О.Хуягцогт: Орон нутгийн хөгжлийн санд 80 тэрбум төгрөг төсөвлөсөн

ЗГМ: Тодруулга

“Монгол Улс дахь төвлөрлийг сааруулах бодлого ба иргэний оролцоо” сэдэвт олон улсын бага хурал даваа гарагт Төрийн ордонд боллоо. Уг хуралд Монгол, Индонез, Кыргызстан, Узбекистан, Балба, Лаос, Камбож, Мьянмар зэрэг орны төлөөлөгчид оролцсон байна.

Тэгвэл Монгол Улс өнгөрсөн 25 жилийн хугацаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах зорилгоор эрх зүйн орчинд тодорхой зохицуулалтаар хуульчилж өгсөн байдаг аж. Гэхдээ иргэдийн оролцох үйл явц нь бүрхэг туссан гэдгийг “Иргэдийн оролцоо” төслийн захирал Б.Нэргүй онцолсон юм. Тиймээс Иргэний улс төрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн хуулийн төслийг боловсруулж, Засгийн газраас санал авахаар хуулийн төслөө хүргүүлжээ. Хэрэв УИХ хуулийн гол агуулгыг өөрчлөхгүйгээр батлавал иргэний оролцоог зохицуулсан хуультай болох юм. Мөн төвлөрлийг сааруулах болон төсвийн зарцуулалтад тавих иргэдийн хяналт, оролцоог нэмэгдүүлэхийн тулд 2013 оноос Төсвийн тухай хууль шинээр хэрэгжиж, Орон нутгийн хөгжлийн сангуудыг бий болгосон байна.

Уг хэлэлцүүлгийн үеэр Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын Төсвийн зарлагын хэлтсийн дарга О.Хуягцогтоос Орон нутгийн хөгжлийн сангийн хэрэгжилтийн талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Орон нутгийн хөгжлийн санг хэзээ байгуулсан бэ?

-Уг санг 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэ сангийн гол зорилго нь аймаг, орон нутгийн ижил тэгш хөгжих боломжийг олгохыг зорьсон. Хүн амын тоо, газар нутгийн байршлаас шалтгаалан орон нутгаа хөгжүүлэх, идэвх санаачлагаас хамаарсан үзүүлэлтээр бүх аймаг, орон нутагт адилхан зарчмаар улсаас хөрөнгө төсөвлөсөн. Цаашлаад эдийн засаг, санхүүгийн байр суурийг бэхжүүлэхэд чиглүүлсэн бодлого хэрэгжүүлсэн. Ингэснээр тухайн орон нутгаас төв суурин рүү, байгалийн баялаг ихтэй орон нутгийн иргэд Улаанбаатар руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг багасгаж, аймаг орон нутагтаа ажиллаж амьдралын нөхцөлийг бүрдүүлэх бодлого барьсан.

-Энэ онд Орон нутгийг хөгжүүлэх санд хэчнээн төгрөг төсөвлөсөн бэ?

-Өнгөрсөн хугацаанд Орон нутгийн хөгжлийн санд нийтдээ 602 тэрбум төгрөг хуваарилсан. Гэвч эдийн засаг, төсвийн нөхцөл байдлаас хамаарч бодит гүйцэтгэлээрээ 2015 оны байдлаар нийт 490 орчим тэрбум төгрөг хуваарилсан байна. Харин энэ онд 80 орчим тэрбум төгрөг төсөвлөсөн. Эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа гэсэн шалтгаанаар Орон нутгийн хөгжлийн санд хуваарилах төсвийн хөрөнгө жил ирэх тутам буурч байгаа.

-Уг сангийн хөрөнгөөр ямар төсөл, хөтөлбөр санхүүжилт байгаа вэ?

-Өнгөрсөн хугацаанд Орон нутгийн хөгжийн сангийн санхүүжилтээр жил бүр 4000- 6000 төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна гэсэн судалгаа бий. Үүнд давтамжтай хэрэгжиж буй төслүүд ч бий. Нэгдүгээрт, байгаль орчныг хамгаалах, сэргээх төсөл, хөтөлбөр байна. Хоёрдугаарт, орон нутгийн тохижилтод анхаарах, завсар хийх төслүүд хэрэгжжээ. Гуравдугаарт, тухайн орон нутгийн дэд бүтцээ өргөжүүлэх, инженерийн байгууламжийг сайжруулах, цэвэр бохир усны сүлжээнд холбох зэрэг төсөл, хөтөлбөрт санхүүжилт хийж байна.

САНАЛ БОЛГОХ