Италийн Гадаад хэргийн сайд Паоло Жэнтилонид шинэ Засгийн газар байгуулах эрх олголоо

Мэдээ

Италийн Ерөнхий сайд Маттео Ренциг огцрох хүсэлтээ өргөн барьсны дараа тус улсын Ерөнхийлөгч Сержио Маттарелла шинэ Засгийн газар байгуулах эрхийг Гадаад хэргийн сайд Паоло Жэнтилонид өглөө. Үндсэн хуулийг шинэчлэх тухай санал асуулга олон нийтэд дэмжигдээгүйн улмаас Италийн улс төрд тогтворгүй байдал бий болсноос тус улсад оруулах хөрөнгө оруулалт буурч, банк санхүүгийн орчинд эрсдэл бий болоод байгаа ажээ. Ерөнхий сайдын үүргийг түр гүйцэтгэгч Паоло Жэнтилони Италийн Ерөнхийлөгчид бараалхан уулзаж, түүний шинэ Засгийн газар байгуулах тухай хүсэлтийг урьдчилсан байдлаар хүлээж авсан байна. Харин нэн яаралтай албан ёсоор хариу мэдэгдэл хийх шаардлагатай бөгөөд хэвлэлийнхэнд өгсөн мэдэгдэлдээ Паоло Жэнтилони "Итали улсад хүчирхэг Засгийн газар яаралтай байгуулах шаардлагатай байна" гэдгийг онцолжээ.

Тэрбээр "Ард иргэдийн санааг амрааж, улс төр дээд хэмжээнд үүргээ биелүүлэх хэрэгтэйгээс гадна олон улсад гарч буй эрсдэлийг тооцоолж эдийн засаг, нийгэмд үүссэн сөрөг нөлөөллийг бууруулах шаардлагатай" гэж үзэж байгаагаа мөн илэрхийлжээ. Паоло Жэнтилони эхний ээлжинд энэ оны эхээр газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс газруудыг сэргээн засварлахад анхаарна гэсэн байна. Италийн шинэ Засгийн газар байгуулах тухай асуудал тулгамдсан асуудал болоод байгаа бөгөөд Хэрэв Паоло Жэнтилони тус улсын Ерөнхий сайд болбол түүний шийдэх ёстой гол асуудал нь эдийн засаг, ялангуяа банк санхүүгийн салбар байх болно гэж шинжээчид харж байна. Үүнээс гадна Италийн “Таван од” хөдөлгөөнийхөн түүнийг Маттео Ренцигийн "аватар" буюу "Ренцитэй нэг тал" гэж үзэж байгаа аж. Учир нь Паоло Жэнтилони Маттео Ренциг Ерөнхий сайд байхад ойр дотно ажиллаж байжээ. Харин Маттео Ренци 2017 он гарсны дараа Ардчилсан намын Конгрессын хурал зарлаж намыг тэргүүлэх байр сууриа батжуулах хүсэлтэй байгаа юм.



САНАЛ БОЛГОХ