Урагшилж буй аж үйлдвэр

Нийтлэл

Аж үйлдвэрлэлийн экспорт 58 хувиар өсчээ

Төсөв, төгрөг, төлбөрийн тэнцэл цөм уруудлаа. Монголын эдийн засагт хямрал нүүрлэж, харанга дэлдсэнийг эдийн засагчдаас эхлээд эрх баригчид хүртэл хүлээн зөвшөөрч байна. Гадаад ертөнц ч үүнийг өлгөж аван, Монголын тухай бараан мэдээг бага зэрэг хачирлан дэлхийгээр нэг цацаж байна. Унасан, уруудсан үзүүлэлт дунд нэгэн “эх оронч” өсөлт урагшилж буйг та анзаарав уу. Аж үйлдвэр тэлж байна. Энэ салбарын үзүүлэлтүүд сүүлийн хоёр жил дараалан өслөө.

Энэ оны эхний арван сарын байдлаар аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 597.9 тэрбум төгрөгөөр өсчээ. ДНБ нь 11.3 их наяд төгрөгтэй тэнцдэг Монгол Улсын хувьд хагас их наядын өсөлт гэдэг чамлахааргүй тэлэлт. Ингэснээр нийт үйлдвэрлэл 7.7 их наяд төгрөгт хүрснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Жишиг индекс ч үүнийг батлав. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс өмнөх оны мөн үеэс 10.4, жилийн эцсээс 13.4 хувиар өссөн гэгээн мэдээ байна. Ялангуяа, нарийн боов, шингэн сүү, хуванцар карт, төмөр замын дэр мод, амтат ундаа зэрэг боловсруулах салбар 0.2 хувиас 1.9 дахин нэмэгдсэн байх юм.

Энэ салбарын нийт үйлдвэрлэл 597.9 тэрбум төгрөгөөр тэлжээ

Үүнтэй зэрэгцээд борлуулалт ч ахисан. Аж үйлдвэрийн салбарын борлуулалт 8.6 их наяд төгрөгийг давсан. Үүний 5.2 их наяд төгрөг буюу 60.5 хувийг хилийн чанадад нийлүүлжээ. Энэ дунд тоолгүй өнгөрч үл болох нэг үзүүлэлт бий.

Аж үйлдвэрлэлийн Урагшилж буй аж үйлдвэр экспорт 58 хувиар өссөн байна. Өөрөөр хэлбэл, оны эхний есөн сард 92 сая ам.доллараар тэлснийг Монголбанкнаас гадаад худалдааны тоймдоо дурджээ. Энэ хугацаанд уул уурхайн бүтээгдэхүүний биет хэмжээ тэлсэн. Гэвч үнийн уналтаас үүдэн орлого буурч, нэг их наяд төгрөгөөр татарсан байна. Сүүлийн жилүүдэд уул уурхай ухарч, үйлдвэрлэл урагшилж байна. Уул уурхайн түүхий эдийн нийт экспортод эзлэх жин өнгөрсөн оны мөн үеэс 2.7 хувиар буурсан. Харин аж үйлдвэрийнх гурван хувиар өссөн байна. Аж үйлдвэрийн экспортын хүнс, хувцас, гутал, эдлэл, машин, механик, тоног төхөөрөмжийн эд ангийн төрөлд багтах бүтээгдэхүүний экспорт онцгой өсчээ. Олон тулгуурт эдийн засгийг цогцлоохоор зүтгэж буй Монгол Улсад үүнээс өөр сайн мэдээ гэж юу байх билээ.

Үүнээс гадна импорт мөн хумигдсан. Мэдээж, иргэд, аж ахуйн нэгжийн орлого буурч, импорт хумигдаж байгаа нь үнэн. Гэхдээ зарим салбарын дотоодын үйлдвэрлэл сэргэснээр импортыг түрж байна. Тухайлбал, цементийн импорт мэдэгдэхүйц татарчээ. Импортын цемент өнгөрсөн сарын байдлаар дөрөв дахин хумигдсаныг Гаалийн ерөнхий газрын цахим хуудаснаас харж болно. Өнгөрсөн жилийн мөн үед 873 мянган тонн гахиур хилийн чанадаас авч байсан монголчууд энэ онд 249 мянган тонныг импортолжээ.

» Энэ оны эхний арван сарын байдлаар аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 597.9 тэрбум төгрөгөөр өсчээ.

» Аж үйлдвэрийн салбарын борлуулалт 8.6 их наяд төгрөгийг давсан.

» Өнгөрсөн оны байдлаар аж үйлдвэрийн салбар нийт 6.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил гүйцэтгэсэн байна.

2015 оноос үйлдвэржилт сэргэснийг тоон утгууд түвэггүй хэлээд өгнө. Өнгөрсөн онд Монгол Улс аж үйлдвэрийн бодлогоо өлгийдөж авсан. 2030 он хүртэлх аж үйлдвэрийн замналаа зурагласан юм. Үндэсний үйлдвэрлэгчдийг хамгаалах цөөнгүй тогтоол, шийдвэр гаргасныг ч мартаж болохгүй. Мөн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд олон улсын зах зээлээс санхүүжилт татаж, үйлдвэрлэгчдээ өөд нь татсан юм.

Хөгжлийн банкнаас олгосон нийт зээлийн бараг 30 хувь нь буюу 1.5 их наяд төгрөг хувийн хэвшилд шингэсэн. Аж үйлдвэрийн яамнаас мэдээлснээр энэ оны эхний улирлын байдлаар Монгол Улсад хүнд үйлдвэрийн 718 тэрбум төгрөгийн 32 төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна. Бас хөнгөн үйлдвэрийн 334 тэрбум төгрөгийн 37 төсөл, жижиг, дунд үйлдвэрийн 154 тэрбум төгрөгийн 917 төсөл шинээр хэрэгжиж буй. Өнгөрсөн оны байдлаар аж үйлдвэрийн салбар нийт 6.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил гүйцэтгэсэн байна. Энэ нь Монгол Улсын төсөвтэй дүйж буй. Эдгээр тоон үзүүлэлт үйлдвэржилтийн галт тэрэг хөдөлснийг, аж үйлдвэр алгуур боловч ахиж буйг илтгэнэ. Гэхдээ энэ өсөлт уул уурхайн уналт дунд бүдгэрч, анхаарлын гадна үлдсээр байна.

САНАЛ БОЛГОХ