Ким Чен Уны эцэг нэгт ах бусдын гарт амиа алдлаа

Мэдээ

Даваа гарагт БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Чен Нам Малайз улсад бусдын гарт амиа алдсан талаар БНСУ-ын Засгийн газраас мэдээллээ. Куала Лумпурын нисэх онгоцны буудалд хэн нь тодорхойгүй хоёр эмэгтэй Ким Чен Намыг хордуулан амийг нь хөнөөсөн гэж "YTN" телевизээр мэдээлжээ. Түүнийг нисэх онгоцны буудлын эмнэлэгт хүргэх замд нас барсан талаар албаныхан мэдээлсэн байна. Ким Чен Нам Макао хүрэх нислэгээ хүлээж байхдаа ийнхүү амиа алдсан гэж Малайзын Цагдаагийн албанаас мэдэгдсэн юм. Улмаар Малайзын Путражая хотын эмнэлэгт Ким Чен Намын биед задлан шинжилгээ хийж байгаа талаар "Associated Press" агентлаг мэдээлжээ. Ким Чен Нам нь БНАСАУ-ын удирдагч асан Ким Чен Ирийн том хүү байсан төдийгүй олон жилийн турш гадаад улсад амьдарч байсан аж.

Ким Чен Нам БНАСАУ-ын одоогийн удирдагчид шүүмжлэлтэй ханддаг нэгэн байжээ. Тэрбээр Ким Чен Уныг залуу, туршлагагүй учир "Засгийн эрхэнд удаан тэсэж чадахгүй" гэж 2012 онд мэдэгдэж байсан юм. Үүнтэй холбоотойгоор түүний амиа алдсан хэргийн цаана БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун байж магадгүй гэж БНСУ-ын Үндэсний ассемблейн батлан хамгаалах хорооны хууль тогтоогч Ким Ён Ву мэдэгдсэн байна. Хэдий тийм боловч түүнд нотлох баримт байхгүй байгаа ажээ.




САНАЛ БОЛГОХ