхтэй энэ маргаан тэмцэл 40 жилийн дараа ч үргэлжилсэн хэвээр. Багасах нь байтугай шинэ хэв маягтайгаар улам бүр эрчээ авсаар. Харин энэ хурал олон жил ужгирсан маргааныг таслан зогсоогоосой гэж найдах үлдэж байна. Уг нь зангарагатай, шулуун шударга хүн гараад ирвэл бүгдийг чанга гараар удирдаад, эмх цэгцэнд оруулж магадгүй. Ийм боломжтой гэдгийг “Женко” Баттулга жүдогийн холбоог хэрхэн өөрчилснөөс харж болно.

2005 онд бокс, 2006 онд чөлөөтийнхөн холбоондоо өөрчлөлт хийж, удирдлагаа шинээр сонгоод амжилт хэрхэн дээшилсэн ойрхны жишээ байна.
Энэ дашрамд чөлөөт бөхтэй холбоотой мэдээ дуулгахад, гавьяат тамирчин Г.Мандахнарангийн Риогийн олимпийн барилдаан олон улсын Арбитрын шүүхэд удахгүй очих бололтой. Мандахнарангийн талынхан Нидерландын сайн өмгөөлөгчийг энэ ажилд хөлсөлсөн байна. Нөгөө хүн нь Монголд гурав хоног саатаж, хэрэгтэй материалаа бүрдүүлээд буцжээ. Одоо удахгүй шүүх хурлын тов гарах юм байна. Гарт оруулаад байсан медалиа эргүүлж авдаггүй юм аа гэхэд шүүгчдийн шийдвэр буруу гэдгийг нотолж чадвал манай талын хувьд том ялалт болно гэж үзэж байгаа юм.

Монголын буудлагын холбооны тухайд хурлын тов хараахан гараагүй байна. Гэхдээ ондоо багтааж болно гэдгийг албаны хүн хэллээ. Буудлагынхан олон улсын стандартад нийцсэн орчин үеийн тир барих том төсөл эхлүүлээд буй. Өдгөө холбоог удирдаж буй УИХ-ын гишүүн асан Э.Мөнх-Очир нэгэнт эхлүүлсэн төслийнхөө үр шимийг үзэх хүсэлтэй байгаа нь мэдээж. Тиймээс айсуй дөрвөн жилд мэргэн буучдыг дахин удирдахаар өрсөлдөх болов уу. Гэвч сүүлийн дөрвөн жил буудлагын тамирчдаа олигтой харж үзээгүй, Монголд ч байдаггүй хэмээн түүнийг шүүмжлэх хүмүүс бий. Э.Мөнх-Очир Монгол Улсаас Туркт суух консулаар томилогдон ажиллаж байгаа юм. Үнэхээр ажлын онцлогоос шалтгаалан Туркт байнга амьдрах шаардлагатай бол том холбоог давхар удирдаад явахад хэцүү л дээ. Түүнийг ерөнхийлөгчөөр ажиллах үед Монголын мэргэн буучид хоёр олимпод орсон ч хоёулангаас нь медаль авч чадаагүй. Энэ мэт байдлыг нь харж үзвэл их хурлын үеэр төлөөлөгчид ерөнхийлөгчөө албан тушаалаас нь буулгаад хаяхыг үгүйсгэх аргагүй.

Эцэст нь сануулахад, хэдэн спорт холбоодын сонгууль жижиг асуудал мэт боловч энэ нь Монголын спортын ирээдүйд асар их нөлөө үзүүлнэ. 2005 онд бокс, 2006 онд чөлөөтийнхөн холбоондоо өөрчлөлт хийж, удирдлагаа шинээр сонгоод амжилт хэрхэн дээшилсэн ойрхны жишээ байна. Тиймээс Токиогийн олимпод яажшуухан оролцох нь энэ сард болох сонгуулиудаас ихээхэн шалтгаалах болов уу.
САНАЛ БОЛГОХ