Хардалт дагуулсан хиамны жимээр

Сурвалжилга

Бүтээгдэхүүний давсны хэмжээг 15 хувиар бууруулжээ

...Хүнсний бүтээгдэхүүнд хордохгүй байх баталгаа алга. Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд хэрэглэгчид яагаад итгэхгүй байна вэ. Хиамны шошгон дээрх орцонд гахай, үхрийн махаар хийсэн тухай бичсэн байдаг ч үнэндээ эргэлзээтэй. Түүнчлэн сүүлийн үед хиамны үйлдвэрүүд махаа арвижуулахын тулд ариун цэврийн цаасыг усанд дэвтээгээд хольдог болсон гэх мэтээр үнэн, худал нь үл мэдэгдэх мэдээллүүд зарим цахим сайт болон олон нийтийн сүлжээнд хөвөрсөөр.

Тэрчлэн хугацаа нь дууссан, хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй хиам олширч байна. Нөгөөтэйгүүр, үйлдвэрлэгчид он, сар, өдрийг зохиож бичдэг л гэнэ. Энэ мэтчилэн байнгын эргэлзээ, тээнэгэлзээ төрүүлж байдаг хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн үйлдвэрлэдэг, хаанаас оруулж ирдэг талаар манай сонин хэд хэдэн удаа цуврал сурвалжлага бэлтгэн, уншигчдадаа хүргэсэн билээ. Тухайлбал, жимс, цагаан будаа, тарагны үйлдвэрлэл гээд дурдаж болно.

Хүнсний аюулгүй байдалд хамаатай, анхаарал татах асуудлын нэгд яах аргагүй багтдаг хиамны жимээр бид энэ удаа явлаа.

Мах, махан бүтээгдэхүүн, хиамны үйлдвэрлэл хэрхэн явагддаг, ямар түүхий эдийг яаж бэлтгэдэг зэргийг нүдээр үзэх зорилгоор манайхны хамгийн их худалдан авдаг “Траст трейд” компанийг зорьсон юм.

Нэн түрүүнд хиамны үйлдвэрийн түүхий эдийг бэлтгэн нийлүүлдэг ангилсан махны үйлдвэрээр орлоо. Үйлдвэрт нэвтрэхийн тулд чамгүй олон дамжлага хэрэгтэй. Тус компанийн технологич бидэнд нэгэн цаас өгч, бөглөхийг хүсэв. Үүн дээр амьсгалын замын өвчтэй, сүүлийн долоо хоногт гэдэсний суулгалтаар өвчилсөн, ханиад хүрсэн, эсэх гээд бараг 10 гаруй асуулт хөвөрч байлаа. Дараа нь ээмэг, зүүлт, гар утас гээд бүх эд хэрэглэлээ “хураалгав”. Нэг удаагийн малгай, амны хаалт, нөмрөг зэргийг өмссөний дараа гутлаа ч мөн солих хэрэгтэйг санууллаа. Үйлдвэр рүү нэвтрэхийн өмнө иж бүрэн хувцаслаж авсан нь энэ. Ингээд гараа савандаж угаагаад, спиртээр дахин нэг ариутгаад нэгэн төхөөрөмж дотор орж зогсов. Энэ нь хувцсанд наалдсан хүний нүдэн харагдахгүй тоос шороог үлээлгэдэг шидтэй аж. Хамгийн сүүлд нь гутлаа ариутгаснаар үйлдвэрт хөл тавих эрх нээгдэв.

Биднийг ангилсан махны үйлдвэрийн технологич салбартàà 25 жил ажиллаж буй Т.Болормаа угтан авч, үйлдвэрийнхээ үйл явцыг танилцуулав. Хиамны түүхий эд болох үхэр, хонины гулууз болон гахайн махыг гэрээ байгуулсан бэлтгэн нийлүүлэгчдээс худалдан авдаг юм байна. Ангилсан махны үйлдвэр учраас дан ганц хиамны түүхий эдийг бэлтгэдэггүй гэдгийг Болормаа бидэнд тайлбарлав. Учир нь зөвхөн үхэр, гахайн махаар л хиам үйлдвэрлэдэг аж. Харин хонь болон үхрийн махыг гэрээ байгуулсан ресторан, уул уурхайн компанид бэлтгэн нийлүүлдэг байна.

Технологич Т.Болормаа “Түүхий эдийг шууд үйлдвэрлэлд оруулах, эсэхээс хамаарч хадгалалтын зооринд хийх, эсвэл үйлдвэрийн дамжлага руу явуулна. Мал нядалгааны үед гаднын бохирдол, зөв хадгалалт зэргийг харгалзаж үздэг. Махаа Дорнод болон баруун аймгуудын малчдаас авдаг. Махны нөөц маань тухайн үеийн захиалгаас хамаардаг. Хоногт дөрөв орчим тонн гулууз мах боловсруулах хүчин чадалтай. Дээрээс нь хонь, гахайн махыг ангилна. Бохир жингээр нь тооцвол хоногт долоон тонн мах боловсруулдаг гэж хэлж болно. 30 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Гулууз махыг хамгийн дээд тал нь стандартад зааснаар 18 градусаас дээш хүйтэнд 12 сар хадгална” гэв.

Өлгөөтэй махнуудад хар өнгийн бүдүүн утсаар тоо бичсэн харагдана. Энэ нь махны гарал үүслийн код юм байна. Ингэж коджуулснаар тухайн мах хаанаас, хэнээс, хэчнээн тоо ширхэгтэй, хэдэн килограмм ирсэн бэ гэдгийг баталдаг аж. Учир нь олон газраас мах худалдан авдаг тул заавал коджуулах шаардлагатай. Ийм мөшгөлтийн кодгүй бол ялгах ямар ч боломжгүй болдог байна. Нөгөө талаар, дараа нь гарах эрсдэлийг тооцох чухал үүрэгтэй. Үйлдвэрийн ажилчид махаа ангилахын өмнө бэлтгэн нийлүүлэгчийн код байгаа эсэх, гаднын бохирдол орсон зэргийг заавал шалгаснаар, цэвэрлэгээнд оруулдаг аж.

Ингэхдээ ч мөн технологийн дагуу цэвэрлэж боловсруулах ёстой. Ерөөс дамжлага бүр технологитой, нарийн дүрэм журамтай. Гурван эмэгтэй өлгөөтýй махнуудын гадна талын хальс, үс зэргийг цэвэрлэж байв. Ингэж цэвэрлэсний дараа махаа жинлээд, шулж жижиглэнэ. Шулагчид дор бүрнээ нэг сав тавьсан харагдана. Энэ нь махнаас гарч байгаа хальс, өөх зэргийг ялгаж, хийдэг сав юм байна. Махнаас гарсан хальсыг нохойн хоолонд өгдөг юм байна. Эцэст нь цэвэрлэж, ангилсан түүхий эдийг хиамны үйлдвэр рүү хуваарилдаг аж.
Зөвхөн үхэр, гахайн махаар л хиам үйлдвэрлэдэг
Махны үйлдвэр гэхээр л энд тэндгүй цустай, бохир орчин төсөөлж байсан маань эсрэгээрээ байв. Үйлдвэрийн хана, ширээ, хутга хэрэгсэл нь тун цэвэрхэн. Тэнд нэг үйлчлэгч эмэгтэй цэвэрлэгээ хийж байв. Мах ангилж байх явцад ариун цэврийн байдлыг хангадаг аж. Хогоо гадагшлуулах тогтсон цагтай. Хүнстэй харьцдаг ажилчид цэвэрлэгээнд огт оролцох ёсгүй. Харин үйлдвэрлэлийн үйл ажиллагаа дууссаны дараа хэрэглэñý н багаж хэрэгслээ ариутгаж цэвэрлээд явдаг хэмээн Болормаа хэллээ.

Үүний дараа бид Замын цагдаагийн газрын зүүн талд байрлах хиамны үйлдвэрийг зорилоо. Дэргэдээ нэрийн барааны дэлгүүртэй тус үйлдвэр нь мөн л дээр өгүүлсэн ариун цэврийн байдлыг хангаснаар биднийг дотогш нэвтрүүлсэн. Хиамны үйлдвэрийн үйл явц түүхий эд хүлээн авахаас эхэлнэ. Герман технологитой тус үйлдвэрт сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг нэвтрүүлжээ. Хиамны үйлдвэр дээр ч мөн мөшгөлтийн үйл явцыг хэрэгжүүлдэг аж. Энэ удаад бидэнд “Траст трейд” компанийн Чанарын албаны дарга Ж.Эрдэнэчимэг үйлдвэрлэлийн явцаа танилцууллаа. Тэрбээр “Бид өдөрт 16-18 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Хиамны үйлдвэрлэлийн үйл явцыг танилцуулъя. Үйлдвэрээс ирсэн түүхий эдээ хүлээн аваад зооринд хадгалдаг. Тодорхой градуст махаа гэсгээсний дараа том тавганд бусад орцтой нь хамт найрлаганд оруулдаг. Найрлагын хэсгээс бүтээгдэхүүн бэлэн болно гэж ойлгож болно.

Дараа нь хальсанд нь савалдаг юм. Бүрхэвчийг утлагатай, чанасан хиаманд тохируулан ОХУ-аас бэлэн бүтээгдэхүүн нийлүүлдэг. Бүтээгдэхүүний чийг багасах тусам хадгалалтын хугацаа уртасдаг. Бүтээгдэхүүнээ савлаж шахсаны дараа рамлаж, шарах шүүгээнд болгодог. Хиам бүрийн технологи харилцан адилгүй учраас хөргөлтийн үйл явц өөр байдаг. Утлагатай хиамыг том өрөөнд сойж, зориулалтын модоор утаа гарган хийдэг хадбол чанамал хиамыг тодорхой градус заасан өрөөнд хөргөдөг” гэв.

Ингээд бүтээгдэхүүн бэлэн болж, заримыг нь вакуумдаж, битүүмжилснээр хэрэглэгчийн гарт хүргэнэ. Чанамал хиамны хувьд 7-14 хоног хадгалах бол утлагатай хиамыг хагас болон бүтэн утлагатай, эсэхээс нь харгалзан хадгалалтын хугацааг 14-30 хоног байдаг аж. Дайвар бүтээгдэхүүний хувьд 7-10 хоногийн хугацаатай.

Чанамал хиамны хувьд 7-14 хоног хадгалах бол утлагатай хиамыг хагас болон бүтэн утлагатай, эсэхээс нь харгалзан хадгалалтын хугацааг 14-30 хоног байдаг аж.
Энд үйлдвэрлэлийн хамгийн чухал үйл ажиллагааны явцыг дурдах нь зүйтэй. Үйлдвэрт бэлэн болсон бүтээгдэхүүнүүдийг борлуулалтад гаргахаас өмнө заавал лабораторид дээж авч, шинжилдэг байна. Хэрэв шинжилгээний дүн “аюулгүй” гэж гарвал тухайн бүтээгдэхүүнийг борлуулалтад гаргах ёстой. Бактериологийн 13, химийн тав, түүхий эдийн химийн 10 орчим үзүүлэлтээр ийнхүү бүтээгдэхүүнийг шинжилдэг аж. Тус компанийнхан өнгөрсөн жилээс нийт бүтээгдэхүүнийхээ давсны хэмжээг 2.3 хувь байсныг 15 хувиар бууруулж, хоёр хувь болгожээ. Нитритийн хэмжээг мөн бууруулахаар туршилт явуулж байгаа аж.


Нүд үнэн, чих худал гэдэг. Үнэн худлын хооронд дөрвөн хуруу зай бий. Зөвхөн “Траст трейд” компанийг бид онцлохыг зорьсонгүй. Харин иргэдийн дунд байдаг олон эргэлзээг тайлахын тулд ийнхүү үзэж, харснаа хүргэж буй юм. Сүүлийн жилүүдэд хүнсний үйлдвэрүүд HACCP-аас эхлээд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартуудыг үйл явц бүртээ нэвтрүүлж буй нь эрүүл, аюулгүй, чанарын баталгаатай хүнс үйлдвэрлэх боломжийг нэмэгдүүлэх болжээ. Зах зээлийн хуулиа дагаад ийнхүү шинэ стандарт нэвтрүүлэхгүй бол хүссэн хүсээгүй арчигдахаар байна. Тиймээс эрүүл хүнсний сонголт гагц иргэдийн гарт байна. Элдэв худал мэдээлэлд автахын оронд шошготой нь сайн танилцах нь хамгийн зөв алхам юм.


САНАЛ БОЛГОХ