"Транс номхон далайн худалдааны хэлэлцээр"-т өөрчлөлт оруулбал нурах эрсдэлтэй гэв

Худалдаа

"АНУ-ын зүгээс Транс, Номхон далайн худалдааны хэлэлцээрт өөрчлөлт оруулбал уг хэлцэл нурах эсрдэлтэй" гэж Сингапурын Засгийн газраас мэдэгдлээ. Учир нь олон орныг хамарсан хэлэлцээр тул нэг өөрчлөлт хэлэлцээрийн нөхцөлийг бүхэлд нь шинэчлэхэд хүргэж болзошгүй гэж дүгнэж байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн Азийг чиглэсэн гол санаачлагуудын нэг "Транс, Номхон далайн түншлэл" хэлэлцээрт 12 улс багтдаг бөгөөд амжилттай хэрэгжвэл гишүүн улсуудын дотоодын нийт бүтээгдэхүүн 2030 он гэхэд дунджаар 1.1 хувиар өснө гэж Дэлхийн банкнаас тооцоолжээ. Хэдий тийм боловч АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид болох Хиллари Клинтон, Доналд Трамп нарын үзэл бодлын зөрчилдөөнөөс болж хэлэлцээр амжилттай хэрэгжих эсэх нь эргэлцээтэй байгаа юм. Энэхүү хэлэлцээрт нэгдсэн орнууд дэлхийн эдийн засгийн 40 хувийг бүрдүүлдэг байна. Харин БНХАУ тус хэлэлцээрт багтаагүй байгаа юм. Номхон далайн орнууд эдийн засгийн түншлэл байгуулснаар БНХАУ-ын нөлөөг бууруулах зорилготой байна гэж шинжээчид дүгнэсэн байна. Түүнчлэн "Транс, Номхон далайн түншлэл"-д нэгдсэн улсууд хэлэлцээрийг баталбал хоёр сарын дотор хэлэлцээр хэрэгжиж эхлэх юм. Харин эс батлагдвал 2017 оны аравдугаар сар гэхэд АНУ, Япон болон хэлэлцээрт багтсан дөрвөн улс нөхцөлийг хүлээн зөвшөөрвөл хэрэгжиж эхлэх ажээ.

Б.Номин

Холбоо барих: nomin.b@bloombergtvmongolia.com

minjma.g@bloombergtvmongolia.com


САНАЛ БОЛГОХ