Дональд Трамп, Рандалл Стефенсон нар “AT&T” болон “Time Warner”-ийн асуудлыг хөндсөнгүй

Мөнгө ба бизнес

Харилцаа холбооны “AT&T” компанийн Гүйцэтгэх захирал Рандалл Стефенсон АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трамптай уулзсан байна. Гэхдээ уулзалтын үеэр “AT&T” компанийн “Time Warner”-тай нэгдэх асуудлыг хөндөөгүй байна. Албан мэдэгдэлд дурдсанаар уулзалтын хүрээнд шинээр ажлын байр бий болгох, хөрөнгө оруулалт болон өрсөлдөөний асуудлаар талууд санал бодол солилцжээ. “AT&T” компани 85.4 тэрбум ам.доллараар “Time Warner” компанийг худалдан авахаар тохиролцсон аж. Хэдий тийм боловч эрх баригчдаас зөвшөөрөл авах шатанд хэлэлцээр саатаад байгаа юм. Дональд Трамп кампанит ажлынхаа үеэр дээрх хоёр компанийн нэгдэхийг зөвшөөрөхгүй гэж мэдэгдэж байсан удаатай.

“McDonald’s” Япон дахь нэгжийнхээ 33 хувийг худалдахаар төлөвлөж байна


АНУ-ын түргэн хоолны сүлжээ ресторан “McDonald’s” компани Япон дахь нэгжийнхээ 33 хувийг худалдахаар төлөвлөж байгаа талаар ойрын эх сурвалж мэдээллээ. Арилжааг “Morgan Stanley” банк хариуцан ажиллах юм байна. Токиогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “McDonald's Japan”-ийн зах зээлийн үнэлгээ 3.5 тэрбум ам.доллараар үнэлэгддэг хэдий ч “McDonald’s” Япон дахь бизнесийнхээ 50 хүрэхгүй хувийг эзэмшдэг юм. Эх сурвалжийн мэдээлснээр ирэх долоо хоног хүртэл худалдан авагчдаас санал хүлээн авах бөгөөд одоогоор хэд хэдэн хувийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ.


“China Resource” компани “Vanke” дахь эзэмшлийн хувиа “Shenzhen Metro Group”-т худалдана



“China Resource” компани үл хөдлөх хөрөнгийн “Vanke” компани дахь өөрийн эзэмшлийн 15.3 хувийг Төрийн өмчит “Shenzhen Metro Group”-т худалдахаар шийдвэрлэсэн байна. Талууд нэгж хувьцааг 22 юаниар үнэлж нийт үнийн дүнг 37.2 тэрбум юань байхаар тохиролцжээ. Өнгөрсөн хугацаанд “China Resource”-ийн удирдлагууд “Vanke”-ийн гол хувьцаа эзэмшигч болох зорилттой ажиллаж ирсэн байна. Тиймээс энэ удаагийн хэлцлийг зөвшөөрсөн нь Шенженийн засаг захиргааны оролцоотой холбоотой гэж үзэх хүмүүс байгаа ажээ.




САНАЛ БОЛГОХ