Хөдөөгийн хөдөлмөрийн урвуу хамаарал

Нийтлэлчийн булан

Хөдөөгийн иргэдийн 77 хувийнх нь орлого улсын дунджаас доогуур байна

Өнгөрсөн зун ээлжийн амралтаараа хөдөөгийн хэдэн сумдаар жаал хэсэв. Ах дүү, хамаатан садантайгаа уулзахын хажуугаар хөдөөгийн иргэдийн эгэл амьдралтай танилцаж явлаа. Мэдээж тэдний амьдралд сайн, муу бүхэн хослон байна. Гэхдээ нэг зүйл анзаарагдсан нь тэд өрхийн амьдралдаа нэмэр болохуйц янз бүрийн зүйл хийхийг эрмэлздэг болжээ. Ядаж л сумын төвийн айл хашаандаа ногоо тарина. Зарим нэг нь нарийн боовны жижиг цехтэй. Мөн дэлгүүр ажиллуулах зэргээр жижиг бизнес эрхлэх нь харьцангуй нэмэгдсэн юм уу гэж анзаарагдсан.

Судалгаанд оролцогчдын 56.9 хувь нь амин зуулгын хэрэгцээгээ хангахын тулд хөдөлмөр эрхэлдэг хэмээжээ.
Энэ бодлыг минь бататгасан нэгэн судалгааг өчигдөр танилцууллаа. Шинжлэх ухааны академиас “Хөдөөгийн амьдралын хэв маяг: Өөрчлөлт, төлөв хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг өөрийн байрандаа зохион байгуулсан. Энэ үеэр хөдөөгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар хийсэн судалгаа олны анхаарлыг ихэд татсан юм.

Судалгаанаас харахад хөдөөд амьдрах хүний тоо 2000 оноос хойш тогтмол уруудсаар иржээ. Одоогоос 16 жилийн өмнө хөдөө орон нутагт 1,030,500 хүн амьдарч байв. Харин өдгөө энэ тоо 961 мянга болтлоо буурсан үзүүлэлттэй. Дэд бүтэц, орон нутгийн хөгжлийн ялгаанаас болоод төв суурин газар бараадах их нүүдэл цаашид ч үргэлжлэх байх. Гэхдээ хөдөөд үлдсэн хэд маань амьдрахын тулд эрвийх дэрвийхээрээ зүтгэж буй нь тэдний 81.3 хувь нь давхар хөдөлмөр эрхэлж буй статистикаас харагдана. Энэ хэрээр зөвхөн малаа маллаад амьдардаг хүний тоо огцом багасчээ.

Тухайлбал, 1990 оныг хүртэл дан ганц мал аж ахуйгаар амьдралаа болгодог хүний тоо хөдөөгийн нийт хүн амын 83.1 хувийг эзэлдэг байв. Гэтэл энэ тоо жил ирэх тусам буурсаар өдгөө 51.9 хувьд хүрээд байна. Харин 15.1 хувь нь худалдаа, 14.2 хувь нь газар тариалан, 4.7 хувь нь жимс жимсгэнэ, 3.8 хувь нь жижиг үйлдвэрээ түшиглэн амьдралаа залгуулж байгаа аж. Түүнчлэн гахай, тахиа үржүүлдэг, зөгийн аж ахуй эрхэлдэг, хувиараа мужаан, дархан хийдэг хүмүүсийн тоо ижилхэн 1.9 хувьтай гарав. Судалгаанд оролцогчдын 56.9 хувь нь амин зуулгын хэрэгцээгээ хангахын тулд хөдөлмөр эрхэлдэг хэмээн хариулсан байна.

Хувиараа хөдөлмөр эрхлэх явдал нэмэгдсэн нь мэдээж сайн. Гэхдээ энэ нь хөдөөгийнхний амьдралд хэр тус нэмэр болдог бол. Харамсалтай нь, судалгааны дүн төсөөлснөөс огт өөрөөр гарч байна. Хөдөөгийн иргэдийн 77 хувийнх нь орлого улсын дунджаас доогуур байгаа нь анхаарал татах асуудал яах аргагүй мөн. Судалгаа хийх үед буюу 2015 оны гуравдугаар улиралд улсын хэмжээнд нэг өрхийн дундаж орлого 937 мянган төгрөг болсныг Үндэсний статистикийн хороо танилцуулсан. Харин энэ үед хөдөөгийнхний дундаж орлого 737 мянга байлаа. Улсын дунджаас даруй 200 мянгаар бага гэсэн үг. Тэдний бараг тал нь буюу 48.8 хувь нь амьжиргааны түвшнээс доогуур орлоготой байгаа юм.

Хэдийгээр хөдөлмөр эрхлэлт нэмэгдсэн ч орлого бага хэвээр байгаа нь жижиг зах зээлтэй холбоотой болохыг судалгааг удирдан явуулсан докторант О.Баасантогтох онцолсон. Тэрбээр “Ажил хийхийн хажуугаар туслах аж ахуй эрхэлж байна гэдэг орлого нэмэгдэх шалтгаан болно шүү дээ. Гэтэл хөдөөгийн иргэдийн орлого бага хэвээрээ байна. Үүний шалтгаан нь хөдөө орон нутагт зах зээл дэндүү жижиг байдагтай холбоотой. Тухайлбал, гарсан бүтээгдэхүүнээ нийлүүлэх зах зээл олдохгүй байна. Тиймээс ихэнх тохиолдолд хувийн хэрэглээндээ зарцуулаад дуусдаг” хэмээн тайлбарлалаа. Мөн ижил төрлийн бүтээгдэхүүн элбэг, зах зээлд борлуулах хэмжээний эцсийн бүтээгдэхүүн болгодоггүй зэрэг нь орлого өсдөггүйн бусад шалтгаан.

Иргэн Дорж өөрийн багахан талбайд ногоо тарилаа гэхэд түүнийгээ төв суурин газар аваачиж борлуулахад хүндрэлтэй. Ядаж л замын зардалдаа шатаад дуусна. Амьдарч буй сумын төвдөө борлуулья гэхэд худалдан авах чадвартай хүн цөөн. Ийм хүндрэл бусад аж ахуйд ч адилхан. Тиймээс өөрсдөө идээд дуусна. Илүү гарсныг нь хамаатан садандаа илүүчилнэ. Ингээд зунжин эрхэлсэн туслах аж ахуй нь тэдний орлогод бодитоор нөлөөлж чаддаггүй. Энэ мэт байдлаас болоод хөдөөгийн залуусын дийлэнх нь цалин хөлстэй ажил хийхийг эрмэлздэг болжээ. Энэ нь тэдний амьдралын баталгаа болно гэж үздэг аж. Тэр хэрээр малчдын дунд залуусын эзлэх хувь буурсаар байгаа дүр зураг харагдана.

» Одоогоос 16 жилийн өмнө хөдөө орон нутагт 1,030,500 хүн амьдарч байв. Харин өдгөө энэ тоо 961 мянга болтлоо буурсан үзүүлэлттэй.
» Тэдний 81.3 хувь нь давхар хөдөлмөр эрхэлж буй статистикаас харагдана.
» Хөдөөгийн иргэдийн 77 хувийнх нь орлого улсын дунджаас доогуур байгаа нь анхаарал татах асуудал яах аргагүй мөн.
Хөдөөгийн иргэдийн амьдрал хэцүүхэн гэдгийг хүн бүр мэднэ. Тэд гадаа гандаж, хээр хөхөрч, үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл ажилладаг. Гэсэн хэдий ч бодит орлого нэмэгдээгүй хэвээр. Уг нь юм хийе, бүтээе гэсэн хүсэл эрмэлзэл их болсон энэ үед нь жаахан дэмжээд өгчих юмсан. Ядаж л туслах аж ахуй эрхэлж бий болгосон багахан бүтээгдэхүүнийг нь шаардлагатай хэсэгт нийлүүлэх сүлжээг боловсронгуй болгомоор.

Түүнчлэн иргэд ганц нэгээрээ аж ахуй эрхлэх биш, нэгдэн нийлж ажиллавал цаг хугацаа, хүн хүч, зардал мөнгө хэмнэнэ гэдгийг хүн бүр хэлдэг. Гэвч нэгдэн нийлж ажиллах байдал хөдөөд урьдын адил хангалтгүй хэвээр. “Хөдөөгийн иргэдийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийг илүү том зах зээлд борлуулах тал дээр дэмжих шаардлагатай. Ингэвэл өрхийн амьдралд бодитой дэмжлэг болно” хэмээн О.Баасантогтох нэмж хэлсэн юм.

Хэрэв орон нутагт нь ямар нэг томоохон үйлдвэр юм уу, уурхай ашиглалтад орвол иргэдийн бодит орлого эрс дээшилж, тус газрыг зорих олны хөл нэмэгддэг гэсэн судалгаа бас байна. Жишээ нь, Дундговь аймгийн Хулд, Луус суманд жоншны бичил уурхай байгуулагдахад бусад сумаас залуус олноор нүүн ирж байв. Байнгын, тогтмол цалинтай хүний тоо нэмэгдэх нь тухайн нутгийн иргэдийн амьдралд шууд нөлөөлдөг. Уурхайд ажилласан залуус цалингаараа иргэдийн ургуулсан хүнсний ногоог худалдан авч, жижиг аж ахуйд нь орлого оруулна. Иргэд бичил бизнес эрхлээд орлого олж байвал заавал төв суурин газар бараадахыг бодохгүй шүү дээ. Тиймээс сум бүрт жижиг хэмжээний багахан үйлдвэр ядаж ганцыг байгуулж байж орон нутгийн хөгжил гэж ярих учиртай. Үгүй бол хөдөөгийн иргэд сөхөрч унатлаа ажиллаад ч ядуурлын байдлаасаа гарч чадахгүй нь.
САНАЛ БОЛГОХ