Экс Ерөнхий сайдад итгэл үзүүлэх үү

Нийтлэл

Н.Алтанхуягт намаасаа мандат авах чанга даваа үлдээд байна

Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүн урьдчилсан байдлаар гарах эгзэгтэй мөч буюу энэ сарын 9-нд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ зарласан. Тэрбээр "МАН амлалтаасаа буцаж, төрийн бүхий л шатанд эрх мэдлээ тогтоохын төлөө явж байна. Монголчуудын 26 жилийн турш тэмцэж босгосон ардчилал нуран унаж байна. Би ард түмнийхээ эрх ашгийг эцсээ хүртэл хамгаална. Би Монгол Улсын Ерөнхий сайд хийж байсан хүний хувьд эх орны нөхцөл байдлыг хараад зүгээр сууж чадахгүйд хүрсэн. Энэ бол миний хувьд улстөрчийн шийдвэр” хэмээн нэр дэвших болсон шалтгаанаа тайлбарласан. Гэхдээ эрх баригч хүчний буруутай шийдвэр, бодлого үйл ажиллагаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэг л шалтгаан болсныг онцолсон юм. Тэрбээр “Барьцаалагдсан, хэн нэгний дохио зангаагаар ажилладаг, өөрийн толгойгүй утсан хүүхэлдэйнүүдээс салах цаг болсон” хэмээн нам дамнасан улс төрийн бүлэглэлийг шүүмжилсэн.
Тохиролцож чадвал сунгаанд өрсөлдөх албан ёсны эрх нь нээгдэнэ
Экс Ерөнхий сайдын энэхүү мэдэгдэл хувь улстөрчийн шийдвэр гэдгийг дахин онцлоё.

Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуягт намаасаа мандат авах хүндхэн алхам үлдээд байна. Намын гишүүд дэмжигчдийн итгэлийг олох, намынхаа удирдлагуудтай тохиролцоо хийсний үндсэн дээр ирэх онд болох Ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөх албан ёсны эрх нь нээгдэх юм. Иймд ирэх арванхоёрдугаар сард болох Их хуралд ихээхэн ач холбогдол өгөх, намын даргын сунгаанд найдвар тавих зэрэг томоохон ажил түүнийг хүлээж байна.

Тэгвэл УИХ-д суудалтай буюу Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрх бүхий улс төрийн намуудаас анхны хүн төрийн тэргүүний сунгаанд өрсөлдөх хүсэлтээ ийнхүү илэрхийллээ. Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн энэхүү мэдэгдэлд намын гишүүд нь ямар байр суурьтай байгааг сонирхсон юм.

Л.Болд: Ардчилсан намаас ийм шийдвэр гаргаагүй

-Н.Алтанхуяг Ерөнхийлөгчид нэр дэвшихээ зарлана гэдгийг шууд утгаар нь парламентад суудалтай гурван намын аль нэгэнтэй нь баараггүй тохиролцсон мэтээр харж болно. Миний мэдэж байгаагаар манай Ардчилсан намаас хэн нэгнийг Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэх шийдвэр гаргаагүй. Хэрэв Н.Алтанхуяг МАН, МАХН-аас нэр дэвшихээр урьдчилан тохиролцоогүй бол Ардчилсан намаасаа л нэр дэвшихийг хүсэж байгаа байлгүй. Нөгөө талаас, аль нэг хүн Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтэйгээ илэрхийлэх нь хувийн бодол нь юм. Гэхдээ Н.Алтанхуяг шиг Ардчилсан нам дотроо багагүй нөлөөтэй улстөрчийн ийм мэдэгдэл өөр агуулгатай л даа. Н.Алтанхуяг Ардчилсан намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд байсны хувьд улс төрийн хүч чадлыг нь дутуу үнэлж хэрэггүй. Тиймээс түүний зүгээс Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хамтран ажиллах урилгыг их эрт явуулж байна ч гэж ойлгож болох болов уу. Онцлоход, хэн нэгэн хүн Ерөнхийлөгчид нэр дэвшихийн тулд Ардчилсан намын даргад нэрээ заавал дэвшүүлэх журам байхгүй.

Г.Баярсайхан: Манай намын гуравдугаар асуудал

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнээ тодруулах Ардчилсан нам маань өнөөдөр удирдлагагүй байна. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүний талаар асууж байгаа бол намын дүрэм, намын даргын дараа гуравдугаар асуудал болж таарна. Энэ миний хувийн бодол шүү. Н.Алтанхуяг гэж хувь улстөрч өөрийн үзэл бодлоороо Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ илэрхийлсэн байна лээ. Нэр дэвших хүсэлтэй байгаагаа хэлж болно шүү дээ.

Б.Пүрэвдорж: Хувь гишүүдийнхээ мэдэгдлийг хүндэтгэн үздэг


-Хувь улстөрчийнхөө талаас өөрийн зорилгоо хэлсэн гэж ойлгосон. Мэдээж нам зохион байгуулалттай дүрэм журамтай. Тэр утгаараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнээ сонгодог. Энэ процессоороо явна. Шаардлага хангасан олон хүн Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд орох байх. Ардчилсан нам нээлттэй, эрх чөлөөг эрхэмлэдэг улс төрийн хүчин. Хувь гишүүдийнхээ мэдэгдлийг ч хүндэтгэн үздэг. Ерөнхийлөгчийн сонгуульд олон хүн нэр дэвшихээ илэрхийлэх ч зөв хүнээ Ардчилсан намынхан сонгоод илгээх чадвартай.

Ж.Батзандан: Нэр дэвших хүсэлтэй олон хүн байна
-Ардчилсан намын даргад нэр дэвшиж байгаа хүн олон байгааг онцлоё. Мөн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй олон хүн байна. Нэр дэвших хүсэлтэй байгаа нь хүний үндсэн эрхийн асуудал. Миний бие ч нэр дэвшиж болно. Тиймээс Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, Ж.Батзандан нар Ардчилсан намын даргад ч , Ерөнхийлөгчийн сонгуульд ч нэр дэвших бүрэн эрхтэй. Харин намаасаа дэмжлэг авах, эсэх нь дараагийн асуудал. Нэн тэргүүнд саналаа хэлэх нь зөв.

Л.Эрхэмбаяр: Нам доторх сунгаанд орох эрх нь нээлттэй
-Энэ бол өөрийгөө нэр дэвшүүлэх үйл ажиллагаа гэдгийг улстөрч хүний хувьд анхааралтай ажигласан. “Би өөрөө ийм шийдвэр гаргаж байна” гэсэн. Гаргасан шийдвэрээ сонгуулийн өмнө намын хууль, дүрэмд нийцүүлэн хэлэлцүүлэх, нам доторх Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд орох эрх нь нээлттэй байгаа. Түүнээс биш нам дэвшүүлсэн гэж хэлээгүй шүү дээ. Хувь хүний зүгээс ямар ч шийдвэр гаргаж болно.
САНАЛ БОЛГОХ