Монгол Улс оны эхний гурван улиралд 398.4 тонн самнасан ноолуур экспортолжээ

Монголдоо Бүтээцгээе

Монгол Улс оны эхний гурван улиралд нийт 26 сая ам.долларын самнасан ноолуур экспортолсон нь оны өмнөх мөн үеэс 10 орчим хувиар буурсан байна. Харин биет хэмжээгээр тооцвол 398.4 тонн самнасан ноолуур экспортолсон нь 3.2 хувиар өссөн дүн боллоо. Нийт самнасан ноолуурын 74 хувийг Итали руу, 12 хувийг Их Британи руу, 8.5 хувийг БНХАУ руу гаргажээ. Харин Япон руу гаргаж байгаа самнасан ноолуурын экспорт нийт дүнгийн 1.1 хувийг эзэлж байна. Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойш дөрвөн сар гаруй хугацаа өнгөрөөд байна. Энэ хүрээнд ноолууран бүтээгдэхүүний гаалийн тарифыг 100 хувь хөнгөлсөн. Энэ нь Япон харилцагчдад нь дэмжлэг болж байгааг "Говь" ХК мэдээлж байсан.

Тэгвэл оны эхний гурван улиралд Япон руу экспортолсон самнасан ноолуурын хэмжээ мөнгөн дүнгээрээ 2015 оны мөн үеийнхээс 3.8 дахин өсчээ. "Говь" компанийн хувьд бүтээгдэхүүний борлуулалт нь оны өмнөхөөс 21 хувиар өссөн. Энэ онд пальтоны борлуулалтдаа өндөр ач холбогдол өгч байгаа аж. Нийт 16 мянган пальто борлуулахаар төлөвлөж байгаагаас 40 хувийг Европын зах зээл, тэр дундаа Франц, Япон, Англи руу гаргаж байна. Мөн Өмнөд Солонгос дахь зах зээл нь тэлж байгаа гэдгийг "Говь" онцолсон. Цаашид пальтоны борлуулалтаа нэмэгдүүлж, экспортод 80 хувийг нь гаргахаар төлөвлөж байна.



САНАЛ БОЛГОХ