Б.Солонго: Хүн үргэлж тэмүүлэлтэй, идэвхтэй байх хэрэгтэй
Залуус
Монголд хөрөнгөжсөн боловсролгүй хүмүүс их болсон юм шиг санагддаг
Яагаад ч юм түүний имиж галзуу рокер учир үг яриа нь ч тийм байх болов уу гэж би таамаглаж байлаа. Болзсон цагтаа, тохирсон газраа очиход ахлах ангийн охин шиг даруухан нэгэн сууж байх нь тэр. Хүзүүтэй цагаан светэрийн гадуур яг л шинэ жилийг санагдуулам хар улаан өнгийн ноосон цамц өмссөн байлаа. Үсээ зүгээр л хойноо боож, бага зэргийн энгэсэг тавьжээ. Бас улаан хүрээтэй цагаан өнгийн нүдний шил нь түүнийг улам бүр даруу харагдуулна. Энэ бол намуухан хоолой, даруухан төрхтэй, Монгол Улсын Филармонийн гоцлол дуучин Б.Солонго юм. Түүнтэй хийсэн ярилцлагаа хүргэе.
-Таныг хамгийн сүүлд буюу өнгөрсөн дөрөвдүгээр сард “Үдэшлэг” нэртэй бие даасан тоглолтоо хийснийг санаж байна. Харин одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?
-Манай филармони зун амардаг. Харин өвлийн улиралд ажил ихэсдэг юм. Одоохондоо филармонийнхаа ажлыг хийгээд л байж байна.
-Б.Солонго урлагт яг хэзээ хөл тавьсан юм бэ. Яагаад дуучин болохоор шийдэв? -Бэлтгэл ангиасаа эхэлж үндэсний цөөхүүл хөгжимтэй ардын дуу дуулдаг байлаа. Дуу хөгжмийн багш маань намайг дагуулж хүүхдийн урлагийн наадам, тэмцээнд явуулдаг байсан юм. Энэ үеэс л дуулж эхэлсэн.
-Хэрэв дуучин болоогүй бол өөр ямар мэргэжлийг сонгох байсан бол?
-Бага байхын л дуулдаг хүүхэд байсан учир ирээдүйд“Би лаг дуулдаг юм чинь дуучин болно” гэж боддоггүй байсан. Зүгээр л дуртай учраас л дуулдаг байлаа. Бас урлагийн үзлэгээр хүүхдүүдийн авьяас тодордог шүү дээ. Нэг л мэдэхэд би дуучин болсон байна. Мэс заслын эмч, цагдаа, эсвэл зураач болно гэж боддог байсан. Багадаа мөн зураг зурах дуртай хүүхэд байв. Харин одоо энэ авьяасаа сэргээж хөгжүүлнэ гэж бодох болсон.
-Урлагийн аль чиглэлийг түлхүү сонирхдог юм бэ. Сүүлийн үед жааз дуулах боллоо.
-Баянмонгол чуулгатай дуулж Б.Солонго: Хүн үргэлж тэмүүлэлтэй, идэвхтэй байх хэрэгтэй байгаа болохоор жааз дуучин гэсэн тодорхойлолт авчихлаа. Жааз нэлээн хүнд урсгалд ордог. Тиймээс энэ хөгжмөөр тоглох болон дуулахад тухайн хүнээс өндөр чадвар шаардана. Мэргэжлийн түвшний урлаг гэж хэлж болох юм. Гэхдээ урлагийн хүн жаахан хөгширч байж жааз дуулбал зүгээр юм шиг санагддаг байв. Харин одоо энэ бодлоо хаясан. Залуус жааз хөгжим тоглож, дуулж байна. Би рок, металл хөгжим сонсох дуртай. Тийм боловч огт дуулдаггүй. Саяхан Амгаа ахын зохиосон нэгэн металл дууг дуулсан. Аймшгийн киноны дуу юм билээ.
-Улсын Филармонид ороод хэр удаж байна?
-Удирдаач С. Саруул-Одтой хамт жааз хөгжим тоглодог байсан. Ер нь Баянмонгол чуулгын хөгжимчидтэй найзууд л даа. Тэд филармонид дуучин шалгаруулж авах талаарх мэдээг надад хэлж, би түүнд нь орж тэнцсэн. Энэ байгууллагадаа ажиллаад бараг дөрвөн жил болж байна.
-Филармони бол төсвийн байгууллага. Тэр утгаараа цалин нэлээн бага шүү дээ. Санхүүгийн асуудлаа хэрхэн шийдэж байна. Хувийн бизнес эрхэлдэг үү?
-Тийм зүйл байхгүй. Бизнест амжилт олохгүй юм билээ. Мөнгөтэй холбоотой, тэр дундаа бизнесийн тал дээр ямар ч авьяасгүй хүн бол би.
-Тэгэхээр бизнес хийхээр оролдож үсэн байх нь. Аль салбарт “хүч үзэв”?
-Хоолны газар ажиллуулах гэж үзсэн. Мөн худалдаа хийсэн. Их хэцүү санагдсан.
-Санхүүгээ хэрхэн шийддэг талаар надад хариулсангүй.
-Улсын байгууллагын цалин үнэхээр бага. Гэхдээ Улсын филармони биднийг өөр газар дуулахыг хориглодоггүй. Би ажлынхаа хажуугаар клубт дуулдаг.
-Та нэлээн дээр үед клубт дуулдаг байсныг мэдэх юм.
-Туушингийн 25 давхарт мягмар гараг бүр дуулж байгаа. Миний сонирхол клубт дуулах. Тэндээс сэтгэлийн таашаал авах дуртай. Гэхдээ яг үнэндээ клубт дуулна гэдэг хэцүү ажил. Манай сонсогчдын хөгжмийн боловсрол маш тааруу. Дээрээс нь боловсролгүй хүмүүс хөрөнгөжсөн байна. Тийм хүмүүс жаахан согтохоороо зан нь их тавьтаргүй болдог. Мөнгөтэй л бол хүссэн бүхнээ хийхийг зорьж, байж болох бүх тэнэглэлийг гаргадаг. Зан авир бүдүүлэг байдал нь заримдаа хэрээс хэтэрдэг. Гэхдээ дуучид мөнгөтэй болох хэрэгтэй юм шиг санагддаг. Соёлгүй хүмүүст дээрэлхүүлэхгүйн тулд шүү дээ. Миний сонирхол алдар нэр хөөцөлдөх биш. Бас их мөнгөтэй болох юмсан гэж боддоггүй.
-Айлын хэд дэх хүүхэд вэ. Хүүхэд насныхаа тухай дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Аав маань цэргийн, ээж эрүүл мэндийн салбарын хүн. Гэхдээ одоо хоёулаа хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Нэг эрэгтэй дүүтэй. Цэцэрлэг, сургууль гээд багаасаа л их шилждэг хүүхэд байсан. Аав цэргийн хүн байсан болохоор ажил нь өөрчлөгдөх бүрт дагаад явна. Заримдаа сургууль дээр асуудал үүсдэг байсан учир шилжих тохиолдол олон гарсан. Оюутан болоод мөн л шилжсэн. Кино урлагийн дээд сургуульд суралцаж байгаад Радио телевизийн дээд сургуулийн найруулагчийн анги төгссөн. Найруулагч мэргэжилтэй боловч мэргэжлээрээ огт ажиллаагүй. Ер нь биеэ даасан байдалд дуртай. Өөрөө бүхнийг шийдэх гэж оролддог.
-Сургуулиасаа шилжих хүртэл ямар асуудал үүсдэг байсан юм бэ?
-Би багадаа их гадуурхагддаг байсан. (инээв) Их сонин байгаа биз. Яагаад тийм байдалд ордог байснаа мэдэхгүй юм. Харин есдүгээр ангид байхдаа 44 дүгээр сургуульд шилжиж, тэндээ төгссөн. Тэр ангийнхан маань харин давгүй байсан шүү. Үүнээс өмнө байсан бүх сургуульд л асуудалтай байлаа.
Миний сонирхол клубт дуулах. Тэндээс сэтгэлийн таашаал авах дуртай. Гэхдээ яг үнэндээ клубт дуулна гэдэг хэцүү ажил.
-Сурлагын хувьд хэр сурагч байв?
-Хэцүү хэцүү. Нэгдүгээрт, байсхийгээд л сургуулиа солино. Хоёрдугаарт, би өөрөө хичээлдээ дургүй байв. Мөн дуулдаг байсан учир хичээлээс чөлөөлөгдөнө.
-Төгсөх ангийн шалгалтуудыг яаж давсан юм бэ?
-Яаж ийж байгаад л төгсчихсөн. Найз нөхдийнхөө хүчинд гэхүү дээ. /инээв/
-Багаасаа дуулдаг байсан шүү дээ. Яагаад СУИС-д ороогүй юм бэ?
-Эстрадын дуулаачийн ангид шалгалт өгсөн болов ч тэнцээгүй.
-Сонин юм аа, тань шиг хоолойтой хүн тэнцээгүй гэж бодохоор?
-Харин мэдэхгүй юм, би ч гайхсан. Өөр бусад хүмүүс ч мөн адил гайхаж байлаа. Ингээд л КУДС-д жүжигчний ангид овоо өндөр оноо авч, тэнцсэн. Ээж “Хэлээгүй юу. Чамайг жүжигчин болно гэж” хэлсэн юмдаг. Ээж намайг “Миний охин дуулахгүй дээ. Ийм аяархан хоолойтой хүн дуучин болдоггүй юм. Жүжигчин бол” гэж хэлдэг байсан. Ингээд л КУДС-д тэнцээд “Нээрээ ээжийн хэлдэг үнэн юм байна. Жүжигчин болох л хүн юм байж” гэж бодсон. Гэтэл нэгдүгээр курсээсээ хамтлагт ороод, дахиад л дуулсан. Амьд хөгжмийн "A sound" хамтлаг өмнө нь "1060" гэдэг нэртэй байсан. Тэр үед би тус хамтлагт дуулдаг байсан юм.
-Цаашдаа ч дуулсаар байх уу?
-Дуулахгүй байх шалтгаан үгүй. Тийм болохоор насан туршдаа дуулах байхдаа.
-Амьдралыг үзэх таны үзэл юу вэ?
-Амьдралаас уйдах маш амархан санагддаг. Тиймээс ямар нэг зүйлд зорьж, тэмүүлж, идэвхтэй байх хэрэгтэй. Үгүй бол амьдрал шал сонирхолгүй болдог. Сүүлийн үед хэн нэгнийг шүтэж, дуурайдаг байх хэрэгтэй юм болов уу гэж санагдах болсон. Багаасаа л надад огт тийм үзэл суртал байгаагүй. Төрөл бүрийн дуучдыг сонсдог хэрнээ хэзээ ч “түүн шиг болох юмсан” гэж бодож байгаагүй. Урлагийнхныг хараад байхад алдаа оноо алийг нь ч гаргасан урдаа үлгэр жишээ авдаг хүнтэй байдаг юм билээ. Гэтэл надад тийм хүн огт байхгүй.
-Хувийн амьдралынхаа талаар ярихгүй юу. Хүүхэд нь одоо хэдтэй вэ?
-11 настай, тавдугаар ангийн сурагч болсон. Би харьцангуй эрт ээж болсон. Нэг бодлын зүгээр санагддаг юм. Хэт хөгширснийхөө дараа төрснөөс энэ нь дээр. Дуулж хуурдаад явдаг болохоор яалт ч байхгүй хүүхэд маань эмээ, өвөө дээрээ өссөн. Одоо бол аавтайгаа хамт байгаа. Бид хоёр хүүхдээ ээлжилж авдаг. Хүүхдийн маань эцэг бид хоёр есөн жил хамт амьдарсан. Таарч тохирохгүй гээд янз бүрийн шалтгаанаар хоёр тийш болсон.
-Дахиад амьдрал зохиох төлөвлөгөө бий юу?
-Үерхдэг залуу бий. Гэхдээ юу юугүй гэрлээд, хамт амьдарна гэсэн бодол алга байна. Заримдаа хүнтэй гэрлэх шаардлагагүй юм шиг санагддаг.
-Тайзан дээр дуугаа дуулаад зогсож байхдаа ямар мэдрэмж авдаг вэ?
-Өөрийн зохиосон дуугаа дуулахад сайхан байдаг. Яагаад гэвэл дотоод сэтгэлээ мэдэж байгаа учраас хүмүүст ярьж өгч байгаа юм шиг дуулах боломж олддог. Бас тийм нэг тайван байдаг юм.
-Ярилцсанд баярлалаа.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй