“The Simpsons”-ийн зохиолч нууц баримт олж авсан уу

Кино

“The Simpsons” цуврал хүүхэлдэйн кино 1987 онд дэлгэцэнд гарснаасаа хойш хамгийн их үзэгчтэй цуврал болсон билээ. Зохиолч Мэтт Гроунингийн бүтээсэн Хомер, Марж, Барт, Лаиза болон Мегги нар 29 жилийн турш бүх хүний хайртай гэр бүлийн гишүүн нь болсон юм. Гэвч тус хүүхэлдэйн кино ирээдүйг хэрхэн зөгнөж, тэдгээр нь яаж биеллээ олсныг мэдэх хүн ховор.

Хуйвалдааны онолчид “The Simpsons”-ийг олон улсын үйл явдлуудыг маш оновчтой зөгнөсөн гэж үздэг. Үүнээс болж хүүхэлдэйн киноны зохиолчид олон улсын нууц баримтыг олж авсан хэмээн сэжиглэгдсэн юм. Үнэнийг хэн ч мэдэхгүй ч тэдний зөгнөл биелсээр байгаа нь хачирхалтай. Тэр дундаа Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа уг цуврал дахин олны анхаарлын төвд орлоо. Учир нь тус хүүхэлдэйн кинонд Трампыг Америкийн Ерөнхийлөгч болно гэсэн зөгнөл гардаг юм.

Ингээд “Daily Star” сайтын онцолсон “The Simpsons”-ийн зөгнөлүүдээс танилцуулъя.

ЭБОЛА ВИРУС

2014 онд дэлхийн олон улс оронд тархаж, хэдэн мянган хүний амийг авч одсон Эбола вирусын талаар тус цуврал тэртээ 1997 онд зөгнөжээ. Барт хүү орондоо халуунтай хэвтэж байхад нь Марж “Сониуч Жорж ба Эбола вирус” гэсэн гарчигтай ном өгдөг. Тэрхүү номын хавтсан дээр өвчиндөө шаналан орондоо хэвтэж буй сармагчинг дүрсэлжээ. Сонирхуулахад, сармагчин бол тус вирусын тээгч гэж олон хүн үздэг юм.

ДОНАЛЬД ТРАМП

Тэрбумтан Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгч болохыг “The Simpsons” хүүхэлдэйн кино 16 жилийн өмнө зөгнөсөн гэвэл та итгэх үү?

“Барт ирээдүй рүү аялсан нь” нэртэй ангид Барт 2030 онд очдог. Гэтэл охин дүү Лаиза нь Д.Трампаас Ерөнхийлөгчийн албыг хүлээж аваад удаагүй байдгийг та санаж буй биз. Лаиза “Ерөнхийлөгч Трамп маш их өр үлдээгээд явлаа” хэмээхэд түүний нярав, багын найз Милхаус нь улс орны эдийн засгийн байдлыг тайлбарлана. Лаиза “Байдал хэр муу байна” гэж асуухад Милхаус “Бид дампуурчээ” хэмээдэг. Зөвлөхүүдийнх нь нэг нь Ерөнхийлөгч Д.Трамп дэлхийн бүх орноос зээл авсныг мөн хэлдэг байна.

ИХЭР ЦАМХГИЙН СҮЙРЭЛ

2001 оны есдүгээр сарын 11- нд болсон террорист халдлагын дараа хуйвалдааны онолчид хамгийн түрүүнд “The Simpsons” хүүхэлдэйн киног эш татсан. “Нью-Йорк хот Хомерын эсрэг” ангид Лаизагийн барьсан сэтгүүлийн хавтас дээр есийн тоо болон дэлхийн худалдааны төвийн байр тодорхой харагддаг. Энэ нь есдүгээр сарын 11-ний халдлагыг зөгнөсөн гэж онолчид үзсэн билээ. Харин энэхүү анги уг халдлагаас дөрвөн жилийн өмнө дэлгэцэнд гарч байсан юм.

РОЛЛИНГ СТОУНС ХАМТЛАГИЙН “STEEL WHEELCHAIR” ТОГЛОЛТ

Лондонгоос гаралтай, алдарт Роллинг Стоунс хамтлагийн талаарх зөгнөл цувралд мөн бий. 1995 онд гарсан нэгэн ангид найман настай Лаиза мөрөөдлийнхөө дэвтэрт 2010 онд хуримаа хийнэ хэмээн бичдэг. Харин дэвтэр дээр Роллинг Стоунс хамтлагийн “Steel wheelchair” тоглолтын зарлал харагдана.

Тус хамтлаг 1980-аад оноос хойш нэг хэсэг уран бүтээлээ завсарласан ч, тус зөгнөлөөс зургаан жилийн дараа тус хамтлаг аялан тоглолтоо үргэлжлүүлэн хийж эхэлсэн билээ.

Гурван арван жилийн өмнөөс тэд өнөөдрийн ертөнцийг зөгнөж эхэлжээ. Дээр дурдсан бол нэгээхэн хэсэг нь. Тэд генийн мутацад орсон хүнсний ногоо, бугуйн цагийг ашиглан утсаар ярих, робот номын санч, дүрсээ харж ярьдаг гар утас гээд олон зүйлийг онож зөгнөсөн. Зохиолч Мэтт Гроунинг хэдэн үеэр түрүүлж сэтгэдэг байлаа ч Трампыг Ерөнхийлөгч болно гэж хэн санах билээ. Энэхүү хачирхалтай явдлыг та бид өөр өөрийнхөөрөө дүгнэх хэрэгтэй биз ээ.


Сэтгэгдэл
Зочин
ene zohiolch baysalgal hiideg zohiolch baina bayslagal hiij samadhid orsonoor ireedui , ungursun , odoo geed buhii l zuiliin nuutsd nevterdeg terch biatugai hen yu bodoj hiih gej baina geh zergiig bugdin olj avdag buguud delhiin ulsuud nuutsaar sudalsaar baina
САНАЛ БОЛГОХ