Драмаар давалгаалах “Оскар 2017”

Кино

Галзуу тулаан, хурдан өрнөлтэй адал явдалт кино өнгөрсөн жилийн “Оскар”-ын наадмын шилдгүүд байсан. Харин энэ жил тус наадам хайр дурлал, гэр бүлийн харилцааг хөндсөн драмын кинонуудаар давалгаалах нь.

Кино урлагийн шилдгүүдийг тодруулдаг Академийн шагнал гардуулах ёслол буюу “Оскар”-ын наадам эхлэхэд сар гаруйн хугацаа үлдлээ. Шүүгчид ирэх долоо хоногт нэр дэвшигчдийг албан ёсоор зарлана. Гэхдээ Оскарын наадмаас шагнал хүртэх магадлалтай уран бүтээлчдийн таамаг аль хэдийн гарчээ.

Оны эхэнд болсон “Алтан бөмбөрцөг” наадам өнгөрсөн жил дэлгэцнээ гарсан шилдэг бүтээл, уран бүтээлчдийг тодруулсан. Тус наадмын шилдгүүд “Оскар”- ын шагналд нэр дэвших, шагнал гардах магадлал өндөр байдаг. “Алтан бөмбөрцөг” наадмын 90 гаруй шүүгчид кино болон телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг юм. Харин “Оскар”-ын наадмын шүүх бүрэлдэхүүн дэлхийн өнцөг булан бүрт буй кино урлагийн 6000 гаруй мэргэжилтнээс бүрддэг. Тэдний 20 хувь нь жүжигчид байдгаараа онцлог аж. Тиймээс илүү мэргэжлийн шалгаруулалт болдог гэж үнэлдэг юм.

Энэ жил шилдэг хүүхэлдэйн кинонд “Кубо ба хоёр чавхдас”, “Алдрын зам”, “Моана”, “Амьтдын хот” нэр дэвших магадлалтай. Мөн шилдэг гадаад хэл дээрх киногоор Иран, Францын хамтарсан “Худалдаачин”- ы нэр яригдаж байгаа юм. Харин шилдэг хувцас загварын номинацид “Fantastic beasts: Where to find them” кино амжилт үзүүлнэ гэх таамаг байна. “Оскар 2017” наадамд шагнал гардах магадлалтай зарим киноны талаар хүргэе.

“MOONLIGHT”

Майамигийн хар тамхичдын ертөнцөд өсч буй өнгөт арьст хүү Чироны амьдралын гурван үеийг үзүүлжээ. Эхний хэсэгт хар тамхинд донтсон ээжийнхээ хайр, халамжийг эдэлж чадахгүйгээр үл барам хар тамхины наймаачин Жоаны дэргэд өсч буй бяцхан хүүгийн түүхийг өгүүлдэг. Хоёр дахь хэсэгт өсвөр насанд хүрсэн Чирон хар тамхи, дээрэм тонуултай харанхуй ертөнцөд дасан зохицож буй тухай гарна. Харин сүүлийн хэсэгт Чирон насанд хүрч, “Black” хочтой хар тамхины наймаачин болсон байна. Гэсэн ч хүнд бэрх амьдрал туулсан Чирон сэтгэлийн шархаа эдгээж, хайртай хүмүүстэйгээ эргэн уулзаж, тэднийгээ уучилж буйгаар кино төгсөнө.

Тус кино “Алтан бөмбөрцөг” наадмын шилдэг киногоор шалгарсан. “Оскар 2017” наадамд шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин, шилдэг эрэгтэй туслах жүжигчин, шилдэг найруулагч зэрэг номинацид нэр дэвших магадлалтай.

“LA LA LAND”

“Hairspray”-ээс хойш мюзикл төрлийн кино шилдгүүдийн тоонд багтаагүй байв. Харин “La la land” кино цөөнгүй амжилт үзүүллээ. Тус кино “Алтан бөмбөрцөг” наадмаас хамгийн олон буюу долоон шагнал хүртсэн юм. “Оскар”-ын наадамд ч энэ амжилтаа давтана гэж шүүмжлэгчид дүгнэж байна. Инээдэм, хайр сэтгэл, дуу хөгжмийн ертөнцийг хослуулсан сонирхолтой бүтээл гэж “La la land”-ыг үнэлжээ.

Алдартай жазз хөгжимчин болох мөрөөдөлтэй залуу Себастиан /Райн Гослинг/, жүжигчин болох хүсэлтэй Миа /Эмма Стоун/ нар Лос-Анжеласт танилцан, бие биедээ дурлана. Гэвч хайртай бүсгүйнхээ төлөө Себастиан мөрөөдлөө золиослох болдог. Тэр хэчнээн тэмцээд ч хайр сэтгэлээ аварч чадсангүй. Гэвч киноны төгсгөл сонирхолтой. Миа нөхөртэйгээ нэгэн жазз клубт баяр тэмдэглэхээр ороод хуучин дурлалт залуу Себастиан нь хөгжим тоглож байхтай таарна. Тэдний хайр бүтээгүй ч хоёул өөрсдийн хүссэн амьдралаа бүтээсэн нь энэ аж.

“FENCE”

Жүжигчин Дензел Вашингтон энэ киногоор гурав дахь “Оскар”-ын шагналаа авч магадгүй гэж таамаглаж байна. Бэйсболын тамирчин болох мөрөөдөлдөө хүрч чадаагүй Трой (Дензел Вашингтон) хүүгээ хөлбөмбөг тоглохыг эсэргүүцнэ. Тэр залуудаа шоронд орж, тэнүүлчдийн дунд амьдарч байхдаа бэйсболын тамирчинтай танилцжээ. Трой хэдийгээр авьяастай байсан ч нас нь хэтэрсэн гэсэн шалтгаанаар мэргэжлийн тамирчин болж чадаагүй юм. Үүнийг арьс өнгөний үзлээс болсон гэж насан туршдаа итгэж явсан нэгэн. Тиймээс хүүгээ хөлбөмбөг тоглохыг хориглосноор киноны үйл явдал хурцадна.

Гэр бүлийн үнэ цэн, өөрчлөгдөж буй нийгмийн хандлагыг харуулсан энэ киног Америкийн кино институтээс 2016 оны шилдэг 10 киноны нэгээр тодруулсан байна. “Fence”-ийг жүжигчин Дензел Вашингтон найруулжээ. Тус кино шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчнээс гадна шилдэг зураг авалт, шилдэг эмэгтэй туслах дүрийн номинацид нэр дэвшиж мэднэ.

“MANCHESTER BY THE SEA”

Холливудын алдарт жүжигчин Бен Аффлекийн дүү Кэйси Аффлек энэ жил ахынхаа амжилтыг давтаж магадгүй. Жүжигчин Бен Аффлект “Оскар”-ын хоёр цом байдаг. Харин энэ жил дүү нь шилдэг эрэгтэй жүжигчнээр тодрох магадлал байна. Тэрбээр “Manchester by the sea” киноны гол дүрд тоглосон нь шүүмжлэгчдээс цөөнгүй магтаал сонсоод буй. Энэ оны “Алтан бөмбөрцөг” наадамд тус кино таван номинацид нэр дэвшиж, Кэйси Аффлек шилдэг эрэгтэй жүжигчин болсон юм.

Кэйси Аффлек Аффлек энэ жил ахынхаа амжилтыг давтаж магадгүй

Ажил амьдрал нь доройтож, шөнийн цэнгээний газарт цаг нөхцөөдөг болсон Лии Чандлер (Кэйси Аффлек) гэх залууд нэг өдөр шүүхээс бичиг ирнэ. Төрсөн ах нь нас барсан тул хүүг нь асран халамжлах үүрэгтэй болжээ. Гэвч өөрийнх нь хүү ослоор амиа алдсан түүний хувьд энэ бол хүнд даваа. Хүүгийнхээ үхэлд өөрийгөө буруутгаж явдаг түүнд өсвөр насны хүүг өргөж авна гэдэг бүтэшгүй мэт санагдана. Мөн л гэр бүл, хүний сэтгэлийн нарийн утсыг хөндсөн уг киноны нэр шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин, эрэгтэй туслах жүжигчиний номинацид яригдаж байна.

САНАЛ БОЛГОХ