Малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулав

Мэдээ

УИХ-ын гишүүн С.Чинзоригийн өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг баталлаа. Ингэснээр малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулж, ээжүүдийн хүүхдээ асарсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл тасрахгүй байх боломжийг бүрдүүлж байгаа юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн С.Чинзориг “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдийн хөдөлмөрийг бодитой үнэлэх зорилгоор хэд хэдэн өөрчлөлтийг энэ хуульд оруулсан. Нэгдүгээрт, ээжүүдийн төрүүлж өсгөсөн хүүхдийн тоогоор улсад ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жилийг нь 1.5 жилээр нэмэгдүүлэн тооцдог болж байна. Ээж дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн бол улсад ажилласан жил, НДШ төлсөн жил дээр зургаан жил нэмэгдэж тооцогдоно гэсэн үг. Ингэснээр цалингаас тогтоолгох тэтгэвэр нь өндөр тогтоогдох юм. Хоёрдугаарт, ээжүүд Хөдөлмөрийн тухай хуулиар хүүхдээ гурван нас хүртэл харсан бол НДШ тасрахгүй байх зохицуулалт хийж өгч байна. Өөрөөр хэлбэл, хүүхдээ гурван нас хүртэл харсан ээжийн энэ хугацааны шимтгэл тасрахгүй байх зохицуулалт хийж өгсөн. Харин сайн дурын даатгалд хамрагдсан ээжийн НДШ-ийг Нийгмийн даатгалын сангаас буюу тэтгэмжээс төлнө. Ажилгүй, орлогогүй ээжүүд төрөөд хүүхдээ асарч байгаа бол НДШ-ийн 50 хувийг төр хариуцна. Үлдсэн 50 хувийг нь өөрөө төлөх зохицуулалт хийж байгаа.


Гуравдугаарт, НДШ төлж байгаа ээжүүд жирэмсэн, амаржсаны тэтгэмж авдаг. Гэхдээ өмнөх хуулиар заавал даатгалд хамрагдсан ээж цалин хөлсний тэтгэмжээ 100 хувь авдаг байсан. Харин сайн дурын даатгалд хамрагдсан ээж цалин хөлсний тэтгэмжээ 75 хувиар авдаг. Тэгэхээр ээж хүн нэгэнт НДШ төлж байгаа бол даатгалын хэлбэрээс үл хамаарч жирэмсний болоод амаржсаны тэтгэмжийг цалин хөлснөөс 100 хувь бодуулж авдаг болохоор зохицуулсан.

Дөрөвдүгээрт, хуучин хуулиар ээж хүүхдээ асарч байх хугацаандаа дахин жирэмсэлж, хүүхэд төрүүлсэн бол тэтгэмж өгдөг байсан. Харин гурав дахь хүүхдээ төрүүлэхэд нь энэ тэтгэмжийг олгохгүй гэдэг. Зөвхөн эхний хоёр төрөлт дээр тэтгэмж олгодог зохицуулалтыг өөрчилж, төрөх болгонд нь жирэмсний тэтгэмжийг олгодог болгосон” гэлээ.

Үүнээс гадна малчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх боломж бүрдлээ. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Чинзориг “Улсын хэмжээнд 330 мянга орчим малчин байдаг. Энэ хуулийн өөрчлөлтөөр малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлууллаа. Эрэгтэй 55, эмэгтэй 50 настай тэтгэвэрт гардаг болж байна гэсэн үг. Мөн малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн НДШ- ийг нэг удаа нөхөн төлүүлэх боломжтой боллоо. Улсын хэмжээнд нэг сая 100 мянган ажилтан байна гэж тооцдог. Үүний 47.5 хувь нь малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч байгаа юм. Нийт 300 мянган малчин, 240 орчим мянган хувиараа хөдөлмөр эрхлэгч байна гэсэн тооцоо бий. Гэтэл тэдний нийгмийн даатгалын шимтгэл төлөх явц маш муу байна. Малчдын ердөө есөн хувь нь НДШ төлдөг.

Хувиараа хөдөлмөр эрхлэгчийн 13 хувь нь НДШ төлдөг гэсэн судалгаа бий. Ингэхээр 85- 90 хувь нь нийгмийн даатгалын гадна байгаад байна. Тэд өндөр наслаад ирэхээр нийгмийн даатгалын баталгаа нь алдагдах сул талтай. Тиймээс малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн НДШ-ийг нэмэгдүүлэх үүднээс нэг удаа нөхөн төлөх боломж олгож байгаа юм” гэв.

Дашрамд дурдахад, эдгээр хууль 2018 оноос хэрэгжиж эхэлнэ. Мөн ээжүүдийн төрүүлсэн хүүхдийн тоогоор ажилласан хугацааг 1.5 жилээр нэмж тооцох хуулийн заалтын журмыг Засгийн газраас батлах юм байна. Өөрөөр хэлбэл, энэ зохицуулалтад бүх ээжийг хамруулах уу, эсвэл хууль хэрэгжиж эхлэх хугацаанаас эхлэн тооцох уу гэдгийг Засгийн газар шийдэх аж.
САНАЛ БОЛГОХ