С.Бямбацогт: Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай

ЗГМ: Тодруулга

Ажлын хэсэг энэ намрын чуулганд багтааж дүгнэлтээ гаргана

Засгийн газрын хуралдаанаас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэх асуудлыг судлах Ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтоос дараах зүйлийг тодрууллаа.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэх асуудлыг судлах Ажлын хэсгийг ахлаж ажиллахаар боллоо. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байгаа гэж харж байна уу?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай, эсэх асуудлыг судлаж, санал дүгнэлтээ Засгийн газарт танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулахаар боллоо. Ажлын хэсгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат бид хоёр хариуцаж ажиллахаар болсон. МАН-ын болон Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгасан байгаа. Гэхдээ энэхүү асуудлыг ард түмнээсээ асууж шийдэхээр тусгасан. Шинэ Үндсэн хууль батлагдаад 24 жил өнгөрч байгаа. Энэ хугацаанд Үндсэн хуулийн алдаа болон онооны талаар ард иргэд маань тодорхой ойлголттой болсон. Үндсэн хуульд өмнө нь ч өөрчлөлт оруулж байсан.

Тухайлбал, 2000 онд дордуулсан долоон өөрчлөлт хэмээн нэрлэгддэг өөрчлөлтийг хийсэн байдаг. Энэ мэт зүйлээс эхлүүлээд засаж, сайжруулах зүйл байгаа гэж 2008 оноос хойш ярьж байна. Энэ хүрээнд ч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт журмын тухай хуулийг баталсан. Ингэснээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад босго, шалгуур нь өндөр болсон. Тухайлбал, Үндсэн хуулийг УИХ-ын нийт гишүүний 57 буюу гуравны хоёроос дээш саналаар өөрчлөхөөр болсон гэсэн үг. Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байгаа, эсэхийг судална.

-Үе үеийн парламентад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Ажлын хэсгийг байгуулж байсан. Гэхдээ үр дүнд хүрч байгаагүй. Үнэмлэхүй олонхыг бүрдүүлж байгаа МАН энэ удаад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж чадах уу?

-УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан улс төрийн хүчин дөрвөн жил засгийн эрх барьдаг. Гэхдээ энэ хугацаандаа 1.5 жил нь сонгууль хийж, нэг жилд нь сонгуульдаа бэлддэг. Өөрөөр хэлбэл, хоёр жил хүрэхгүй хугацаанд төр улсаа төвхнүүлэх, ард иргэдийн амьдралын төлөө ажлаа зохицуулж бусад хугацаанд нь сонгуульд хэрхэн ялах вэ, сонгуулиар яаж ажиллах вэ гэдэгт анхаарч ажилладаг болсон гэх шүүмжлэл байна. Үүнээс харахад, Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн зэрэг энэ олон сонгууль хэрэгтэй байна уу, үгүй юү гэдгээс эхлээд шийдэх хэрэгтэй асуудлууд байна. Гүйцэтгэх засаглалын эрх мэдэл нь УИХ-аас байнга л бэргэсэн, үргэсэн байна. Тийм учраас үүнийг судалж, УИХ, Засгийн газарт танилцуулж, өөрчлөлт оруулах, эсэхийг ард түмнээсээ асууж байгаад шийдье гэж үзсэн. Хэдийгээр МАН УИХ-д олонхыг бүрдүүлж байгаа ч ард түмэн, улс төрийн нам, олон нийтийн байгууллага болон эрдэмтэн судлаачдаас асууж байж, эцсийн шийдвэрийг гаргана.
Төрийн тогтолцоо асуудалтай, эрх мэдлийн хуваарилалт оновчтой бус байна
-Хувь гишүүний хувьд та Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байна уу?
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай байна гэж үздэг. Төрийн тогтолцоо асуудалтай, эрх мэдлийн хуваарилалт оновчтой бус байгааг мэдэж, мэдэрч байна. Төрийн бодлого, тогтолцоо зөв байж төр улсаа төвхнүүлэх, ард иргэдээ сайн сайхан амьдруулах нөхцөл бололцоо бүрдэнэ шүү дээ.

-Ажлын хэсгийн дүгнэлт хэзээ гарах вэ?
-Аль болох ойрын хугацаанд буюу энэ намрын чуулганд багтааж дүгнэлтээ гаргана.

-УИХ-аас Ажлын хэсэг байгуулах боломжтой байгаа шүү дээ?
-Тийм ээ. Энэ тохиолдолд УИХ болон Засгийн газар хамтраад ажиллаж болно.
Сэтгэгдэл
Зочин
202.131.235.234
хамгийн түрүүнд эцэг хуулиа өөрчлөх нь зөв
Зочин
202.131.235.234
өөрчлөх хэрэгтэй
САНАЛ БОЛГОХ