ОУВС-гийн шинэ нөхцөлтэй танилц

Нийтлэл

Энэ хөтөлбөр нь “Стэнд бай”-аас урт хугацааг хамарна

Монгол Улсын Засгийн газар, Олон улсын валютын сантай урьдчилсан тохиролцоонд хүрчээ. Сангийн сайд Б.Чойжилсүрэн өнгөрсөн долоо хоногт АНУ-ыг зорьж, Вашингтонд төвтэй ОУВС-гийн төлөөлөлтэй уулзсан байна. Энэ үеэр Монголд хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөрийн эхний зураглалыг гаргажээ. Эх сурвалжийн мэдээллээр энэ удаад тус сангийн “Extended Credit Facitility” буюу урт хугацаат, өргөтгөсөн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тохирчээ. Монгол Улсад 3-4 жил хэрэгжүүлэх тус хөтөлбөрийн хүрээнд нийт 450 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох төлөвтэй байна.

Ийнхүү Монгол Улс, ОУВС хөгжлийн хөтөлбөрийн үндсэн нөхцөлүүдээ тохирсон. Одоо энэ хүсэлтээ валютын сангийн удирдах зөвлөлд албан ёсоор хүргүүлнэ. Зөвлөл нэг сарын дотор эцэслэн шийдвэрлэх журамтай аж. Засгийн газраас энэ талаар ойрын хугацаанд олон нийтэд албан ёсоор мэдээлнэ гэдгээ албаныхан мэдэгдлээ.

Дэлхийн 189 орныг эгнээндээ нэгтгэсэн ОУВС нь хөнгөлөлттэй зээлийн гурван хувилбарыг санал болгодог. Тодруулбал, “Extended Credit Facility” буюу урт хугацаат зээлийн хөтөлбөр, “Standby Credit Facility” буюу “Стэнд бай” хөтөлбөр, мөн “Rapid Credit Facility” шуурхай зээлийн хөтөлбөрийг гишүүн орнууддаа олгож ирсэн. Ялангуяа “Extended Credit Facility” нь төлбөрийн тэнцлийн сорилттой тулгарсан улсуудад зориулсан санхүүгийн тусламж аж. Энэ хөтөлбөр нь хугацааны хувьд “Стэнд бай”-аас урт. Монгол Улсын 2007-2008 онд хэрэгжүүлсэн “Стэнд бай” хөтөлбөр нь 12-24 сарыг хамардаг. Харин урт хугацаат зээлийн хөтөлбөр нь голлон 3-4 жил хэрэгждэг. Мөн үүнээс дээш буюу таван жилийн хугацаанд хэрэгжих боломжтой.

Тэр утгаар дунд болоод урт хугацаанд улс орны макро эдийн засгийг тогтворжуулахад чиглэдэг байна. Цаашлаад бага, дунд орлоготой орнуудын эдийн засгийг төрөлжүүлж, ядуурлыг бууруулан, итгэлийг нэмэгдүүлэхээр зорьдгийг Олон улсын валютын сангийн цахим хуудсанд дурджээ. Тэрчлэн өрийн дарамт, төлбөрийн тэнцлийн хямралд орсон орнуудын төлөөгүй өр, зээлийг харгалзан санхүүжилт олгодог байна.

Тиймээс энэ төрлийн хөтөлбөрийг төлбөрийн тэнцлийн хямралд өртсөн орнууд хэрэгжүүлдэг. Тухайлбал, өнгөрсөн сард Африкийн Того улс “Extended Credit Facility”-ийг хэрэгжүүлж буйгаа зарласан юм. Уг хөтөлбөрийг тус улсад гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд нийт 238 сая ам.долларын санхүүжилт олгохоор болоод байгаа аж. Энэхүү санхүүжилт нь тус улсын макро эдийн засгийг тогтворжуулж, өрийн менежментийг сайжруулахад чиглэхийг тус улсын Засгийн газраас мэдээлэв.

» Монгол Улс, ОУВС хөгжлийн хөтөлбөрийн үндсэн нөхцөлүүдээ урьдчилан тохирсон.
» ОУВС-тай өргөтгөсөн зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр урьдчилан тохирчээ.
» ОУВС нийт 450 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох төлөвтэй байна.
» Монгол Улс, ОУВС хөгжлийн хөтөлбөрийн үндсэн нөхцөлүүдээ тохирсон.
» Дунд болоод урт хугацаанд улс орны макро эдийн засгийг тогтворжуулахад чиглэдэг байна.
Мөн Африк тивд орших Гана улс дээрх төрлийн хөтөлбөрт хамрагдаад байгаа. Тус улсад 2015 оны тавдугаар сараас уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж, эхний ээлжинд нэн даруй 114 сая ам.долларын санхүүжилт олгож байжээ. Улмаар нийт 918 сая ам.долларын санхүүжилт олгохоор тохирчээ. Энэ нь Ганын өрийн дарамтыг бууруулж, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэж байв. Ганын эдийн засаг хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр нэг жилийн дараа буюу өнгөрсөн оны эхний улиралд 4.9 хувиар өсчээ.

ОУВС-гаас гадна Монгол Улсын хөгжлийн түнш болох Япон улс, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкнаас санхүүжилт татах яриа үргэлжилж байгааг Засгийн газраас мэдээллээ.
САНАЛ БОЛГОХ