МУИС: Старт-Ап компаниудын санхүүжилтийн нөхцөлийг тодорхой болгох хэрэгтэй

Мэдээ

Монгол Улсын хэмжээнд шинжлэх ухааны салбарын судалгаа, шинжилгээний ажилд улсын төсвийн 0.16 хувийг зарцуулдаг талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам мэдээллээ. Инновацийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсэг өнөөдөр хуралдсан. Энэ үеэр инновацийн эко системийг хөгжүүлэх, хувийн хэвшлийн ААН-ийг дэмжих орчныг бүрдүүлэхээс гадна гарааны компаниудын санхүүжилтийн нөхцөлийг тодорхой болгох мөн "Инновацийн хөрөнгө оруулалтын сан" байгуулах зэрэгт анхаарах хэрэгтэй гэж МУИС онцолсон юм. Нийт 23 мянга орчим суралцагчтай МУИС-ийн хувьд өнгөрсөн хичээлийн жилд шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний ажилд гадаад, дотоод санхүүжилтээр нийт дөрвөн тэрбум төгрөг зарцуулжээ. Түүнчлэн төрийн өмчийн байгууллага үндсэн үйл ажиллагаанаас гадуур орлого олох боломжийг хязгаарласан эрх зүйн орчныг шинэчлэх зайлшгүй шаардлага байгааг МУИС-иас анхаарууллаа.

Үүнээс гадна Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэд “Шинжлэх ухааны паркийн захиргаа”-г байгуулсан. Захиргаа нь инноваци, өндөр технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, шинжлэх ухааны парк байгуулах ажлыг удирдан зохион байгуулах үүрэг хүлээж байгаа юм. Харин Инновацийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгах мөн холбогдох санал, дүгнэлт, төсөл боловсруулах ажлын хэсгийн эцсийн хэлэлцүүлэг энэ мягмар гарагт болно.



САНАЛ БОЛГОХ