Хятадын хөрөнгө Австралид жуулчдыг даллаж байна

Дэлхийн хандлага

Жейми Смит

Хуан Чяолин 20 гаруй жилийн тэртээ Австралийн Голд Костод анх ирмэгцээ л сэтгэл татагджээ. “Байсхийгээд л төөрчихнө, хүмүүс нь тусч гэж” хэмээн Хятадын хамгийн том сэдэвчилсэн паркийг эзэмшигч Songcheng Group-ийн захирал дурсав. “Сэдэвчилсэн паркууд нь онцгой сайхан” хэмээн тэрбээр шагшиж байв.

Ноён Хуан өнгөрсөн сард Голд Костоос буцаж ирмэгцээ Songcheng компанийн гадаад дахь анхны хөрөнгө оруулалтын талаар нийтэд мэдээллээ. Songcheng тус хотод Australia Legend Kingdom нэртэй сэдэвчилсэн парк байгуулахад 600 сая австрали долларын (436 сая ам.доллар) хөрөнгө оруулна. Паркад Жэймс Кук Австралид буусан үеийг дүрсэлсэн нутгийн уугуул иргэдийн суурингаас гадна Хятад, зүүн өмнөд Азийн эрт цагийн түүхийг өгүүлэх “Нууцлаг дорно” гэсэн хэсэг байх юм.

“Шоу маань австраличуудыг соёл, түүхээрээ бахархахад хүргээд зогсохгүй гадны жуулчдад нэрийн хуудас болж өгнө” хэмээн ноён Хуан тайлбарлав. Songcheng-ийн сэдэвчилсэн парк нь Австралийн цэцэглэж буй жуулчлалын салбарт Хятадын компаниудаас оруулж буй 10 тэрбум австрали долларын хөрөнгө оруулалтын нэгхэн хэсэг.

Тус улсыг зоригч хятад жуулчдын эрэлтэд нийцүүлэн зочид буудал, орон сууц, соёл амралтын төсөл хэрэгжүүлж буй хөрөнгө оруулагчдын жагсаалтад Dalian Wanda, Forise, Nanshan, Greenland зэрэг том компани багтжээ. Австралид ирэх хятад жуулчдын тоо сүүлийн тавхан жилд хоёр дахин өсөж 1.2 саяд хүрлээ. Хятад жуулчдын тооны өсөлтөөр тус улс Шинэ Зеландын дараа дэлхийд хоёрдугаарт орж байна.

Дунджаар нь тооцвол, хятад бус гадаадын жуулчин Австралид нэг удаагийнхаа аяллаар 5000 австрали доллар, хятадууд 8000 австрали доллар зарцуулж байгаа юм. Tourism Australia байгууллагын тооцоогоор тус улсад гаднын жуулчны халааснаас орж буй дөрөвдэх австрали доллар бүр хятад аялагчийнх ажээ.

“Хятад улс Австралийн жуулчлалын салбарт амин чухал үүрэгтэй. Жуулчдынх нь тоогоор ч, зарцуулдаг мөнгөнийх нь хэмжээгээр ч энэ улсын урд гишгих өрсөлдөгч байхгүй” хэмээн Tourism Australia-гийн менежмент эрхэлсэн захирал Жон О’Салливан тайлбарлав. Жуулчдынхаа араас хятад хөрөнгө оруулагчид ч хошуурч буй нь Австралийн жуулчлалын салбарын ирээдүйг тодорхойлж өглөө хэмээн тэрбээр нэмж өгүүлсэн юм.

Далайн үзэсгэлэнт эрэг, амралтын газруудад нь жил бүр 13 сая жуулчин ирдэг Голд Кост нь гаднын хөрөнгө оруулалтын чухал зангилаа цэг. Урьд нь 1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үед үрлэгэн япон жуулчид, хөрөнгө оруулагчид тус бүс нутагт цутгаж байсан түүхтэй. Эдүгээ Голд Костод хятадууд амралтаа өнгөрөөж, шинэ төслүүд санхүүжүүлдэг болжээ.

“Хотод маань таван тэрбум австрали доллараар хэмжигдэх олон төсөл ид хэрэгжиж байна” хэмээн Голд Кост хотын захирагч Том Тэйт тайлбарлав. Тэрбээр Songcheng групп хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө танилцуулсан, тус хотын хамгийн өндөр барилга Q1- ийн дээвэр дэх тусгай хэсгээс энэхүү тайлбарыг сэтгүүлчдэд өглөө. Ойролцоох Jewel амралт жуулчлалын цогцолборт ажиллаж буй хэд хэдэн өргөгч цамхагийн бараа энэхүү өндөрлөгөөс тодхон харагдана. Уг цогцолборыг Хятадын Dalian Wanda, Ridong Group 900 сая ам.доллараар хамтран байгуулж байгаа ажээ. Цогцолборт зургаан одот зочид буудал, дээд зэрэглэлийн орон сууц, бар, ресторан, усан сан багтах ёстой. Хятадын хөрөнгө оруулалт нь сүлжээ зочид буудлууд, аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сайжруулахад түлхэц өгнө хэмээн ноён Тэйт өгүүлж байлаа.

АНУ, Европ, Австрали дахь Хятадын хөрөнгө оруулалт үнэмлэхүй өссөн нь Бээжин дэлхийн эдийн засгийн өсөлтийн хөдөлгөгч хүч, хөрөнгө оруулалтын эх сурвалж болж буйн баталгаа. Австрали улс 2014-2015 онд Хятадын компаниудын нийт 46 тэрбум австрали долларын хөрөнгө оруулалтыг баталжээ. Энэ нь тоон үзүүлэлтийн хувьд тус улсын хоёр дахь гол хөрөнгө оруулагч АНУ-ынхаас даруй хоёр дахин их байгаа юм.

Australia Legend Kingdom-ийг Songcheng компанийн Хятадад хэрэгжүүлсэн загварт тулгуурлан байгуулна. Тус групп компани нь БНХАУ-д 30 сэдэвчилсэн парк, аялал жуулчлалын 10 цогцолбор, 40 театр ажиллуулдаг. Songcheng нь сэдэвчилсэн парк эрхлэгч дэлхийн шилдэг 10 компанийн нэг. “Бид цаашдаа энэ үзүүлэлтээр дэлхийн хамгийн шилдэг нь болох эрмэлзэлтэй” хэмээн ноён Хуан өгүүллээ.

Тус компани Лас Вегаст төсөл хэрэгжүүлэхээр яриа хэлэлцээ өрнүүлж байсан ч анхны хөрөнгө оруулалтаа Австралид хийхээр өнгөрсөн онд шийдвэрлэжээ. “Энд бизнес эрхлэхэд илүү хялбар” хэмээн ноён Хуан шийдвэр гаргасан учраа тайлбарласан юм.

Хятадаас хөрөнгө гадагш урсах явдлыг хязгаарлах шинэ цогц арга хэмжээг Бээжин өнгөрсөн долоо хоногт танилцуулсан. Уг арга хэмжээ нь Австралид цутгах Хятадын хөрөнгө оруулалтыг татрахад хүргэж болзошгүй хэмээн зарим шинжээч сэрэмжлүүлэв. Харин ноён Хуан уг хязгаарлалт том компаниудад нөлөөлж чадах, эсэхэд эргэлзэж буйгаа өгүүллээ. “Засгийн газар, ялангуяа манайх шиг соёлын хамтын ажиллагаа, харилцаа хөгжүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг арай ч хязгаарлачихгүй. Засгийн газар мөнгөө гадаадад зувчуулах гэсэн хүмүүст л саад хийх гээд байгаа юм” хэмээн тайлбарлав.

САНАЛ БОЛГОХ