“Alibaba” таван минутад нэг тэрбум ам.долларын борлуулалт хийлээ

Мөнгө ба бизнес

“Alibaba” компани “Ганц биечүүд”-ийн өдрөөр цахим худалдааг нээсэн эхний таван минутад нэг тэрбум ам.долларын борлуулалт хийснээ мэдэгдлээ. Ганц бие хүмүүст зориулсан 24 цаг үргэлжлэх энэхүү арга хэмжээний үеэр БНХАУ-ын эдийн засгийн байдал болон тус улсын цахим худалдааны хамгийн том компани болох “Alibaba”-ийн бизнесийн орчны төлөвийг харах боломжтой ажээ. Хөрөнгө оруулагчдын зүгээс тус компани борлуулалтаа 60 хувиар өсгөж, 91.2 тэрбум юань 13.5 тэрбум ам.долларт хүргэсэн өнгөрсөн жилийн амжилтаа давтаж чадах эсэхийг анхааралтай ажиглаж байна. Анх 2009 онд “Alibaba” групп санаачилж, үүний дараа jd.com зэрэг зах зээлийн өрсөлдөгчид нэгдэх болсноор "ганц биечүүдэд" зориулсан энэхүү арга хэмжээ уламжлал болон зохиогдох болжээ. Энэ онд БНХАУ-ын эдийн засгийн өсөлт III улиралд хамгийн их саарсан үзүүлэлттэй гарсан, юанийн ханш суларсан нь гадаад худалдан авагчдын эрэлтийг эрчимжүүлэхээр байгаатай холбогдуулж бизнес эрхлэгчид ашгийн амжилтаа эвдэнэ гэсэн өндөр хүлээлттэй байна. Харин “Аlibaba”- ийн Гүйцэтгэх захирал Даниэль Занг "Энэ онд хэрэглэгчдийн зан төлөв өөрчлөгдөж, "худалдан авалтаас илүүтэйгээр энтертайнмент чиглэлд хандах болсон байна" гэсэн тайлбарыг өгчээ.

“Alibaba” компани энэ жилийн арга хэмжээний цар хүрээг олон улсад нэмэгдүүлэхийн тулд Холливудын жүжигчин Скарлетт Йоханссон, нэрт хөлбөмбөгчин Дэвид Бэкхэм, сагсан бөмбөгийн амьд домог Кобе Брайнт болон “One Republic” хамтлагийг арга хэмжээндээ оролцуулахаар урьсан аж. Харин АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд гүнээ харамсаж буйгаа илэрхийлсэн дуучин Кэти Перри уг арга хэмжээнд оролцох ёстой байсан ч тоглолтоо цуцалжээ.


Энэ жилийн арга хэмжээний хүрээнд “Аlibaba” групп 20 тэрбум ам.долларын борлуулалт хийж өнгөрсөн жилийн амжилтаа эвдэх магадлалтай гэж таамаглаж байна. 2015 оны “Ганц биечүүд”-ийн өдрөөр тус компани 13.5 тэрбум ам.долларын борлуулалт хийж амжилт тогтоож байсан юм.





САНАЛ БОЛГОХ