Эмийн хөнгөлөлтийн талаар шинэ журам гараагүй

ЗГМ: Тодруулга

Санхүүжилтээс шалтгаалаад сарын эхэнд, эсвэл сүүлчээр олгодог

Иргэд эрүүл мэндийн даатгалд даатгуулснаар жилд 132800 төгрөгийн хөнгөлөлт эдлэх эрхтэй. Мөн 132 төрлийн эмийг 80 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжтой байдаг. Гэвч иргэд тэр бүр хөнгөлөлттэй үнээр авч чаддаггүй аж. Учир нь эмийн санчид санхүүжилт дууссан гэх шалтгаанаар эмийг хөнгөлөлттэй өгөхөөс татгалздаг байна. Эмийн хөнгөлөлтийн санхүүжилтийн талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын газраас тодруулах гэсэн боловч хариулт өгөхөөс татгалзлаа. Иймээс бид Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны өрхийн эмнэлгийн дарга н.Лхагваагаас эмийн хөнгөлөлтийн талаар тодруулсан юм.

-Нийгмийн даатгалаар хөнгөлсөн хэчнээн эм байдаг вэ?

-Эрүүл мэндийн даатгалын сангаас өнгөрсөн оны дөрөвдүгээр сард нийслэлийн хэмжээнд 12.7, орон нутагт 10.2 тэрбум төгрөг төсөвлөж, нийт 404 эмийн үнийг хөнгөлөх тухай тогтоол гаргасан. Харин энэ жилийн хувьд эмийн хөнгөлөлтийн талаар шинэ журам, тогтоол гараагүй байна.

-Эдгээр 404 эмийн нийт үнийн дүнгийн хэдэн хувийг хөнгөлдөг вэ?

-Жагсаалтад орсон эмийн нийт үнийн 40-80 хувийг хөнгөлж байгаа. Жишээ нь, тархины эд эсийг хамгаалах үүрэгтэй пирацетам гэдэг эм 400 гр-тай нь 13200 төгрөгийн үнэтэй. Харин эрүүл мэндийн даатгалаар хөнгөлснөөр 6000-9000 төгрөг болдог. Мөн хүүхдийн дархлаа дэмжих бифирон лаа 20000 төгрөгийн үнэтэй. Даатгалаар хөнгөлүүлээд 6000-8000 төгрөгөөр авах боломжтой.


-Хөнгөлөлттэй эмийг сар бүр олгодог уу. Эмийн сангууд санхүүжилт дууссан гээд хөнгөлж өгдөггүй юм билээ?

-Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй эмийг сар бүрийн эхэнд олгодог. Бид тухайн өвчтөн хөнгөлөлттэй эм авмаар байна гэвэл бичиг хийж өгдөг. Хүмүүс заримдаа хөнгөлөлттэй эм өгөхгүй байна гэж гомдоллодог. Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт үзүүлдэг эмийн сангууд санхүүжилтээс шалтгаалаад сар бүрийн эхэнд, эсвэл сүүлчээр олгодог юм билээ.
САНАЛ БОЛГОХ