Ц.Лхагвацэнд: Дэлхийг тойрох ахархан мөрөөдөл надад байхгүй

Залуус

Улстөрч болно гэдэг туйлын зорилго биш

ОХУ-ын “Студент года-2016” Оросын үндэсний шилдэг оюутан шалгаруулах уралдаанд тэргүүн байр эзэлж, монгол залуусын оюуны чадавхыг гайхуулсан Ц.Лхагвацэндтэй ярилцлаа. Тэрбээр ОХУ-д хуулийн чиглэлээр магистр хамгаалахаар нэгдүгээр дамжаанд суралцаж байгаа бөгөөд нөр их хичээл зүтгэлээр 2000 орчим оюутнаас шалгарч гарчээ.

-Юуны өмнө өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу. Ямар мэргэжлээр сурч байгаа вэ?
-Намайг Цэндсүрэнгийн Лхагвацэнд гэдэг. Оросын улс түмний найрамдлын их сургуульд хуулийн мэргэжлээр магистрт хоёр жилийн хугацаатай суралцахаар ирсэн. Өмнө нь Москва хотод бакалавраа дүүргэсэн. Монгол Улсын Боловсролын яамнаас жил бүр зарладаг хоёр улсын Засгийн газрын тэтгэлэг буюу хүмүүсийн сайн мэдэх Путиний тэтгэлгээр бакалавраа дүүргэсэн. Харин сургуулиас болон Монголд зарладаг тэтгэлэгт тэнцэж, ахиад ОХУ-д магистрын зэргээр сурч байна. Плехановын эдийн засгийн академийн Улаанбаатар хот дахь лицейг 2010 онд төгсөж, ерөнхий боловсрол эзэмшсэн. Энэ нь Оросын эдийн засгийн академийн 11 жилийн сургалттай Монгол дахь салбар сургууль юм. Би ерөнхий боловсролын сургуулиа 15 настайдаа төгссөн. Тухайн үед гуравдугаар ангиас тавдугаар анги руу алгассан жил байсан. Мөн ес, аравдугаар ангиа бие дааж сурснаар хоёр жил хэмнэсэн гэх юм уу даа. Тийм учраас 15-тайдаа 11 дүгээр ангиа дүүргэсэн.

-Орос школа гэж ярьдаг шүү дээ. Аав, ээж тань ийм боловсролтой хүмүүс үү. Яагаад орос боловсрол сонгох болсон юм бэ?
-Хүмүүс “Хаана ингэж орос хэл сурсан бэ. Багаасаа Оросод амьдарсан уу. Гэрийнхэн чинь орос хэлтэй юм уу” гэж асуудаг л даа. Яг үнэндээ тийм биш. Анх удаагаа 2012 онд Москва хотод сурахаар ирэхдээ л Оросод хөл тавьсан. Манайх ам бүл дөрвүүлээ. Би айлын том охин. Аав, ээж хоёр маань орос хэлийг сайн мэдэхгүй. Тухайн үеийн хүмүүсийн адил дунд сургуулийн л мэдлэгтэй. Түүнээс биш ОХУ-д сурч, академик түвшний мэдлэг авсан хүмүүс биш. Харин ээж, аав маань Оросын соёлыг дэмждэг. Учир нь манай өвөө буриад, эмч хүн байсан. Тиймээс орос хүмүүсийг хүндэтгэх сэтгэлтэй. Орос сургуульд сургахаар болсон нь амжилтад маань том түлхэц болсон болов уу.

-Сургуулиа төгсөөд юу хийхээр төлөвлөсөн бэ. Дахин сурах уу, эсвэл эх орондоо ажиллах уу?
-ОХУ-д хоёр ч удаагийн Засгийн газрын тэтгэлгээр зургаан жил сурах нь. Тэгэхээр энд сурах үйлс маань хангалттай болов уу. Оросод докторын зэргээс өмнө аспирант цол авдаг. Миний хувьд одоохондоо тийм төлөвлөгөө алга. Цаашид магистраа төгсөөд 2-3 жилийн хугацаанд Монголд дадлагажих хүсэлтэй байна. Ажиллах хугацаандаа англи, эсвэл герман хэл эзэмшиж, тэтгэлгээр Европын улсад докторт сурах төлөвлөгөөтэй.

-Яагаад хуулийг сонирхов. Хуулийнхан гол төлөв шүүгч болохыг хүсдэг гэдэг. Мэргэжилээ сонгосон уу?
-Одоохондоо яг өмнөө тавьсан, товлосон зорилго алга. Монголд байдал ямар байгаа тухай мэдээлэлгүй байна. Гэхдээ шүүгч эсвэл, прокурор болох санаа бий. Одоогоор арай сурч дуусаагүй, мэдлэгээ хангалттай гэж үзээгүй байгаа учраас цаашид яаж эргэхийг хэлж мэдэхгүй юм. Залуу хүний хувьд очоод төрийн албанд ажиллах сонирхолтой байгаа. Магадгүй төрийн албанд 10 жил болсны дараа салбартаа хувийн үйл хэргийг хийх болов уу. Би энд сурахын сацуу ажил хийж байгаа. Бакалаврт сурч байхдаа гуравдугаар дамжаанаас эхлэн сургуульдаа хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж эхэлсэн. Манай сургууль олон факультеттэй. Миний сурч байгаа факультет нь хуулийн институт гэж явдаг. Институт маань захирал болон гурван орлогч захиралтай. Би нэг орлогч захирлынх нь туслах референтээр ажилладаг.


-ОХУ-д суралцахын давуу болон сул талын талаар мэдээлэл өгөхгүй юү? -Нэгдүгээрт, орос хэл сурах маш хэцүү. Орос хэл сайн үзэж байгаа ч хуулийн хэллэг нь тун ярвигтай. Давуу талын хувьд, энд сурахад тийм ч хүнд хэцүү зүйл байхгүй. Өөрөө хичээвэл бүх юм болдог.

-Хамгийн их анхаарал татаж байгаа зүйл нь монгол хүн ОХУ-ын шилдэг оюутан болсон явдал. Энэ шалгуурыг хэрхэн хангасан бэ?
-Бүх оросын III форумын хүрээнд явагдсан 2016 оны шилдэг оюутан шалгаруулах тэмцээний эцсийн шалгаруулалт арваннэгдүгээр сарын 14-18- нд Ставрополь хотод болсон. Монголын хэвлэлээр энэ тэмцээнийг нэг үе шаттай 200 оюутан оролцсон мэт бичсэн байсан.

» Монгол, Герман, Хятад зэрэг тэс өөр орны оюутан ялагч болж байсан тохиолдол байхгүй.
» Мөрөөдөл гэвэл мэргэжлээ сайн эзэмшээд, хүссэн амжилтандаа хүрч, аав, ээжийнхээ ачийг нь хариулах.
» Бакалаврт сурч байхдаа гуравдугаар дамжаанаас эхлэн сургуульдаа хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж эхэлсэн.
Харин тэмцээн хоёр сарын хугацаанд гурван үе шаттай явагдаж, ОХУ-ын 50 гаруй сургуулийн 2000-аад шилдэг оюутан хоорондоо өрсөлдсөн. ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яам, Залуучуудын холбоо болон хоёр том их сургууль хамтран энэ нэр хүндтэй тэмцээнийг зохион байгуулсан. Хамгийн эхний шатанд сургуулиасаа гарч ирэх ёстой. Үүний тулд бүх хичээлийн дүн онц байх ёстой төдийгүй олон улс, бүр Орос, их сургуулийн эрдэм шинжилгээний бага хурлуудад оролцож, хэдэн удаа илтгэл тавьсан эсэх, судалгааны болон хичээлээс гадуурх нийгмийн ажил зэрэг маш олон шалгуур хангаснаар шалгарах боломж нээгдэнэ. Манай сургууль Москвад байдаг учраас хотынхоо оюутнуудтай өрсөлдөнө.

Энэ шатанд шүүгч нартай ярилцлага хийдэг. Хамгийн сүүлийн шатанд хоёр минутын хугацаанд өөрийгөө бүрэн дүүрэн товч бөгөөд тодорхой танилцуулах ёстой. Минут хэтэрвэл дахин илэрхийлэх боломж олдохгүй гэсэн үг. Мөн өгөгдсөн сэдвийн дагуу багаар ажиллаж, үзэл бодлоо ирэлхийлэх зэрэг маш олон, хүнд шалгуур тавигдсан. Энэ бүхнийг давж, ОХУ-ын “2016 оны шилдэг оюутан” өргөмжлөл авлаа.

-Олон шалгуур давж, шилдэг болсонд баяр хүргэе. Шалгарсан тэр мөчид ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Тэмцээний үр дүнг хаалтын үйл ажиллагаан дээр зарладаг. Шагнал гардахаас өмнө ерөнхийдөө шалгарсан гэдгийг мэдчихсэн байсан. Үнэхээр сайхан санагдаж байсан. Цаашид мэргэжлийнхээ дагуу хуулийн салбарын тэмцээнд оролцох бодолтой байгаа.

-Өмнө нь гадаадын оюутан шалгарч байсан тохиолдол байдаг юм болов уу? -Узбекистан, Тажекистан зэрэг ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан хүмүүс гадаадууд гэж тооцогдоно. Тэд түрүүлж байсан тохиолдол бий. Түүнээс биш Монгол, Герман, Хятад зэрэг тэс өөр орны оюутан ялагч болж байсан тохиолдол байхгүй.

-Оросын хуулийг Монголынхтой харьцуулж үзсэн үү. Их гүрнийх мэдээж маш том байх. Монголынх ямар түвшинд байна гэж үзэв?
-Зарим хуулиуд төстэй байх тохиолдол бий. Жишээ нь, манай эрх зүйн систем хэрэг маргааныг шийдэх тал дээр төстэй байгаа нь гол төлөв эрүүгийн хууль дээр ажиглагдсан. Мэдээж ОХУ-ын хуулийн систем хамаагүй хэцүү. Гэхдээ энд хуулиар сураад Монголд очиод ажиллавал сурсан мэдсэнээс нэг их зөрүүтэй тал гарахгүй болов уу гэж бодож байна.

-Хамгийн их сонирхол татдаг хичээл байдаг уу?
-Одоо тийм юм байхгүй болсон. Дунд сургуульд хамгийн дуртай хичээл гэж байдаг байсан. Харин оюутан, тэр дундаа магистр болсныг хэлэх үү дуртай, дургүй гэхээсээ илүү ирээдүйд хэрэгтэй гэж үзсэн хичээлдээ шамдаж байна. Одоо мусульманын эрүүгийн эрх зүйн хичээл үзэж байгаа. Энэ нь мусульман шашинтны эрүүгийн хэрэг маргааныг хэрхэн шийдвэрлэх тухай хичээл. Одоохондоо энийг сонирхон судалж байна.

-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Бакалаврт сурч байхад л манайх долоо хоногийн зургаан өдөр хичээллэдэг байсан. Мөн хажуугаар нь ажилладаг учраас чөлөөт цаг бага гардаг. Хэрэв тийм цаг гарвал аль болох өөрийгөө бүх зүйлээс хол байлгахыг хичээдэг. Хүмүүс чөлөөт цагаараа ном унших, эсвэл найзуудтайгаа кино, баллет үзэх дуртай. Миний хувьд тухайн өдрийнхөө тухай бодож, маргаашийн төлөвлөгөөгөө гаргаж, эргэцүүлж, өөрийгөө тайвшруулж, хүмүүсээр хүрээлүүлэх бус, ганцаараа байх дуртай. Ганцаараа байхдаа заримдаа кино үздэг. Гэхдээ солонгос сериал биш. (Инээв) Ном бага уншдаг ч хэрэгтэй гэсэн номоо унших ёстой гэж боддог. Чөлөөт цагаараа амархан, хөнгөн ажлаа хийж, кайф авах дуртай.

-Сүүлийн үед залуус дэлхийг тойрох мөрөөдөлтэй болсон. Өөрийнхөө мөрөөдлийг дэлгэхгүй юү?
-Дэлхийг тойрох, олон орноор аялах гэсэн шиг ахархан мөрөөдөл надад байхгүй. Хүн өөрийгөө олж, өөрийнхөө юу хийж чадахыг ойлгочихвол дэлхийг тойрох, баян тансаг амьдрах нь угаасаа л болчих, материаллаг, ойлгомжтой хүрээд ирэх зүйл. Би бараг таван жил Оросод сурлаа. Гэхдээ өөрийнхөө юу хийж чадах, би хэн бэ, аав, ээжээсээ хол, ямар ч хүний нөлөөгүй юу хийж чадах вэ гэдгээ одоо л зах зухаас нь ойлгож эхэлж байна. Мөрөөдөл гэвэл мэргэжлээ сайн эзэмшээд, хүссэн амжилтандаа хүрч, өсгөж хүмүүжүүлсэн аав, ээжийнхээ ачийг хариулж, хүслийг нь биелүүлэх.

-Шүүгч эцсийн зогсоол уу. Эсвэл улс төрд орох тухай бодож байв уу. Магадгүй Монголын хамгийн анхны эмэгтэй Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болж болохгүй гэж?
-Сурч байхдаа Засгийн газрын гишүүн болох, улс төрд орох зорилго тавьчихвал нөгөө л ахархан хүсэл мөрөөдөл болчих гээд байна. Улстөрч болно гэдэг туйлын зорилго биш. Хувь хүнээ бий болгоогүй байж ийм тийм болно гэж ярих хэцүү. Хэрэв хувь хүн нийгэмд эзэлсэн байр суурь, асуудлаа бүрэн дүүрэн шийддэг болчихвол бусдын төлөө гэсэн зоригтой, хүчтэй болсон хойноо улс төрд орох тухай бодож болох юм.

-Найз залуутай юу. Гэр бүл зохиох тал дээр ямар бодолтой явдаг вэ? -Одоохондоо найз залуу байхгүй. Гэр бүл зохиох арай эрт санагдаж байгаа. Дөнгөж сургуулиа төгсчихөөд гэр бүл болох нь төдийлэн зөв биш байх гэж боддог. Сургуулиа төгсөөд ажил хийж, карьертай болсны дараа гэр бүлтэй болох хэрэгтэй. Гэр бүл гэдэг ганцаараа байхаас илүү их үүрэг, хариуцлага шаардана шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.
САНАЛ БОЛГОХ