Энэтхэгчүүдийн нэрийн хуудас карри

Зөвлөгөө

Тухайн орны хүнсний ногоо, амтлагчнаас шалтгаалаад хоолны чанар өөрчлөгддөг

Энэтхэг хоол гэхээр яагаад ч юм идэхэд хүндрэлтэй, тэр тусмаа хүүхдэд өгөх хоол олдохгүй мэт санагддаг. Энэ хэвшмэл сэтгэгдлээсээ салж ядан “Намасте”-г зорьсон нь баригдмал бодлоос минь салгав. Үндэсний хэв маягийг харуулсан жаазтай зураг, баримлаар дотоод заслаа шийдэж, гоёмсог сааригаар хосолсон зөөгчдийг хараад яг л энэ улсад очсон мэт сэтгэгдэл өөрийн эрхгүй төрүүлнэ. Үүгээр зогсохгүй хэдийнэ танил болсон энэтхэг киноны дуу хөгжим цаанаа дотно санагдлаа.

Ингээд “Ширээн дээр” булангийнхаа энэ удаагийн дугаарт “Цэцэг” зочид буудалд байрлах “Намасте” энэтхэг хоолны рестораныг онцоллоо. Гэр бүлийнхээ хамт зорьж очиход үүднээсээ эхлээд л найрсаг харилцаа биднийг ийн угтав. Энэ удаад Расмала амттан болон Масала хоолыг онцолъё. 

Бидний сонгосон хоол болон амттан нь үхрийн махтай карри болон элсэн чихрийн уусмалаар бүрсэн бяслаган бөмбөлөг. Гүц, эсвэл данх гэмээр өвөрмөц саванд хийсэн үхрийн махтай карри, ширмэн дээр хайрсан гамбир, олон төрлийн зууш, зөөлөн чихэрлэг амттан, анхилуун үнэртэй цайг бидэнд авчирлаа. Үхрийн махыг зөөлөн бутарсан болгож, гашуун эсвэл чихэрлэг биш, тийм зөөлөн амт нь хүүхэд идэхэд илүү тохиромжтой ажээ. Мөн энэтхэг үндэсний, ямар ч тос ороогүй, ширмэн дээр хайрч хийдэг гамбир нь карриг ороож идэхэд төгс зохицдог юм байна. Карри нь зөөлөн амттай махнаас гадна өтгөрүүлсэн шөлтэй учир гамбиртайгаа нэн сайхан. Энэтхэг хоолтой хольж иддэг гамбир нь бяслагтай, наананы үртэй, цөцгийтэй, сонгинотой гэх мэт олон төрлөөс та сонгож болно.

Гамбир нь карриг ороож идэхэд төгс зохицдог
Мөн хүүхдийн будаагаар хийсэн боорцог, тарагтай исгэлэн амттан, зөгийн балтай ширгээж хатаасан бөөрөнхий сүү гэх мэт амттан олон бий. Гаднаас нь нүдэнд тусаад байхаар биш ч амсаад үзвэл хэт нялуун биш, бага зэргийн чихэрлэг, аманд ороод уусах мэт зөөлөн. Энэтхэг орон бол цайгаараа гайхагддаг билээ. Тийм ч учраас сэнгэнэсэн зөөлөн яг л арвайтай ногоон цай шиг санагдсан. Монголчууд солонгос, хятад ресторанд их ордог ч тэр болгон энэтхэг рестораныг зориод байдаггүй учир хааяа очиж хооллоход тун дажгүй санагдлаа. Мөн нэмж хэлэхэд хоол хийж байгаа газар нутагт ямар ургамал, амтлагч байгаагаас шалтгаалаад хоолны төрөл зүйл нь өөрчлөгддөг гэдгийг ч тогооч нь хэлж байв. Энэтхэг хоол, гамбир, зууш, амттан бүгд сэтгэлд нийцлээ.

Олон үндэстний хоолыг идэх дуртай хүмүүст зориулж “Намасте” ресторанаас бүх төрлийн амтат карри болон чихэрлэг зөөлөн амттан, энэтхэг маягийн боорцог, хуушуур, вандуйн чипсийг санал болгодог. Мөн цагаан болон ногоон хоолонд дуртай хүмүүст зориулсан бүх төрлийн ногооны шөл, салатыг танд зориулан шууд бэлтгэн өгч байна. Мөн “Намасте”-гийн “Цэцэг” зочид буудалд байрлах салбар нь цөөн хүний багтаамжтай тул олон хүн дунд бужигнах дургүй хүмүүст хамгийн зөв сонголт байх болно. Улс орон бүр хооллох соёлоороо харилцан адилгүй байдаг. Тиймээс үйлчилгээнд нь "онц" үнэлгээ өгмөөр. Сайхан харилцаа, тухтай орчин угтахад хоол идэх хүсэл нэмэгддэг гэдгийг өөрийн биеэр мэдэрлээ. Гэр бүлээрээ хооллоход илүү тохиромжтой санагдсан. Хоолны сонголт арвин, порц ихтэй учир найз нөхөд, хамт олноороо хооллоход тохирох аж. Тав тухтай, таатай орчинд хооллох нь сэтгэл санаанд ч сайнаар нөлөөлдөг.
САНАЛ БОЛГОХ