
Таныг сонсож байна…
Фэйсбүүкт нэг ээж бичжээ. “Нэгэн их дэлгүүрийн супермаркет гурваас дээш бараа авбал бөөний үнээр гэж лангуун дээрээ бичсэн байлаа. Хэрэглэх л юм чинь мөнгөө хэмнэе гээд гурвыг аваад кассанд уншуултал бөөний үнэ гэж байхгүй гэж байна. Менежерийг нь дуудаж асуутал “Бөөний үнэ байхгүй, авахаа л больчихгүй юу” гээд яваад өглөө” гэж. Бидний өдөр тутмын амьдралд энэ мэт бухимдмаар зүйл олон бий. Гэвч бид яаж ч чадалгүй өнгөрөх нь олон. Наанадаж гэр бүлийнхэндээ хэлнэ, цаанадаж олон нийтийн сүлжээ сайтаар хүмүүстэй хуваалцахаас хэтэрдэггүй шүү дээ. Тэгвэл энэ үед та 18001284 утсанд дуудлага өгч, тухайн супермаркетад болсон явцыг баталгаажуулан мэдээлэх боломжтой аж.
Манайд зүүн доод айл тагтан дээрээ үргэлж нэг зүйл шатаадаг байсан юм. Өдөрт хэд хэдэн удаа шатаахыг яана. Тагт болон гэрийнхээ вакуум цонхыг давхар хаасан ч үнэртэнэ, цонх онгойлгох талаар бүр ч ярилтгүй. Арга ядсан би бараг бүтэн жил бухимдсаны эцэст Цагдаагийн ерөнхий газрын 102 дугаарт дуудлага өгч билээ. Цагдаа нар тухайн айлын эзэнд сануулга өгснөөс хойш тагтан дээрээ утаа баагиулахаа больсон юмдаг. Та ч мөн элдэв хорт үнэртэй, тас хар өнгөтэй зүйл шатааж байгаатай таарвал 102 дугаарт мэдэгдэх боломжтойг холбогдох албаны хүн хэллээ.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд “Зөвхөн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд, суурин газрын гаднах замд гүйцэж түрүүлэхийн тулд бусад жолоочид анхааруулах зорилгоор дуут дохио хэрэглэнэ. Үүнээс бусад тохиолдолд дуут дохио хэрэглэвэл замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хэмээн үзэн, 5-25 мянган төгрөгөөр торгох хүртэл арга хэмжээ авна” хэмээн заажээ.
Гэтэл дуут дохиог хэрэглэх соёл манайд төдийлөн дэлгэрээгүйг хэн бүхэн мэднэ. Тэр дундаа том оврын автобус мэр сэр галт тэрэг явна уу гэж андуурмаар чанга дуутай дуут дохио ашиглах нь бий. Манай гэр автобусны буудлаас 20 алхмын зайтайг ч хэлэх үү, дуу чимээ арай хэтэрсэн гэж болохоор. Та ч бас ийм зовлонтой бол бидэнд үүнийг шийдэх арга байгааг хэлэхэд таатай байна. Хэрэв та хэтэрхий чанга дуут дохиотой автобустай таарвал дугаарыг нь тэмдэглэн авч Нийтийн тээврийн газрын 326352 утсанд мэдээлээрэй. Мэргэжилтнүүд тухайн нийтийн тээврийг шалгаж, дуут дохиог нь солиулан, дахин ийм зөрчил гаргасан тохиолдолд торгох арга хэмжээ авна. Нийтийн тээврийн газраас энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд хэт чанга дуут дохио ашиглахгүй байх шаардлага тавьдаг ажээ.
Чанга дуут дохио тээг болвол мэдээлээрэй
Явган зорчигч руу санаатайгаар ус цацсан жолоочийг Замын цагдаагийн газарт мэдэгдэж, хариуцлага тооцуулах боломжтой. Та тухайн автомашины улсын дугаарыг Замын цагдаагийн газрын 124 дугаарт мэдэгдээрэй. Улмаар холбогдох ажилтнууд гомдлын дагуу шалгалт хийж, шаардлагатай тохиолдолд жолоочийг торгох арга хэмжээ авна.
Гудамжинд хэвтэх хүнийг хараад та хамгийн түрүүнд юу гэж боддог вэ. Ардчилал гарснаас хойш хар усанд толгойгоо мэдүүлсэн хүмүүс замын хашлагаар дэр хийж хэвтээ дүр зураг л бидэнд танил болсон. Гэвч тэр хүн унаж, татах, эсвэл чихрийн шижин өвчтэй нэгэн ч байж мэднэ шүү дээ. Тиймээс та ийм хүнтэй таарвал даруй 103 утсанд дуудлага өгч байгаарай.
Таны хөрш зэргэлдээх айл, таньдаг мэддэг хүмүүс тань гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр, хүүхдээ зодож танхайрсан бол даруй цагдаагийн байгууллагад хандаарай. Монгол Улсын сүүлийн зургаан жилийн статистик мэдээллээс үзвэл сард хоёр хүн гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь насаа алджээ. Тиймээс “Эр, эмийн дундуур илжиг бүү жороол” гэж өөрийгөө хаацайлалгүй 102 дугаарт дуудлага өгөх хэрэгтэй юм. Таны нэг дуудлага өөрийгөө хамгаалах чадваргүй олон хүүхэд, эмэгтэйн амь насыг аварч ч мэднэ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй