МАН “эзэгтэй”-н эрэлд

Нийтлэл

Хүчтэй өрсөлдөгч гарч ирсэн нь Зам тээврийн сайд асан Н.Төмөрхүү

УИХ болон орон нутгийн сонгуульд амжилттай оролцсоны үр дүнд төрийн албанд хийж буй МАН-ын томилгоо шувтрах шатандаа ороод буй. Сөрөг хүчин байх үед намын шат шатанд ажиллаж байсан хүмүүс бүгд төрийн албанд орсон. Тиймээс одоо тэнд гарсан орон зайг хэрхэн бөглөхөө шийдэх ажил тэдэнд үүсээд байна.

Хэдийгээр МАН УИХ-д үнэмлэхүй олонх ч намын "гал тогоо"-той холбоотой шийдвэрийг парламентад сонгогдсон гишүүд гаргахгүй. Угаасаа Монголын улс төрд ялсан намын шийдвэр гаргах эрх нь намдаа хадгалагддаг бичигдээгүй хуультай. Харин ялагдсан хүчний хувьд парламент дахь бүлэг давуу эрхтэй явсаар ирсэн юм.

Тэгвэл эхний ээлжинд намын Ерөнхий нарийн бичгийн дарга хэн байх талаар албан бус сунгаа МАН-д өрнөөд эхэлжээ. Шийдвэр нь өнөөдөр хуралдах тус намын Бага хурлаас гарах ёстой. Өнөөдрийн хуралдааны товыг өнгөрсөн долоо хоногт Тусгаар тогтнолын ордондоо тас хаалттай хуралдсан УИХ дахь МАН-ын бүлгийн өргөтгөсөн хуралдаанаас гаргасан юм. УИХ-ын сонгуулиас өмнө МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Мөнхбат хууль тогтоогч болж парламентад суугаа. Харин түүний орыг Д.Амарбаясгалан өнөөдрийг хүртэл түр гүйцэтгэсээр ирсэн. Тэгвэл өнөөдөр Д. Амарбаясгаланг жинхлэх, аль эсвэл өөр хүн томилох уу эсэхийг Бага хурлын 310 гишүүн шийдэх юм.

Эндээс харвал, Д.Амарбаясгалан хамгийн магадлалтай хүмүүсийн нэг болж байна. Гэвч 100 хувь найдвартай биш. Учир нь түүнд хүчтэй өрсөлдөгч гарч ирсэн нь Зам тээврийн сайд асан Н.Төмөрхүү. Энэ талаар тус намын ойрын эх сурвалж хэлж байна.
» Өнөөдөр Д. Амарбаясгаланг жинхлэх үү, аль эсвэл өөр хүн томилох эсэхийг Бага хурлын 310 гишүүн шийдэх юм.
» Н.Төмөрхүүгийн хувьд намын "гал тогоо"-ны “эзэгтэй” байх хэд хэдэн шалтгаан бий.
» Аль аль нь өөрийн харьяалагдах фракц араасаа түлхүүлэх дэмжлэгтэй.
Н.Төмөрхүүгийн хувьд өнгөрсөн аравдугаар сард намын Нарийн бичгийн дарга гэсэн сонгуульт албанд томилогдоод буй. Өмнө нь МАН тодорхой тооны салбар бүрт Нарийн бичгийн дарга томилдог байсан бол сонгуулийн дараа тэр бүгдийг нэгтгээд Н.Төмөрхүүд хариуцуулах шийдвэрийг Удирдах зөвлөлөөс гаргасан юм. Тэгэхээр одоо нам доторх түүний байр суурь түр үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалангаас жижигдээд байхааргүй жин дарж байна гэсэн үг. Н.Төмөрхүүгийн хувьд намын "гал тогоо"-ны “эзэгтэй” байх хэд хэдэн шалтгаан бий. Товчхондоо МАН түүнд шууд бусаар “өртэй”. Учир нь Ардын намын алдарт цагаан байшинг барьсан хүн нь тэр. Тэгэхдээ багагүй хэмжээний зардлыг хувиасаа гаргасан гэдэг. Түүнийхээ хүчинд 2012 онд УИХ-ын сонгуульд Өвөрхангайд нэр дэвших мандат авч, өрсөлдсөн ч авсан санал нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болж парламентын гадна үлдэж байсан юм. Харин МАН Засгийн газарт хамтарсан зурвас хугацаанд Зам тээврийн сайдаар ажиллаж байсныг онцлохоос аргагүй.

Д.Амарбаясгалангийн хувьд хөрөнгө мөнгөөр намаа тэтгэж чадаагүй ч сөрөг хүчнээр ажилласан дөрвөн жилд МАН- ын хийж буй улс төрийн акц бүрийн гол зохион байгуулагч гэдгээрээ бас гавьяатай нэгэн. Тиймдээ ч УИХ-ын сонгуулийн өмнө нам дотроо Сонгууль хариуцсан нарийн бичгийн даргын албан тушаалд үүрэг гүйцэтгэсэн билээ. Мөн түүний дараах орон нутгийн сонгуулийн штабыг ахалсан. Ийнхүү нэг нь намд хийсэн ажилтай, нөгөөх нь дэмжсэн хөрөнгөтэй хоёр эрхэм МАН- ын Ерөнхий нарийн бичгийн даргын сунгаанд уралдах болж байна. Мөн аль аль нь өөрийн харьяалагдах фракц, араасаа түлхүүлэх дэмжлэгтэй.

Өнөөдрийн хурлаар хэлэлцэхээр төлөвлөсөн дараагийн асуудал нь орон гарсан Бага хурлын гишүүдийг нөхөн томилох явдал. Тус намын Бага хурал нийт 310 гишүүнтэй бол өнөөдрийн байдлаар бараг 40 орчим гишүүн нь төрийн дээд, дунд шатны албан тушаалд томилогдоод байгаа аж.

Тиймээс орон нутгийн намын байгууллагаас тэдний оронд дэвшүүлж буй хүмүүсийг Бага хурлаараа жинхлэхээр болжээ. Мөн УИХ-ын тодорхой тооны гишүүдийг Бага хурлын гишүүнээр томилох аж. Тухайлбал, Г.Мөнхцэцэг тэргүүтэй гурван гишүүн Бага хурлын бүрэлдэхүүнд багтдаггүй аж.

Дашрамд дурьдахад, УИХ-ын сонгуулийн дараа намын Бага хурлыг товлоод байсан ч орон нутгийн сонгуулийн дараа хуралдуулах саналыг гишүүдээс гаргасан тул ийнхүү хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн юм.
САНАЛ БОЛГОХ