ЦЕМЕНТИЙН ҮЙЛДВЭРҮҮД ХҮЧИН ЧАДЛЫНХАА ТЭН ХАГАСЫГ Л АШИГЛАЖ БАЙНА

Үйлдвэрлэл
Хөтөлийн “Цемент шохой” авто замын салбарт ажиллаж эхэллээ

Дархан-Эрдэнэтийн авто замаас Сэлэнгэ аймгийн Орхон, Сант сум, Амарбаясгалант хийдийн чиглэлд хатуу хучилттай авто замыг өнгөрсөн баасан гарагаас тавьж эхэллээ. Нутгийн иргэдийн дунд 30 гаруй жил хүлээлт үүсгэсэн эл бүтээн байгуулалтын ерөнхий гүйцэтгэгчээр “Пик девелопмент” ажиллаж, Хөтөлийн “Цемент шохой” компани туслан гүйцэтгэгчээр оролцож байна. Бүтээн байгуулалтын шинэ салбарт анх удаа орж буй Хөтөлийн “Цемент шохой” компанийн гүйцэтгэх захирал А.Шоовдортой ярилцлаа.

-Орхон, Сант, Баруунбүрэн сумын 63 км авто замын барилгын ажил эхэллээ. Хөтөлийн “Цемент шохой” компанийн хувьд энэ зам ямар ач холбогдолтой вэ?

-Шинэчлэлийн Засгийн газар болон сүүлд байгуулагдсан Засгийн газар өнгөрсөн дөрвөн жилд Монгол Улсыг авто замаар холбох талаар нэлээд ажил хийж, энэ салбарт хөрөнгө зарцуулсан нь үр дүнгээ өгч байгаа. Сэлэнгэ аймгийн хувьд хатуу хучилттай авто замаар холбогдоогүй гурван сум байдаг. Энэ нь Орхон, Сант, Орхонтуул. Зам тавих гэж 33 жилийн өмнөөс ярьсан ч чадаагүй. Харин одоо ийнхүү эхэлж байгаа нь нутгийн иргэд, мөн Хөтөл зэрэг үйлдвэр дагасан, төвлөрсөн хотын хөгжилд асар их хувь нэмэр оруулна гэж бодож байна.

- Энэ замын ажлын туслан гүйцэтгэгчээр сүүлийн 30 гаруй жилд цемент үйлдвэрлэж ирсэн Хөтөлийн “Цемент шохой” оролцож байгаа нь зах зээлд шинэ мэдээ болж байна?

- Гэрээгээр “Пик девелопмент” компани шалгарч, Хөтөлийн “Цемент шохой” компани туслан гүйцэтгэгчээр орж ажиллах юм. Энэ нь Хөтөлийн “Цемент шохой” компанийн хувьд авто замын салбарт ажиллах анхны бизнес.

Бид хоёр жилийн өмнө дотоодын хөрөнгө оруулалтаар техник, технологийн шинэчлэл хийгээд, жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай болсон. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд техник технологи болоод түлш, түүхий эдийн тохируулга, туршилтын ажлыг бүрэн хийж дуусгасан. Харамсалтай нь, энэ жил эдийн засгийн хүндрэл, барилгын салбарын зогсонги байдал нөлөөлж, бид бүрэн хүчин чадлаараа ажиллаж хараахан чадахгүй байна. Борлуулалт тааруу байна. Тиймээс авто замын бүтээн байгуулалтын ажилд машин механизм, хүн хүчээрээ оролцох саналыг Аж үйлдвэрийн яаманд тавьсан юм. Яам энэ саналыг хүлээн авч, манай 13 машин механизм, 20 гаруй хүн энд ажиллахаар боллоо.

Сэлэнгэ аймаг уг нь газар тариалангийн нутаг гэгддэг. Гэхдээ сүүлийн дөрвөн жилд энэ статус нь хувьсан өөрчлөгдөж, аж үйлдвэрийн үндсэн суурь үйлдвэрүүд байгуулагдаж эхэллээ. Жишээлэхэд , Дархан-Сэлэнгийн районд металлургийн үйлдвэрийн суурь тавигдсан. Төмрийн хүдэр, алтны уурхай, мөн барилгын материалын суурь бүтээгдэхүүн болох цементийг жилд нэг сая тонн хүртэл хэмжээгээр үйлдвэрлэх боломжтой боллоо. Сэлэнгийн хамгийн таатай нөхцөл нь, нэгдүгээрт, ашигт малтмал, хоёрдугаарт, маш мундаг дэд бүтэц, гуравдугаарт, боловсон хүчин. Энэ гуравт тулгуурлан Аж үйлдвэрийн яамнаас үйлдвэржилтийг дэмжих бодлого явуулж байгаа нь бидэнд өгөөжөө өгч байна.

Зах зээл байвал жилд хоёр сая тонн цемент үйлдвэрлэх боломж Монголд бий

Бид бараг 30-аад жил бодлогогүй явж ирлээ. Боловсруулах үйлдвэрлэлд хамаардаг цементийн үйлдвэрүүдийг хүртэл барилгын салбарын яаманд харьяалуулж ирсэн нь алдаатай бодлого гэж би боддог. Цемент үйлдвэрлэхэд маш их хэмжээний боловсруулалт хийдэг, олон шат дамжлагатай. Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд дор хаяж 20-иод жилийн хугацаа шаарддаг. Нойтон аргаар 30 гаруй жил цемент үйлдвэрлэсэн, одоо боловсон хүчний хоёрдугаар үе маань хуурай аргын нэн шинэ технологийг эзэмшээд явж байгаа. Цемент ашиглаж Монголд зөвхөн барилга барьдаг байсан бол одоо түүнийг дагаад хүнд бетонууд, гүүр, төрөл бүрийн хийцийн үйлдвэрүүд нээгдэнэ. Бид Хятадын импортын цементээр л энэ хэдэн байшин барилгыг босгосон. Одоо үндэсний үйлдвэрүүд гараад ирж байгаа учраас биднийг дэмжих үндэсний бодлого байгаасай гэж бодож байсан. Харин Аж үйлдвэрийн яам байгуулагдсанаар нэгдсэн бодлоготой боллоо.

Бид цемент үйлдвэрлээд, заримдаа хэдэн техник нь ажилгүй зогсчихдог байсан бол ийм бүтээн байгуулалтад оролцох боломжтой боллоо. Хятадууд, эсвэл хэн нэгэн ирээд энэ замыг тавьж болно шүү дээ. Гэтэл орон нутгийнхаа замыг Хөтөлийн “Цемент шохой” илүү техникээ гаргаад, илүү хүнээ гаргаад байгуулж байна гэдэг бол их дэмжлэг, зөв бодлого гэж би харж байна.

- Зах зээл хумигдсанаар хүн, техник ажилгүй зогсож байна гэж та ярилаа. Тухайлбал, Хөтөлийн “Цемент шохой” хүчин чадлынхаа хэдэн хувийг ашиглаж байгаа вэ?

- Жилд хоёр сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрүүд Монголд баригдчихлаа. Монголын цементийн хэрэглээ өнгөрсөн жил нэлээд хумигдаж, 1.3 сая тонн болсон. Бүтээн байгуулалт хамгийн их өрнөж байсан 2009, 2010, 2011 онд дотоодын хэрэглээ 1.8 сая тонн хүрсэн. Түүний ердөө тав, зургаан зуун мянган тонныг монголчууд хуучин технологийн үйлдвэрүүдээр хангаж байсан. Харин одоо бидэнд тийм хэмжээний зах зээл байвал хоёр сая тонн цемент үйлдвэрлэх боломж бий. Борлуулалт байхгүй, зах зээл хумигдсанаар бид хүчин чадлынхаа ердөө 45-50 хувийг л ашиглаж байгаа юм.

- Зах зээл хумигдсанаас гадна цементийн импорт Монголд дорвитой буурахгүй байна. Гэхдээ Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн учраас импортыг хаах боломжгүй. Тэгвэл импортын цементээс ялгарах ямар боломж Монголын үндэсний үйлдвэрүүдэд бий вэ?

-Бид өрсөлдөж л гарч ирэх ёстой. Тоо хэмжээнээс гадна чанараараа өрсөлдөх хэрэгтэй. Хөтөлийн цементийн үйлдвэр 33 дахь жилдээ цемент үйлдвэрлэж байна. Энэ хугацаанд чанарын стандартыг зөрчсөн тохиолдол гаргаагүй. Ерөнхийлж хэлбэл, Монголын цементийн чанар, стандарт олон улсын түвшинд хүрсэн төдийгүй чанарын хяналт сайтай. Урдаас орж ирж байгаа цементийг би хэт муу гэж хэлээгүй. Гэхдээ ямар ч хяналт байхгүй, гарал үүсэл нь тодорхойгүй. Ийм цементийг монголчууд бүтээн байгуулалтдаа 10 гаруй жил ашиглаж ирлээ. Одоо монголчуудынхаа үйлдвэрлэж байгаа цементийг хэрэглэж сурах хэрэгтэй. Импортод найдах хэрэг байхгүй. Ченжийн сэтгэлгээгээр зарим хүн ажиллаад байна. Гэхдээ энэ нь удахгүй алга болно.


Б.Цэцэгсүрэн
@tsetsegsurenZGM













Б.Цэцэгсүрэн
@tsetsegsurenZGM


САНАЛ БОЛГОХ