ИРЭЭДҮЙН МОНГОЛ ХҮН

Боловсрол

Дайны ялагдлын үнс нурам бүрхсэн Японд 1945 онд хүний биеийг олж төрсөн Ёшинори Охсүми бол Нобелийн 2016 оны Биологи, анагаах ухааны салбарын шагналын эзэн. Хүний эс хэрхэн задарч, нөхөн төлждөг үйл явцыг судалсан нь хорт хавдар, олон төрлийн аюулт өвчнөөс хүн төрөлхтнийг аврах талаар зурагт бүхнээр ярьж байна.

21-р зууны эхний жил Монголд төрсөн Б.Хулан охин хичээлээ хийж сууна. “Сант” сургуулийн 12 дугаар ангийн сурагч энэ охин Олон улсын Биологийн олимпиадаас хүрэл медаль авсан юм. Харин Х.Цэрэнчимэг, Л.Оюунтөгс хоёр бол Олон улсын Физикийн олимпиадын мөнгө, хүрэл медаль авсан анхны охид. Монголчуудын авсан энэхүү хоёр медалийн эзэн хоёулаа “Сант” сургуулийнх. Наян долоон орны 400 хүүхдээс ердөө 25 нь л охид байжээ. Өнөөдөр Х.Цэрэнчимэг сурагч биш оюутан болсон. Дэлхийн их дээд сургуулиудын эрэмбэ чансааг толгойлдог MIT буюу Массачусетсийн Технологийн их сургуульд сурч байна. Тэнд ч “Сант”-ынхан ханиндаа, өнөөдрийн байдлаар тавуулаа. Дэлхийн хамгийн шилдэг MIT-д элссэн “Сант”-ын анхдагч нь М.Баттүшиг. Жирийн монгол айлын 15 настай хүү 150 мянган оролцогчоос шигшигдэн үлдэж, алдарт “Нью-Йорк таймс” нүүр талбайгаа харамгүй зориулж байсныг хүмүүс санаж буй биз. Арван настай охин дүү, анд найз нараа автомашины аюулаас аврахын тулд дохио өгдөг мэдрэгч зохион бүтээсэн нь дэлхийн хамгийн шилдэг сургуулийн эрдэмтэд, нөлөө бүхий хүчирхэг сонины редакторуудын анхаарлыг татсан юм. Харин MIT төгссөн анхны монгол хүн З.Энхмөнх Сант сургуулийн захирлаар ажиллаж, сурагчид нь тийшээ хүлгийн жолоо залсаар байна.

Дэлхийг эзэгнэж явсан өвөг дээдсийн үр сад өсөн торниж байна. Монголчууд дэлхийн дэвжээнд эргэн ирэх “зэвсэг” нь тахир нум, махир сэлэм биш. Эрдэм мэдлэг, гэгээрэл боловсрол. Урьд хожид үгүй уудам их эзэнт гүрнээ ч зөвхөн эр зориг, нумын хүчээр тулж босгоогүй юм. Хүн ам, эд баялгаар зүйрлэшгүй илүү улс орнуудыг ялан дийлсний нууц нь мэдлэг, арга технологи байв. Найман зуун жилийн өмнө монголчуудын ашиглаж байсан нэгэн газрын зураг буй. Бонн хот орчмыг сансрын хөлөг, онгоцноос авч, компьютерээр тооцоолсон мэт нарийн зураг нь мэргэн ухаан, мэдлэг ашигладаг байсны үнэт баримт. Энэ гайхамшгийг үзсэн Германы канцлер дуу алдаж байсан юм. Өчигдрийн түүх өнгөрсөн дурсамж төдий бус. Өөрсдийнхөө цаг үедээ агуу түүхийг үргэлжлүүлэн бүтээх эрч хүчний эх үүсвэр, их урам зоригийн эх булаг нь юм. Агуу өвөг дээдсийн үр сад ч басхүү агуу байх үүрэгтэй. Өвөө эмээ, аав ээжийнхээ түүхээр яах гэж бахархдаг вэ? Өөрөө ч гайхамшигтай түүх бүтээх гэж хэмээн хариулж болно.

Нэг хүнд ноогдох эх газрын хэмжээ, эрдэс баялгийн нөөц, эрдэнэт мал сүргийн тоогоор дэлхийд тэргүүлдэг баян орондоо монголчууд ядуу амьдарч байна. Нэг хүнд ноогдох Дотоодын нийт бүтээгдэхүүнээр дэлхийд Монгол 107 дугаарт эрэмбэлэгджээ. Дэлхийн тэргүүлэгч Люксембургээс 26 дахин хоцорч явна. Эрдэнээр дүүрэн Монгол улсын газар нутаг Люксембургийнхээс 605 дахин уудам. Монголын хамгийн бага нутагтай, гурван сумтай аймаг гэж егөөддөг Говьсүмбэрээс хоёр дахин жижиг газартай Люксембургийн нэг хүнд ноогдох ДНБ 110 мянган доллар. Тэнгэр газар шиг зөрүүтэй энэ үзүүлэлтээс уул ухаж, ус ширгээснээр, алгаа тосч, хишиг горьдсоноор, ажиллахаас илүү халамж авснаар Монгол хөгжихгүйг хялбархан ойлгож болно. Дэлхийд хамгийн томд тооцогдох Оюутолгойн төслөөс Монгол улс 53 хувийн үр өгөөж хүртэнэ гэж ярьсаар байна. “Бухын доодохыг харж үнэг турж үхсээр” цаг хугацаа урсаж, Оюутолгойг ярьж эхлэхэд төрж байсан хүүхэд аль хэдийнээ насанд хүрчээ. Whats App хэмээх гар утсан дээрх бяцхан ногоон дугуй доторх цагаан өнгийн утасны харилцууртай аппликэйшн байдгийг мэднэ. Дөрвөн залуу найз яасан байх нуу гэхээр цуглаж суугаад бодож олсон тэр нэг “ногоон юм” нь 19 тэрбум долларын үнэ хүрчээ. Та бидний зураг голдуу үзэж, лайк ихэвчлэн даран зугаацлын өргөн талбар болгодог Facebook энэхүү ШБОС \Шинэ бүтээл оновчтой санаачилга\-ыг Монголд жилд худалдсан, үйлчилсэн, үйлдвэрлэсэн бүх зүйлийг нийлүүлснээс бараг 2 дахин илүү үнэ төлж авсан байна. Чингис бондоос 12,6 дахин, Самурайг бол 63 нугалсан их үнэтэй апп. Зургаан залуу найз яасан байх нуу гэхээр Linkedin хэмээх ажилд зуучлах сайт зохиосон байгаа юм. Майкрософт компани тэрийг нь 26 тэрбум доллараар авчихсан юм. Монгол улсын 2017 оны төсвийн зардлаас 7-8 дахин их үнэд хүрсэн байна. Оюун санаа, мэдлэг боловсролын уурхай хязгааргүй, газрын баялаг хэмжээтэйг дээрх хоёр жишээ харуулж байна. Дундаж IQ гээр дэлхийд эхний 5-д орж айрагддаг, хүүхдүүд нь оюун ухааны тэмцээн бүрийг тэргүүлэн эзэгнэдэг, өндөр хөгжилтэй улс оронд амжилт ялалтын эзэн болсон монгол хүний тухай сайн мэдээ анзаарч чадвал тасардаггүй. Уул уурхайн биш уураг тархи, ухаан оюуны өгөгдөл нөөц, их баялагтай үндэстэн. Улс төрийн хэрүүл, гэмт хэрэг, уул уурхай, элдэв “одод”- шинэ өмдний үнэ хэмжээ зэргийн хажуугаар Монголд өнөөдрөөс илүү сайхан маргаашийг авчирч буй амжилт олон бий. Сурагчид нь дэлхийн шилдэг их дээд сургуулиудын өндөр босгыг торолгүй давсаар, математик, физик, хими, биологийн зэрэг олон улсын олимпиадаас медалийн хур буулгадаг “Сант” сургуулийг үүсгэн байгуулагчид тэртээ 20 жилийн өмнө 40 мянгатын нэгэн байранд тооны давтлага өгч эхэлж байв. “Сант” сургууль цөөн хэдэн сүүпэр хүн бэлддэг газар биш. Сүүлийн 10 жил дараалан элсэлтийн ерөнхий шалгалтын дундчаар эднийх улсад тэргүүлж байна. Суут эрдэмтэн Альберт Эйнштейн “Хүн хичээл дээр үзсэнээ мартсаны дараа үлдсэн зүйлийг боловсрол гэнэ” гэж хэлжээ. Зөвхөн үзсэн хичээл, цээжилсэн мэдээлэл, хийсэн даалгавартай нийлээд боловсрол болчихдоггүй. Аливааг шинжлэх ухааны ул үндэстэй, олон талаас нь судалж мэддэг, “Долоо хэмжиж нэг огтолдог”, тэсвэр тэвчээртэй, өдөр бүр үргэлж өсч хөгждөг байхыг боловсролоор олж авдаг ажээ. “Сант” сургуульд 1 дүгээр ангиас гадаад хэл үздэггүй. Эх хэлээрээ баялаг, гүн сэтгэж сурсны дараа харь хэл бичиг үздэг. Үндэс шалтгаан нь ирээдүйн монгол хүн бэлтгэж буйд оршино. Нэг бол монголгүй, нөгөө бол дэлхийгүй хоёр туйлшралын аль нь биш. Монгол хүн дэлхийн иргэн болно. Дэлхийн иргэн монгол хүн ч гэж болох юм.

…Америкийн Нэгдсэн Улсын математикийн нээлттэй олимпиадад Монголын “Сант” сургуулийнхан десант бууж, 10,12-р ангийн төрөлд алт, мөнгө, хүрэл медалийг нь манай хүүхдүүд дараалан авчээ. Математик, физик, байгалийн шинжлэх ухааны хичээлийн “гавал”-ууд гэхээр нүдний шилтэй, ухаалаг хүүхдийн төрх Таны санаанд бууна. “Сант”-ын сурагчдын амжилтын буухиа хаана ч үргэлжилж, болдгийг нотлох хоёр баримт… Дэлхийн мисст Монголоо төлөөлөх А.Баярцэцэг “Сант” сургуулийг төгсөгч… Улс, бүсийн хурдан морины уралдаанаас нэг түрүү, зургаан айраг хүртсэн хүлэгч хүү Б.Буяндэлгэр “Сант”-ын сурагч…

Нэг өнөөдөр хоёр маргаашийн үнэтэй. Нобелийн шагнал хүртэх, дэлхий хүлээн зөвшөөрөх монгол хүүхдүүд хангай, говь, тал нутаг, Улаанбаатараас, “Сант”-аас төрж чадна. Дэлхийн тавцанд монголчууд нум эвшээлгэхгүй ч ном бариад эргэн ирж байна.


САНАЛ БОЛГОХ