Үл мартагдах Жаки

Кино

Киноны хамгийн түгшүүртэй хэсэг нь Жон Кеннедид халддаг үе

АНУ-ын 36 дахь Ерөнхийлөгч Линдон Жонсоны тангараг өргөх ёслол дээр нэгэн эмэгтэй цусны толбо болсон “Channel”- ийн ягаан хослолтой иржээ. Хэвлэлийнхэн, олон нийтийн хараа түүний зүг чиглэнэ. Тэр бол АНУ-ын 35 дахь тэргүүн хатагтай Жаклин Кеннеди. Нөхөр Жон Кеннеди нь түүний дэргэд толгойдоо буудуулан амиа алдахад тэрбээр энэ хувцсаа өмсөж байжээ. Тиймээс түүний нөхөрт юу тохиолдсоныг хүмүүс дурсаг хэмээн цусны толботой хослолтойгоо ирсэн аж. Он цаг улирсан ч дэлхий нийт энэ сэтгэл шимшрүүлэм мөчийг мартсангүй.

Жаклин Кеннедигийн алдар нэрд умбасан хэрнээ эмгэнэлт амьдралын түүхийг өгүүлэх “Жаки” кино маргааш нээлтээ хийх гэж байна. “Fox Searchlight Pictures”-ийн бүтээл уг кино есдүгээр сард Венецийн болон Торонтогийн олон улсын кино наадмын дэлгэцнээ гарч, гурван шагнал авсан. Мөн өнгөрсөн сард болсон “Hollywood film awards”-аас гол дүрийн жүжигчин Натали Портман шилдэг эмэгтэй жүжигчний шагнал гарджээ. Цаашид ч цөөнгүй шагнал “түүнэ” гэж кино шүүмжлэгчид үзэж байна. Тус кино маргааш АНУ-д нээлтээ хийх бол ирэх оны нэгдүгээр сард олон улсад гарах аж.

Зохиолч Ноа Оппенхайм Жаклин Кеннедигийн Цагаан ордонд өнгөрүүлсэн өдрүүд болон аллага болсон 1963 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийг тодотгожээ. Тэрбээр Жаклин Кеннедигийн амьд ахуйдаа “Life” сэтгүүлд өгсөн ярилцлагаас цөөнгүй баримт, санаа авсан байна. Мөн Жон Кеннедигийн туслахаар ажиллаж байсан Артур Шлезингерт өөрийн амьдралаа ярьсан найман цагийн бичлэгийг нь ашиглажээ. Оппенхайм өмнө нь Стивен Стилбергтэй хамтарч “HBO” сувгаар экс тэргүүн хатагтайн тухай цуврал кино хийж эхэлсэн ч хамтрагч нь замын дундаас буцжээ. Харин 2010 онд бүрэн хэмжээний кино хийхээр болж, 2012 онд Натали Портманыг Жаклины дүрд тоглуулахаар сонгосон аж. Энэ шийдвэр найруулагч Пабло Ларрены хамгийн зөв шийдэл байсан гэж шүүмжлэгчид үзэж байна. Тэд Натали Портман түүхэн эмэгтэйн дүрд чадварлаг тоглосон гэдэгт санал нэгджээ.

Баян чинээлэг айлд өссөн Жаклин Цагаан ордонд ирсэн даруйдаа бүх засал, чимэглэлийг өөрчилсөн. Тэр хүссэн хүнтэйгээ уулзаж, хүссэн газар руугаа аялдаг байлаа. Түүний өмссөн бүхэн трэнд болдог байв. Гэвч бүсгүйн Цагаан ордон дахь алдар нэрд умбасан амьдрал төгс байгаагүй. Жон Кеннедигийн хөнгөмсөг зан, бие давхар байхдаа анхны хүүхдээ алдсан нь түүний амьдралын сүүдэр байлаа. Жаклин 1963 оны арваннэгдүгээр сарын 22-нд болсон аллагын хамгийн ойрын гэрч.

Жон Кеннедигийн хөнгөмсөг зан, бие давхар байхдаа анхны хүүхдээ алдсан нь түүний амьдралын сүүдэр.

“Киноны хамгийн түгшүүртэй хэсэг нь Жон Кеннедид халддаг үе. Би тэр үеийн бичлэгийг хэдэн арван удаа давтаж үзсэн. Жаклин энэ бүхнийг биеэрээ туулсан учраас тэр хэсэг хамгийн хэцүү нь байсан” гэж Натали Портман “Тime” сэтгүүлд ярьжээ. Тэрбээр “2015 оны арваннэгдүгээр сард Парист зураг авалт хийсний дараа яг тэр газарт 130 хүн амиа алдсан террорист халдлага болсон. Тэнд амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд ямар байсан шиг, Жаклинд ч бас тийм хэцүү байсан биз” хэмээн өгүүлжээ.

“Жаки” киноны үзэгчдийг татаж буй бас нэгэн “соронз” нь Жаклин Кеннедигийн хувцас. Тэрбээр хамгийн залуудаа АНУ-ын тэргүүн хатагтай болсон эмэгтэй. Жон Кеннеди Францад айлчлах үеэрээ “Танилцахыг зөвшөөрнө үү. Би Жаклиныг Парист дагаж яваа хүн байна” хэмээн хошигнож байжээ. Түүний гоо үзэсгэлэн, загварын мэдрэмжийг гүйцэх тэргүүн хатагтай одоо хүртэл гарч ирээгүй гэлцдэг.

Кинонд Жаклиныг ямар хувцастайгаар дүрслэх нь бүсгүйчүүдийн сонирхлыг татаж байлаа. Үүнд найруулагч дээр дурдсан “Channel”-ийн ягаан хослолоор тодорхой хариулт өгсөн юм. Нөхөр нь амь үрэгдэх мөчид өмсөж байсан тэр хувцсыг кинонд ахин урлажээ. Тухайн үед загварын бэлгэ тэмдэг болж байсан Жаклины хувцсуудыг гэрэл зургуудаас нь харж, ахин бүтээсэн байна. Жаклин Кеннеди таван жил бэлэвсэн явсны эцэст Грекийн тэрбумтан Аристотель Онасистай гэрлэсэн. Хоёр дахь нөхөр нь 1975 онд нас барсны дараа тэрбээр номын редактораар ажиллаж байгаад 1994 онд хорт хавдрын улмаас нас барсан. Гэхдээ “Жаки” кинонд түүний амьдралын сүүлийн жилүүдийг дурдаагүй юм.


САНАЛ БОЛГОХ